Манай Толгойтын ах
Э.Алтантуяа
Нийтлэл
/
1 долоо хоногн өмнө

Манай Толгойтын ах... /хөрөг/

-НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга Цогтсайханы Төрхүү-

Заал дүүрэн үе үеийн төгсөгчид эгнэн жагссан байлаа. Тэрний өөдөөс би гялгар цагаан хуулга наасан хандивын хайрцаг тэвэрсэн байдалтай “олдов”. Юу болов оо, нөхөр яагаад энд зогсож байна? Яг тэндээс бүх зүйл  эхэлсэн. Би сургуулиа төгсөөд 15 жил болсон бол энэхүү тэмцээн явагдаад даруй 8  дахь жилийнхээ нүүрийг үзжээ. Алсаас дэмжиж 4 бүлгийн 2004 оны төгсөгчдөө уриалж суусан болохоос биечлэн ирж байгаагүй юм. Хүн гэгч их сонин амьтан л даа. Тусламж гуйх, хайр  халамж үгүйлэгдэх үедээ зорьж очдог зүрхний хэдэн газар, хэдэн хүн хэн бүхэнд байдаг. Ангийн охины хүүхдэд зориулж эмчилгээний төлбөр босгох  хандивын аян гэхлээр өнөөх очдоггүй сагсны тэмцээн дээрээ ирчихсэн зогсож байгаа юм. Төрсөн гэртээ ирсэн аятай сургууль дээрээ тарвалзан эрхэлсэн тэр нэгэн өдөр сургуулийн 50 жилийн ойд зориулж би ч гэсэн юм хийе, бүр заавал гэж бодох халуун сэтгэл оргилсон юм. Одоо сургуулийн ойн сэтгүүл цаасан дээр өнгөтөөр бууж бүх зүйл бэлэн болсон цаг дор тэрхүү хандивын аяны модераторыг хийж дүү нар бидэнд зааж зурж байсан энэ хүний тухай хөрөг бичиж суугаа нь зүүд мэт байна. Бүх зүйлийн тайлал энэхүү нийтлэлд бий.

Загас барих арга

-Найз нь Ус сувгийн удирдах газар дээр Төрхүү ахтай уулзах гэж байна гэж ангийн охин утас цохив. Эхний уулзалтан дээр ажилтай очиж амжаагүй би утсаар холбогдлоо. 9911 ... танихгүй дугаар авдаг юм байна.

-Та нар төлөвлөгөө юмаа гарга ах нь туслахад бэлэн байна гэж байна. Тэр өндөр албан тушаалтай НИТХ-ын төлөөлөгч хүнтэй биеэ барьсхийн ярьж төлөвлөгөөгөө танилцуулав.

-Төрхүү ахаа сагсны тэмцээн дээр хандивын хайрцаг аялуулвал болох уу?

-Тэг тэг хайрцгаа аваад хүрээд ир ОК ойлголоо дүүд дүүд ... Товлосон өдөр ангийнхаа охинтой хайрцгаа тэврээд сургуулийн хаалгаар орлоо. Төрхүү ахыг хаана байгааг жижүүрээс асуухад зааж өгөв. Заасан ангид яваад ортол “Өө сууж бай” гээд спорт хувцастай хоол идчихсэн эв энгийн дээрээ тавьчихсан харагдлаа. Зурагтаар гардаг ахын энэ дүр төрх бас содон тусах. Гэнэт нэг ах ирснээ “Май хуушуур ид” гээд бид хоёрт хуушуур бариулчихав. Өөр нэг нь ус өгч байна. Ид, уу л гээд байна. Яг замдаа манай төгсөлтийнхний ангиар ороход ус л байв. Бид нарын бэлтгэл ч гэж дээ, бие биедээ халамж хайр тавьж мэддэггүй ядаж тоглодоггүй юмаа гэхэд ширээг нь дүүргээд өгчихдөг байж гэж амаа барив. Хаалгаар хөлбөмбөгчдөд  хандив өгөх арга хэмжээн дээр тааралдаж байсан “Арвайн үндэс”-ийн экс захирал Оргил орж ирлээ. Олимпийн аварга Бадар-Ууган дэргэд нь явна. Төрхүү ахын найзууд юм байна. Тэр хоёр бас хуушуураар дайлуулж бид хамтдаа хооллов. “Нэрэлхэлгүй идээрэй, нэмээд идээрэй, зөндөө байгаа шүү”. Бас л сонсоход гоё үгс шүү.

-Чи өөрөө хайрцгаа бариад зогс. Ангиудаар аялуул, ОК? /Би бодохдоо хайрцгаа тавьчихаад гарна гэж ойлгосон?! /

-За ойлголоо ... Нээлтийн үеэр Төрхүү ах үг хэллээ, анхны хандивыг хийв. Сургуулийн захирал мөнгө хийв. За тэгээд хайрцаг бид хоёр өдөржин сургуулиар явсан байдаг юм. Үе үе модератор Төрхүү ахаас төөрнө. Замд таарсан аль ч төгсөлтийн хэнээс ч асуусан Төрхүү ахын хаана явааг ядах юмгүй хэлээд өгч байгаа юм. Сагсан бөмбөгийн тэмцээн бол бидний хар багын үнэхээр чухал үйл явдал. Тэр тэмцээнийг зохион байгуулж ирсэн хүн од байхгүй яах юм  бэ. Ингээд орой нь хайрцгаа задлахад 500 гаруй мянган төгрөг цуглажээ! Магнай хагартал баярлав. Хайрцгаа аваад  ирээрэй гэж хэлсэн найз нөхөд ч хэд хэд гарч ирэв. Хандивын аян үнэхээр эрчтэй явсан юм. Байсгээд Төрхүү ахтай утсаар ярина, Ус сувгийн удирдах газар руу орж үзлээ. Өрөөнд нь сууж байхад л нэг найз нь хандив өгчих жишээний. “Бүтнээ, мөнгө нь бүрдэнэ битгий санаа зов ОК?” Богино богино өгүүлбэрээр товч тодорхой ярьдаг, Толгойтынх гэхээр ямар ч ажилтай байсан хойш нь тавьж уулздаг сонин хүн санагдав.

Тэгж эхэлж, тэгж өрнөсөн хандивын аян зорилтот мөнгөө цуглуулж чадсан. Төрхүү ахын чиглүүлэлт, сэтгэлийн дэм нэг түүхийг санагдуулж байв. Нэг залуу бүх ажил нь бүтэлгүйтээд цэцэрлэгт сууж байтал нэг өвгөн ирээд том бизнесмэний нэр бүхий 100 мянган долларын чек өгсөн байдаг юм. Залуу тэр мундаг баян хүнтэй таарсандаа өөрийгөө жигтэйхэн азтайд тооцож нөгөө чекээ нандигнан хадгалж ажилласаар амжилтанд хүрч яг нэг жилийн дараа товлосон газраа иржээ. Гэтэл өнөөх өвгөн зүгээр л энгийн хүн байсан гэдэг. Хүн болгоны сэтгэлд мандсан нар байдаг. Тэр заримдаа үүлний цаагуур орно. Тэр үүлэн хөшгийг ярж өгөх өөр нэгэн байвал дэм дэмэндээ хоёул нар мандуулдаг. Төрхүү ах үнэхээр хүний сэтгэлийг хөдөлгөж хөглөж чаддаг хүн санагдсан. Ямар их урам авсан өдрүүд байсныг та нар төсөөлөх ч үгүй. Тэр зүгээр нэг загас “Май” гээд бариад өгчихөөгүй юм. Харин аргыг нь зааж өгсөн билээ. Хожим бодох нь ээ хандив гуйж байгаа хүн өөрөө хайрцаг тэврээд явах сэтгэлзүйн хувьд их дарамт байж. Тэрийг хүртэл бодож тооцоолсон гэхлээр бас л сүрхий юм. Аан тийм, тэр өглөө тэдний ангид идсэн хуушуур бид хоёрын бүтэн өдрийн хоол байсан байдын. Тэрнээс хойш аяга ус ч уух завгүй нэг мэдсэн орой болсон байлаа. Үүнийг ч бас тооцоолсон байж.

Өртэй хүн

42-р сургуулийн гаднах талбай ялаа халтирч унам сайхан үзэмжтэй  болж. Биднийг сурагч байхад тэр хавь чинь бас л эмзэг байлаа ш дээ. Юу яасан зүлэг ногоон талбай, боловсон сагсны  шийд. Шороон дээр манартал тоглоно, гар сайртана. Одооны хүүхдүүд жаргаж байдаг буян юмаа. Юу юунаас илүү бидний хамгийн цагаа өнгөрүүлэх дуртай байсан заал ямар сайхан болоо вэ? Сургууль дотроо 00-той байгаа нь ямар сайхан юм бэ? Яг л зүүд мөрөөдөл шиг юмаа энэ бүхэн. Энэ бүгдийн ард Төрхүү ах байв. Тэр бас л модератор хийж анги хамт олон 98 оны төгсөлтийнхнөө хошуучлан сургуульдаа чимхлүүр ажил их хийжээ. Би чинь сэтгүүлч болохоор уянгын халилтай ер нь л их ритмтэй ярьж байгаа юм. Төрхүү ахын мундагийг гайхаж цөхсөнөө нууж хаасан ч үгүй. Хариулт нь их энгийн. Энэ хүн өрөө л дарж байгаа юм гэнээ. “Сургуульдаа 10 жил сурахдаа шалыг нь бишгүй элээсэн байлгүй” гэж аяархан дуугарах. Төрхүү ахын зөвхөн сургуульд хийсэн зүйлсийг л би энд дурьдаж байгаа юм. Тойрогтоо тавьсан зам, тохижуулсан цэцэрлэг, бусад ажлыг нь бичвэл зай талбай хүрэлцэхгүй. Намайг хэтрүүлээгүй гэдгийг Толгойтынхон, дээр тэнгэр, доор газар гэрчилнэ.

“Хүн ер нь өсч төрсөн газар, өөрийнхөө гэрийг муухай байлгахыг хүсдэггүй” гэсэн ганц өгүүлбэрт энэ хүн сургуульдаа хийсэн бүхнээ, Толгойтод, тойрогтоо хийсэн бүх ажлаа багтаав. Тэгж их юм хийж бүтээдэг мөртлөө ганц сайхан ярилцлага өгчихөөч гэхлээр “Үгүй” гэж байгаа юм даа. Хараад байхад хандивын аянаар хэд хэд очиход ярилцлага өгөх битгий хэл хоол ч идэх завгүй байдаг юм билээ. “Дарга өнөөдөр цайндаа ч ороогүй. Одоо болтол хуралдаж байна” гэж жижүүр хэлэхэд цаг 18.00 болж байв. Тэр их завгүй ажлын хажуугаар сургуулиа гоё болгох гэсэн хүүхэд насны мөрөөдлөө биелүүлжээ. Тэр мөрөөдөл ганц Төрхүү ахынх биш бид бүгдийн мөрөөдөл. Харин гар бие оролцож сургуульдаа сайн сайхан зүйл хийж амжсан нь хэд билээ гэдэг асуудал яригдана. Үнэнээ л хэлье, би лав чадаагүй. Ингэхэд амжилттай хүмүүс мөрөөдлийнхөө араас тууштай явдаг юм болов уу, мөрөөдөлтэй байхаар амьдралын зам нь тэгш сайхан байдаг юм болов уу?

 

Гурван үеийн үнэн түүх

Та нарт нэг нууц хэлэх үү? Төрхүү ахын дүү манай ангийн хүүхэд. Ээж нь Нефть баазад ажилладаг, аав нь жолооч айл байсан юм. Эднийхэн гурван үеэрээ Толгойтын айл. Одоо ч ангийн охины аав ээж хуучиндаа амьдарч байгаа юм билээ. Бид уулзах үеэр бас мэдээлэл солилцоно оо. Дассан газар өссөн нутаг гэж сайхан зүйл. Төрхүү ах хожим унаган нутгаасаа НИТХ-д сонгогдсон нь ээж аав, эмээ өвөө нь хүнд хал балгүй гэм зэмгүй нэр сайтай явсны буян гэмээр. Хүний тарьсан үр 20 жилийн дараа боловсордог гэдэг. Тэр үрийг хураах мөчлөг үр хүүхдүүдэд бий. Өөр нэг сонин зүйл нь манай ангийн багш Б.Цэрэндулам Төрхүү ахын ангийн багш байсан юм билээ. Бас л эднийхэн чинь тухайн үедээ юм юмаараа тэргүүлдэг хөдөлгөөнтэй анги байв. Манай анги хамгийн сүүлийн Ё бүлэг мөртлөө шилдэг, сайн хүүхдүүд олонтой байв. Тэр үед бүх зүйл тогтвортой сайхан байжээ. Ахын ангийг төгсгөсөн багш дүүгийн ангийг дааж авах төгсгөх хүртэл, тэрний дараа ч гэсэн сургуульдаа багшилж л байдаг. Одоо бол тийм тогтвортой зүйл ховор юм шиг санагддаг. “Жолоочийн хүү дарга болж болдоггүй юм уу?” гэдэг ишлэл нэг үе хэвлэлд мэр сэр гарч байв. Төрхүү ахын хэлсэн өгүүлбэр. Бараг энэ нь түүний нэрийн хуудас, хэвлэлийнхний хувьд. МАН-ын залуу боловсон хүчин илт давуу ялах үед хааж боох асуудал гарсан юм шиг байгаа юм. Төрхүү ах тийм нээлттэй хүн биш боловч жинтэй дуугардаг хүн гэсэн ойлголтыг хэвлэлийнхэнд, намын журмын нөхдөдөө өгсөн. Түрүүлж ярьснаар, өрсөж доош нь хийснээр ухаантай мундаг харагдчихгүй. Энэ дэлхийн хүмүүсээс ухаантай цор ганц хүн нь биш бас сүүлчийнх нь ч биш гэдгээ ойлгочихвол хүнд бүх талаар амар юм шиг санагддаг. Ярих цаг хэзээд олдоно. Харин хийж бүтээх цаг хэр их олдох бол? Төрхүү ах тасралтгүй хийж бүтээж иржээ. Ярих зав харин хомс байсан бололтой.

 

Яагаад заавал Ус суваг гэж?

Таануус улс төрчидтэй зэрэгцээд манай Толгойтын Төрхүү ах зурагтаар олон давтамжтай гарах болсныг анзаарсан уу? Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэргэд Төрхүү ах зогсож байдаг юм, ихэвчлэн. Цэвэрлэх байгууламжийн дарга учраас тэр. Яруу алдарт МАН-ын ялалтын дараа Төрхүү ах энэ албан тушаалаар төрд “үнсүүлсэн”. Тэр залуу идэр насаа төрд зориулж 26 насандаа байгууллага удирдаж эхэлсэн МАН-ын шижигнэсэн залуусын нэг. Түүнийг ачаалал хэрхэн дааж ирснийг СХД-ийн газрын албыг удирдаж ажил үйлсээр нь нэг жилийн дотор манлайлуулснаас харж болно. Энэ зүгээр дурын ганц жишээ.

Бурхан минь, та нар тэр дээр үеийн Цэвэрлэх байгууламжийн үнэрийг мэдэх байх. Хувцсыг ямар ч гоё воконд угааж тавиад нэмэргүй дээ бараг. Бид бүгдээрээ тэр агаараар амьсгалж өссөн улс. Дээд ангийн эгч нар хотын төвийн хүүхдүүдтэй найзлаад хамтдаа гэрийнхээ тэр хавьд ирэхээр нөгөөдүүл нь “Юу үнэртээд байна аа” гэхээр хачин их ичдэг байсан гэдэг юм. Багахан хэтрүүлэгтэй ч байж мэдэх ч тухайн үед тэр үнэрнээс болж зарим “од” эгч нар найз хөвгүүнээсээ салж байсан гэвэл яах вэ? Нөгөөх нь дахиад ирэхгүй зугтаад байхгүй юу хэ хэ. Бас л эмзэг сэдэв. Төрхүү ах тулдаа зоригтойгоор тэр сэдэв, тэр үнэр рүү дайрч орлоо. АСЕМ-аар хэсэг үнэртэхгүй хот налайсан нь өндөр үнэтэй үнэр дарагчийн ач. Түр дарснаас бүрмөсөн дарах нь чухал. Төрхүү ах хот даяар ярианы сэдэв болон ажиллаж байгаа. Бас л эр зориг, хор нь гарсан хүний ухааныг харуулдаг. Аль муулуулахыг тэр гэхэв, ажил хийж байгаа хүн. Хожим ажил сайн болоход магтуулахад оройтохгүй. Цэвэрлэх байгууламжийг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрсэн Толгойтын хүү ажиллаж байгаа болохоор удахгүй энэ үнэр байхгүй болно гэдэгт би, бид үнэхээр итгэлтэй байна. Энэ бол Толгойтдоо, нийслэлдээ шинэ сайхан цэвэр агаар авчрахыг хүссэн Толгойтын хүүхдийн чин сэтгэл, яс маханд шингэсэн хайраар хийгдэж байгаа ажил.

Орлого

Бидний эргэн тойрныхон Төрхүү ахын байгаа газарт олноор ажиллаж байна. Манай ангийн хүүхэд хүртэл Ус сувагт ажилладаг. Толгойтынхон бүхэлдээ тэр газарт ажилладаг гэх “бор шувуу” нисдэг. Дуу цөөтэй ах энэ тал дээр нэг л өгүүлбэр хэлсэн байдаг юм байна лээ. “Би дахиад ч Толгойтынхныг ажилд авна!” Гүй нээрээ энэ тавхан үгэнд ямар их сэтгэл хөдөлж байна аа. Төрхүү ах Сонгинохайрхан дүүргийн орлогч дарга байхад ч Толгойтынхон дүүрэгтээ битүү ажиллаж байсан юмдаг. Гэр хорооллын амьдрал ... Ажилтай орлоготой байх ер нь чанга шүү. Аав ээж нь ажилтай орлоготой айлын хүүхдүүд үгүй ядаж л Эх үрсийн баяраар бэлэгтэй сууж байна. Үгүй ядаж л цалингаараа лизингээр унаа тэрэгтэй болчихно. Тогтмол цалин гэдэг их сайхан зүйл. Дагаад Толгойтын дэлгүүр хоршоод орлоготой хүмүүст үйлчлээд хөгжиж дэвшинэ, гоё гоё бараатай болно. Дагаад архидалт багасна. Айл өрх бүрийн гэр ороход гоё зурагттай, хөргөгч нь дүүрэн байх болно. Ямар зүгээр нэг хандивын мөнгөөр угжаад дараад хэвтчих гэж байгаа биш. Ажил хийснийх нь төлөө цалин өгч ажлын байраар хангаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллуудаар жишээд бодоход Толгойтынхон үнэхээр амны хишигтэй улс юм. Нэг удаа үнэгүй гурил  будаа, толгой цувдай тараахыг хэн ч хийнэ. Насан туршийн амьдралын баталгааг хангана гэдэг ямар чухал зүйл билээ. Толгойтынхныг ажилд авсаар байх Төрхүү ахын гаргасан тэр зам улам тэлээсэй. Жинлүүрийн нэг талд ийм халуун дулаан сэтгэл байна. Нөгөө талд хайр даах гэдэг ухагдахуун бий. Хүн зовлон даадаг мөртлөө жаргал даадаггүй. Жаргаж байхдаа жаргаж байна гэдгээ мэддэггүй. Амьдрал надад үнэхээр том боломж олгох үед би хамгийн түрүүн “Би энэ зүйлийг хүлээж авахад хэр сайн бэлтгэсэн билээ. Энэ их үүрэг хариуцлагыг дааж чадах болов уу” гэж бодсон байдаг юм. Хэрэв тэр үед бэлтгэл дутуу ч юм уу байх юм бол алтан сайхан боломж орхин одох болно. Ер нь амьдралынхаа турш гэрийн даалгавараа сайтар хийж байх хэрэгтэй. Боломж ирнэ ээ. Бэлэн

Бидний мэдэхгүй Төрхүү

Төрхүү тэгээд яг хэн бэ? 8В ангийн хүү Төрхүү наймдугаар ангидаа улаан шугаман дээр 99-т жагсаж байжээ. Техникийн их сургуульд 7000 хүүхэд өрсөлдөхөд 359-д, ХААИС-д 19-т жагссан байна. Төрхүү Ус сувгийн удирдах газрын 9 дэх дарга. Онц сурах гэж дүнгийн араас хөөцөлддөггүй ч хичээлийг хаанаас нь л бол хаанаас нь асуухад мэддэг шаггүй хүү байсан юм билээ. Багадаа үхэр саана, малаас гарах бүх цагаан идээг хийж сурсан байна. Гэр цэвэрлэх, ус авах, нүүрс зөөх бол мэдээжийн “алба”. Их сургуулиа төгсөөд Англид нэг жил суралцсан залуу Сүхбаатар дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчаар ажлын гараагаа эхэлж өдгөө төрд 16 дахь жилдээ зүтгэж байна.

Тэр 26 насандаа байгууллага удирдаж эхэлсэн.

Төрийн байгууллагат удирдах алба хаших гэдэг асар их  хариуцлага. Төрхүү ахын ажиллаж ирсэн он цаг, амжилтын түүх нэг гарын үсэг ч хойшлуулахыг боддоггүй  хариуцлагатай сэтгэлээс эхэлжээ. Энэ бодлоосоо болж ажил дээрээ таавчиг, шүдний сойзоо авч ирж тавьж бараг л амьдарчих шахдаг байсан он жилүүд түүнд бий. Шаардлагатай бол хононо. Өөр яриа байхгүй. Ер нь нэг ч удаа ажлын төлөө нойргүй хонож, тэрхүү ажилд зүрх сэтгэлээ өгч байгаагүй бол амжилтыг мөрөөдөөд ч хэрэггүй юм биш үү? Ажилтайгаа зүгээр л гэрлэ. Тэр таны хань нөхөр, хана туурга, дээвэр юм. Төрхүү ах энэ хэвээрээ тэнгэрээс буусангүй. Англид монгол мөнгөөр 200 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөтэй очсон хүү хэл мэдэхгүй сургуулиа олохгүй төөрч будилсаар гэр лүүгээ бүтэн сарын дараа холбоо барьж байж. Хүний нутагт яваа хүүгээ амихандаа их мөнгөтэй явуулсан гэж бодож суугаа ээж аавдаа тэр зовлон тоочоогүй нь бага наснаас суусан бэрхшээлтэй үзэлцдэг зан чанартай нь холбоотой гэмээр. Амьдрал ийм л байдаг. Уснаас нэг гаргаж шиднэ, нэг чанга нэг бол  зөөлөн авч шиднэ. Тэр дунд хүн хүнээрээ байх нь амжилтын үндэс. Төрхүү  ах үргэлж бусадтай хүнлэг харьцаж, эхэнд бусдын эрх ашгийг тавьж ирсэн нь түүний Толгойтод гэж зорьж хийсэн бүх ажлаас илхэн харагддаг. Найз, ах дүү хамаатан садандаа ч гар сунгахад хэцүү энэ цагт тэр Толгойтынхны хувьд борооноос хамгаалах шүхэр мэт яваа хүн. Шилэн хоргон дотор суугаа мэт улс төрчид, дарга нарын үг  яриа үйл хөдлөл бүхэн ил харагддаг болсон цаг. “Толгойт” гэж ганц л үг дуулбал аль болох зорьж ирсэн асуудлыг нь шийдвэрлэх гэж хичээх, амьдрал ахуйд нь жижигхэн ч гэсэн тус хүргэх нөхцөл бололцоог эрэлхийлэх сэтгэл Төрхүү ахаас харагддаг. Ямар тэглээ гээд хүнийг амаараа цатгаад гаргах биш. Сэтгэл цадтал тусалж  байгаа юм даа. Түүний талаар захаас аваад замаар нэг хүмүүс алхам тутамд ярьдаг. 42-р сургуулийн захирлаас өхсүүлээд багш ажилчид, ангийн хамт олон нь, ангийн багш Б.Цэрэндулам нь олон сайхан сэтгэгдэл дурсамжаа хуваалцсаны үндсэн дээр энэхүү хөргийг бичсэн юм.

 

Б.Ундрал


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.