Түүхий нүүрс түлж байгаа иргэнийг 300 мянга, ААН-ийг 3 сая хүртэл төгрөгөөр торгоно
.
Мэдээ
/
4 сарын өмнө

Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн энэ өвлийг утаагүй өнтэй давахаар эрс шинэчлэлийг эхлүүлсэн жил. Сайн муугаар яригдаж, хэлцэгдэж байгаа “Сайжруулсан шахмал түлш”-ний үр дүнг үзэхээр хэн хүнгүй хичээж байгаа өдрүүд үргэлжилсээр...

Түүхий нүүрсийг хэдэн арван жил хэрэглээд утаа угаарын хор хөнөөл, гай гамшгийг нь бишгүй дээ нэг амсаж, жил бүрийн өвлийг хэрүүлтэй маргаантай, жагсаал цуглаантай өнгөрүүлж байсан он жилийг халахаар шинэчлэлийг эхлүүлсэн. Тийм ч болохоор эрсдэлтэй хэдий ч эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж, амьдралаа сайжруулах нь иргэдийн мэдлэг, ухамсар, оролцооноос хамааралтай болоод байгаа.

Сайжруулсан шахмал түлш нь хүний бие, амь насанд хор нөлөөгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ Сайжруулсан түлшийг хэрэглээндээ хэвшүүлж сурахын тулд Улаанбаатар хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон шийдвэрийг гарган хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Харин нийтийн төлөө, иргэдийн төлөө тогтоосон дүрэм журмыг зөрчиж түүхий нүүрс хот руу оруулахыг завдсан болон, түүхий нүүрсийг хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг билээ. Иймд өөрийн төлөө бас бусдын төлөө, амьдран суугаа нийслэлээ цэвэр агаартай байлгаж, эрүүл энх амьдрахыг хүсэж тэмүүлж байгаа хүн бүрийн оролцоо чухал учир түүхий нүүрс түлж байгаа айл өрх, үйл ажиллагаандаа түүхий нүүрс ашиглаад байгаа ААН-ийн талаарх мэдээллийг байнга авч байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн 

Нийслэлийн мэрэгжлийн хяналт болон хороодын иргэдээс зарим нэг айл өрхүүд түүхий нүүрс түлж хэрэглээд байгаа талаарх мэдээлэл гомдлыг өгч байна. Гэтэл гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээ хэрхэн зөв хэрэглэх тал дээр илүү анхаарч, утаагүй өвөлжихийг уриалж, заавар, зөвлөмжийг тараасаар байгаа билээ.

Сайжруулсан түлшний чанар стандартад Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын лаборатори, Хими технологийн хүрээлэнгийн лабортори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа зэрэг газрын лабораторуудад шинжилгээ судалгаа хийсэн байна. Харин дээрх байгууллагуудаас нэгдсэн хариу гарч сайжруулсан шахмал түлш нь хүний бие, амь насанд хор нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсныг танилцуулсан юм.

Сайжруулсан түлшний зөв хэрэглээний талаар зөвлөмж мэдээллийг айл өрхүүдэд тараах материалаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн үүрэн телефоны оператор компаниудаас иргэдэд мессэжээр хүргэж байгаа нь үр дүнгээ өгч байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.