П.Анхбаяр: Эрчүүд СЭТГЭЛЗҮЙН ХҮЧИРХИЙЛЭЛД өртсөний улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг
Г.Мягмарсүх
Редакцын зочин
/
1 долоо хоногн өмнө
Монгол эрчүүдийн нас богиносож байгаагын гол шалтгаан нь халдварт бус өвчнөөс үүдэлтэй байдаг аж. Түүнчлэн цагаа зөв бус өнгөрүүлэх, архидалт зэрэг нь гэр бүл салалтад нөлөөлдөг байна. хэдийгээр энгийн жижиг зүйл боловч олон сөрөг зүйл араасаа дагуулж буй уг асуудалд “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” анхаарлаа хандуулж шат дараатай ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Дээрх асуудал болон “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ны үйл ажиллагааны талаар тус холбооны гүйцэтгэх захирал П.Анхбаяртай ярилцлаа.

-Нийгмийн томоохон салбарын ачааг эрчүүд үүрч яваа. Гэвч нийт хүн амын 50 хүрэхгүй хувь шүү дээ. Эрчүүдийн эрх ашгийг хамгаалах, хөндөгдөж буй эрхийг сэргээх зорилгоор анх байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоны үйл ажиллагаа амжилттай сайн биз дээ?

-“Монголын эрэгтэйчүүдийн холбоо” анх 2003 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш 16 жил өнгөрсөн байна. Өнгөрөгч есдүгээр сард бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, 21 аймаг, 9 дүүрэгт салбар нэгжүүдээ байгууллаа. Ер нь эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага маш цөөхөн байдаг. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага байхгүй. Энэ жилээс бид эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр нэлээн ач холбогдол өгч ажиллаж байгаа. Ирэх жилээс бид уул уурхайн салбарт ажиллаж байгаа эрчүүдрүү хандсан үйл ажиллагаа түлхүү явуулахаар төлөвлөөд байна.

-Эрчүүдийн эрүүл мэнд бол үнэхээр чухал асуудал... Үүнд яаж анхаарах юм бэ? Ялангуяа уул уурхайн салбарт ажиллдаг эрчүүд хүнд байдаг тухай судалгаа бий?

-Ерөнхийдөө уул уурхайн салбарт эрчүүд 21 хоног ажиллаад долоо хоног амардаг. Амралтын хугацаандаа хийх зүйл байхгүй. Найз, нөхөдтэйгээ уулзана. Ингэхдээ архи ууж цагийг өнгөрүүлнэ. Ердөө 2-3 хоног гэр бүлдээ анхаарал тавьдаг. Үүнээс болж гэр бүл салалт сүүлийн хоёр жил ихэссэн.  Гэр бүл салалтаас болж архидалт нийгэмд хүчээ авч байгаа юм. Төв суурин газар амьдардаг эрчүүд стерээсээ тайлж чадахгүй байна. Түүнээс болж маш олон асуудал үүсдэг. Гэр бүл хүчирхийлэл, амь нас, эрүүл мэнд гээд олон зүйл байна. Нэг жишээ дурдахад, өнгөрсөн жил 400 гаруй хүн амиа хорлосон гэсэн судалгаа бий. Түүний 80 хувь нь эрчүүд байна. Ямар нэгэн байдлаар стресст өртөхөд очих газар байхгүй. Сэтгэлзүйч дээр эрчүүд очихгүй. Тийм дадал хэвшилд сураагүй. Ядаж л ажлын байран дээр нь сэтгэлзүйч байхад очдог болно.

Нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг аймшигт зүйл байна. Гэтэл үүнийг дандаа эрчүүд үйлддэг гэж ойлгодог.

-Нийгмийн стресс маш өндөр байна.  Гэр бүлийн хүчирхийллийг эрчүүд үйлдэж байна гэж нийгэм тэр чигтэй ойлгодог. Үнэндээ тийм биш. Гэр бүлийн сэтгэлзүйн хүчирхийлэлд эрчүүд нэвт орчихсон. Үүнийг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг. Учир нь “эхнэр бүгдийг мэддэг” гэдэг зүйлийг нийгмээрээ хүлээн зөвшөөрчихлөө. Эрчүүд сэтгэлзүйн хүчирхийлэлд өртсөний хариу урвал дээр архидалт, мансуурлыг бий болгож бие махбодын хүчирхийллийг үйлдэж байгаа юм. Хэрвээ сэтгэлзүйн хүчирхийлэл байхгүй бол бие махбодын хүчирхийлэл гэж байхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн шалтгааныг гаргаж ирэхгүй бол эрчүүд л хүчирхийлэл үйлдэж байна гэсэн ойлголтыг төрүүлдэг. Энэ нь буруу ойлголт юм.

-Манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насжилт 10 насны зөрүүтэй байдаг. Эрчүүд эрт нас бардаг гэж ойлгож болох нь. Гол шалтгаан нь юу байна вэ?

 -Жендерийн үндэсний хорооноос сүүлийн жилүүдэд явуулсан судалгааны үр дүнд ийм хариу гарсан болохыг тогтоосон байна.  Дэлхийн улс орнуудад эрэгтэй, эмэгтэй хоёр хүний насжилт дөрвөн жилийн зөрүүтэй байдаг. Гэтэл манай улсад бараг 10 жилийн зөрүүтэй байна. Эргэн тойрноо сайн ажиглаж харах юм бол 70 настай хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд  байдаг. Эрэгтэйчүүдийн насжилт маш хүнд түвшинд очсон учир нийтээрээ мэдэрч эхлээд байна. Гол шалтгаан нь стресс, өвчлөлтэй холбоотой. Энэ бол Эрчүүдэд анхаарал хандуулах цаг болсны дохио юм. Нэг үеэ бодвол байгууллагууд жендэрийн ажилтантай болсон. Гэхдээ жендэрийн ажилчид эмэгтэйчүүд, хүүхэд дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг. Эмэгтэйчүүд, хүүхдүүдээ хамгаалахын тулд эрэгтэйчүүдтэйгээ ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Дэлхийн эрчүүдийн өдрийг тохиолдуулан танай холбоо “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэр бүлд нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэг хэр үр дүнтэй болов?

-Хэлэлцүүлэг үр дүнтэй болсон. Тус хэлэлцүүлэгт бүх яам, дүүргүүдийн жендэр хариуцсан мэргэжилтнүүд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд оролцсон. Тухайн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгээд 20 гаруй саналыг ажил хэрэг болгохоор зорьж байна. Арванхоёрдугаар сард ажлаа төлөвлөөд он гараад хэлэлцүүлгээр орж ирсэн саналуудыг ажил хэрэг болгоно.

-Хэлэлцүүлэгт яригдсан гол саналууд юу байв?

-Гэр бүл салалт, хүчирхийлэл гээд нийгмээрээ ярьдаг асуудлуудаас гадна эрчүүдийн бэлгийн замын өвчлөл, эрэгтэйчүүдийн сэтгэлзүйч шинээр байгуулах гэх мэт шинэ содон зүйлүүдийг олон талаас нь ярилцсан. Хөдөө орон нутаг аймгуудад эрэгтэйчүүдийн түрүү булчирхай үзлэг оношилгоо хийх боломжийг хангах талаар хэлэлцсэн.  Мөн цэргийн ангиудад маш олон асуудал байна. Тодруулбал, хүүхдүүд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цэрэгт явдаг. Тэдэнд сэтгэлзүйн тэвчээр гэх зүйл суугаагүй байдаг.  Тиймээс ЕБС-д хөвгүүдийн зөвлөл гэж байгуулахаар болсон. Энэ нь мэдээж багш ажилчдын өөрсдийнх нь санаачилгаар бий болж байгаа зүйл. Бид зөвлөгөө бусад талаар дэмжиж ажиллаж байгаа. Түүнчлэн эрчүүдийн чиглэлээр лекц уншдаг хүмүүсийг бэлтгэх тал дээр санал нэгтгэсэн.  Гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүдийн чиглэлээр лекц уншдаг маш олон хүмүүс байна. Харин эрчүүдийн чиглэлээр лекц уншдаг мэргэшсэн хоёрхон л хүн байна. Ядаж л 10 гаруй хүн баймаар байна. Энэ нэлээн тулгамдсан асуудал юм. Энэ мэтчилэн ажил хэрэг олон санал байгаа.  

-Эрчүүдийн дунд ямар өвчлөл илүү давамгайлж байна?

- Бэлгийн замын өвчлөл маш их байна. Тэгэхдээ нас хүйс ерөөсөө хамаагүй.  Мөн элэгний вирус, ходоод зэрэг өвчин зонхилж байгаа. Эр хүн хээгүй төлөв даруу гэдэг зүйл одоо нийгэмд их буруу ойлголт болсон.  Хээгүй гэсэн нэрэн дор эмчийн үзлэг оношилгоонд ч ирж хамрагдахгүй байна. Ядаж жилд нэг удаа үзүүлэх хэрэгтэй байна.

-“Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-оос өмнө нь эрэгтэйчүүдийн өвчлөлийн талаар ярьж байгаагүй юм байна?  

-Тийм ээ. Өмнө нь манай холбоо гол төлөв цэргийн анги, хорих ангиудад  анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Одоо ч гэсэн тэр чиглэл рүү явж л байгаа. Тэнд эрчүүд нь давамгай байдаг учир тэр л дээ. Тэгэхдээ энэ нь нийт эрчүүдэд хүрэхгүй байгаа учир бид үйл ажиллагаагаа өргөтгөсөн гэж ойлгож болно. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.