Эрсдэлгүй хэрэглээ гэж байхгүй ч мэдээлэлгүй иргэд нэмж хохирох ёсгүй
.
Мэдээ, Нийтлэл
/
4 сарын өмнө

Гадаа хүйтэрч эхэллээ. Одоо сайн муу хэл ам дагуулаад байгаа сайжруулсан түлшинд үнэлгээ өгөх цаг ирэх нь...Өнгөрсөн жилүүдийн өдийд буюу 10 сарын дундуур хоолой гашуу оргиж, нүд аргасан, Баянхошуу, Чингэлтэйн ойр орчмын уулын толгодын орой нь үл харагдаж, хот сааралтсан утаандаа автаж эхэлсэн байсан цаг. Харин энэ жилийн энэ өдөр гашуу оргих утаагүй, уулсын орой нь дүнхийсэн хэвээр нүдэнд тусаж, хүмүүсийн ажилдаа яарсан ч сэтгэл тэнүүн алхах байдал цаанаа нэг бухимдал уцааргүй харагдаж байлаа. Утаагүй, угааргүй энэ өвлийг өнтэй давж гэмээнэ сайжруулсан түлш сайн хэлүүлж эхлэх нь лавтай бололтой. Аливаа шинэ бүхэн эрсдэл дагуулж, хэл ам дагуулж байдаг.

Сүүлийн өдрүүдэд “Сайжруулсан мөртөө сайжраагүй ч байж болох түлш”-ийг тойрсон асуудал олны анхаарлын төвд байна. Учир нь өнөөдрийг хүртэл Яаралтай тусламжийн газарт 67 дуудлага ирж, угаарын хийнд хордсоны улмаас 5 хүний амь эрсдэж, 36 хүн хордлогын байдалтай байгаа, цаашид хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал нэмэгдэхгүй гэхийн баталгаа алга. Дээрх хордлогын байдалтай гэх 36 хүний 28 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүд  ЭНЭШТ-д эмчлүүлж байгаа бол насанд хүрэгчид Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд эмчлүүлж байснаас зарим нэг өвчтөний бие нь сайжраад гэртээ хариад байна.

Өмнөх жилүүдийн дундажтай харьцуулахад бүтэн жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд угаарын хийнд хордсон, нас барсан гэх 170 гаруй дуудлага бүртгэгдэж байжээ. Гэтэл энэ жилийн хувьд гадаа хүйтэрч эхлээгүй байтал нийслэл хотын 3 дүүргээс 3 хоногийн хугацаанд угаарын хийнд хордсон гэх 70 гаруй хүн бүртгэгдэж, 5 хүний амь эрсдээд байгаа нь утаанаасаа илүүтэй айдас төрүүлээд байна.

Асуудлын гол нь түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглээд удаагүй байхад угаарт нь хордож хүний амь эрсдэн, олон хүн хордоод байгаа нь сайжруулсан түлш сайн биш, аюултай гэх болгоомжлол, айдсыг олон нийтэд төрүүлээд байгаа. Гэтэл сайжруулсан шахмал түлшийг лабораторийн шинжилгээнд хамруулахад хүний амь нас хохирох ямар ч хортой хий ялгаруулах боломжгүй, стандартын шаардлага хангасан гэсэн хариуг мэргэжлийн байгууллага өгөөд байгаа юм.

Хэргийн гол буруутныг олж шийтгэх бус харин сайжруулсан түлшний хэрэглээ цаашид хэрэгтэй эсвэл үгүй  болох талаар ярьсан мэргэжилтнүүдийн харьцуулалтыг хүргэж байна.

Сайжруулсан түлш стандартын шаардлага хангасан

Нүүрс өөрөө нүүрстөрөгч хэмээх шатаж дулаан ялгаруулдаг элементээс бүрддэг. Шатдаггүй хэсэг нь үнс болж үлдэнэ. Тавантолгойн нүүрс коксжих нүүрс учраас илүү илчлэгтэй харин үнс багатай. Харин Налайх болон Багануурын нүүрс хог хаягдал ихтэй, илчлэг багатай. Мөн Багануур, Шивээ овоогийн нүүрс түлшинд хэрэглэхэд чийг, утаа тортог ихтэй байдаг талаар  жил бүрийн өвөл түүхий нүүрс түлдэг хэрэглэгчид хэлдэг бас мэргэжилтнүүд энэ талаар ийм дүгнэлт гаргасан байдаг.

Сайжруулсан түлш Багануурын нүүрснээс 2,5 дахин илчлэгтэй, тоосонцрын хэмжээ нь 27 дахин бага, угаар нь 4 дахин бага гэсэн үзүүлэлтэй байна. Сайжруулсан түлш баяжуулсан бүтээгдэхүүн байх ёстой бөгөөд баяжуулах үйл явц нь үнс багатай хэсгийг ялган авч байгаа гэсэн үг ажээ. Коксжих нүүрс маш өндөр дулаан ялгаруулдаг тул энгийн зууханд түлэхэд зуухыг уян хатан болгох магадлалтай ч хортой бодис ялгаруулахгүй. Одоо хэрэглээнд гарч байгаа сайжруулсан түлш нь нүүрсний нунтгийг барьцалдуулан гаргаж байгаа тул хаягдал, тортог бага гарна. Коксжих нүүрсэнд нэмэлт барьцалдуулагч хийснээр удаан шатах тул хэрэглээний нүүрс худалдан авалт багасах сайн талтай.  Жишээ нь: нэг өрх жилд 5 тн түүхий нүүрс хэрэглэдэг байсан бол илч сайтай, удаан шатаж цогшдог сайжруулсан түлшийг хэрэглэсэнээр 50 хувийн хэмнэлт гаргаж, утаа тортог багатай амьдарна гэсэн үг юм.

Сайжруулсан шахмал түлшийг гадны улс орнууд ихээр хэрэглэж сурсан байдаг аж. Одоо манайхны шинээр хэрэглэж эхлээд байгаа шахмал түлшний найрлагад 95 хувь нүүрс, 2,5 хувь нь импортын барьцалдуулагч бодис, үлдсэн бага хувьд нь угаар дарах шохой агуулдаг болохыг мэргэжилтнүүд шинжилгээ судалгаагаар тогтоогоод хийж эхэлсэн байдаг. Сайжруулсан түлшний утаа, угаар нүдэнд харагддаггүй. Түлшинд шохой нэмэлтээр хийнэ гэдэг нь хүхэрлэг хийг дарахын тулд шахмал түлшний найрлагад оруулдаг юм байна. Сайжруулсан түлшний найрлагад ордог барьцалдуулагч 2,5 хувьтай байгаа нь бага үзүүлэлт гэнэ. Нүүрстэй хамт шатдаг органик барьцалдуулагч нөгөөх нь шатдаггүй гэж 2 төрлийн барьцалдуулагч байна. Одоо хэрэглээд байгаа сайжруулсан түлшний барьцалдуулагч нь крахмал бентонит бөгөөд шавар, шатдаггүй барьцалдуулагч  бөгөөд өөр зүйл холиогүй бол хүн хордох нөхцөл онолын хувьд байхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. Харин шавар барьцалдуулагчийн хэмжээг ихэсгэвэл илчлэг төдий чинээгээр буурна. Шахмал түлшнээс болсон гэж үзвэл шатааж үзээд утааг нь шинжлээд хүн хордох үгүйг мэдэж болох гэнэ.

Түүхий нүүрсний хор уршиг

Түүхий нүүрсийг их хэмжээгээр зуух, пийшинд хийж галладаг. Түүнээс дэгдэмхий бодис буюу утаа тортог маш ихээр зуух, пийшингийн амнаас шууд гадагшилдаг. Түүхий нүүрснээс ялгарах утаа, угаар шууд нүдэнд харагдаж, хоолойд гашуу оргиулж мэдэгддэг. Хүхэрлэг хий агаарт их тархвал өмхий үнэр үнэртэнэ. Багануурын нүүрс дэгдэмхий бодис ихтэй тул дутуу шатаад улмаар агаарт нүүрсний тортог ихээр тархаж байгаа нь агаарыг сааралтуулж өмхий үнэртэй болгодог. Олон жил утаа, өмхий үнэ дунд Улаанбаатарчууд бид амьдарсан.

Түлшиндээ бус түлэхдээ асуудал байна

Аливаа шинэ зүйл, бүтээгдэхүүн заавал сайн, муу талтай байдаг. Сайжруулсан түлшийг анх удаа хэрэглэж байгаа иргэд хэрэглээний заавар зөвлөгөө, мэдээллийг сайн аваагүй бас тухайн гэрт байрлах пийшин болон зуухны бүтэц хэмжээ ямар байгаагаас шалтгаалан хүмүүс буруу хэрэглэж байгаагаас угаарт хордож байгаа асуудал гарч байна гэж үзэж болохоор байна. Нэг удаагийн галлах хэмжээг ихдүүлсэнээс болж дутуу цогшиж үлдсэн нь угаартахад нөлөөлсөн байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Угаарын хий мод шатаах, тамхины утаанаас хүртэл үүсэх магадлалтай. Зууханд хүчилтөрөгч хангалтгүй байвал бүрэн шаталт явагдахгүй.

Тиймээс ч олон жил хүйтний улиралд их хэмжээгээр түүхий нүүрс түлсний улмаас утаа нь тогтож сааралтсан тэнгэрийн дор амьдарсан Улаанбаатарчууд утаа, тортогийн дунд  дахин удаан амьдрахыг хүсэхгүй нь лавтай.

Олон жилийн  улиг яриа, асуудал дагуулсан утааг арилгахаар шинэ шийдэл гаргахаар эхлүүлсэн ажлыг хэрэглэж хэвшүүлж байж эцсийн үр дүнг нь үзэх ёстой. Алдаатай оноотой ч сайжруулсан түлшийг хэрэглээний заавар зөвлөгөө, мэдээлэл зөвлөмжийн хамт хэрэглэгчдэд хүргэвэл гарах үр дагавар нь  эерэг болох талтай. Эцэст нь зөв хэрэглэж байж тухайн бүтээгдэхүүний сайн мууд үнэлгээ өгөх нь зүйн хэрэг мөн.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hashir negen
4 сарын өмнө
202.9.42.147
Huni ami nas hohirod bhad hebshuulj bj ur dung uzne geed bh yum ur dung hartal yu boloh ve ta taaj.medej bga yum uu