З.Нарантуяа: Сонгуулийн хууль яаж ч батлагдсан ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТЫГ нэмэгдүүлэх ёстой
З.Батхуяг
Редакцын зочин
/
1 долоо хоногн өмнө

 

Сонгуулийн хуулийн ажлын хэсгээс ямар хувилбар дэвшүүлж байгаа талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяатай ярилцлаа.

-Энэ удаагийн парламентаар ҮХНӨ, Улсын төсөв зэрэг томоохон хуулиудыг баталлаа. Дараагийн нэг том хууль бол яах аргагүй Сонгуулийн тухай хууль. Ажлын хэсгийн гишүүд хуралдаж ямар шийдвэрт хүрэв дээ?

Монгол улс сонгуулийнхаа тогтолцоог хэзээ ч дахиж хөдөлгөлгүйгээр нэг мөр Үндсэн хуульдаа тусгачихсан бол дөрвөн жил болоод л энэ сэдвээр хэрэлддэг зүй тогтол уг нь арилах байсан. Гэвч олонхийн бүлэг эцсийн мөчид нүүрээ буруулж, өөрсдөө дахин сонгогдохын тулд Үндсэн хуулинд сонгуулийн тогтолцоог зааж чадсангүй. Жижиг, 76 хүн сонгогддог тогтолцоог халж, хольмог буюу намын жагсаалтаар ч бас сонгодог байх хувилбарыг харамсалтай нь дэмжээгүй. Ажлын хэсгийн хүрээнд яригдаж буй нэг хувилбар нь орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас тусад нь явуулахаар ярилцсан ч олонхийн бүлэг нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй гэх шалтгаанаар дахиж хуралдаагүй байна. Ерөнхийдөө шинэ, залуу гишүүд нь одоогийнхоо тогтолцоог дэмжиж байгаа учраас сонгуулийг хуулийг өөрчлөхийг дэмжихгүй байна. Жалга довны үзэл нь үндсэндээ улсын төсвийг ч үрэн таран хийж байгаа.

-Таны хувьд хольмог тогтолцоогоор явуулъя гэдэг санал дээр хатуу байр суурьтай байгаа. Хольмог тогтолцоогоор манай улс сонгууль явуулж байсан ч тохирохгүй нь гээд АН-ын засаг барьж байхад өөрчилсөн шүү дээ?

Хольмог тогтолцоогоор сонгууль явуулна гэсэн намынхаа байр суурийг хувь гишүүнхээ зүгээс дэмжиж байгаа. Ач холбогдол нь юу вэ гэхээр мажоритар хувилбараар сонгогдсон гишүүд тойрог хорооныхоо асуудлыг, пропорциналь тогтолцоогоор сонгогдсон нь улс эх орныхоо аж амьдралыг түлхүү ярьдаг, хардаг байх боломжтой. Улсын том эрх ашиг нь хоцорчихоод байгаа.  

-Жагсаалтаар орж ирсэн хүмүүсд дургүй байдаг шүү дээ?

Жагсаалтаар орж ирсэн хүмүүсийг намын даргын халаасны хүн, эсвэл мөнгөтэй хүн гэж үзээд дургүй байдаг. Энэ үнэн. Гэхдээ бидний ярьж байгаа холимог тогтолцоо бол нам бус, нэр дугуйлж, хүн сонгодог байх юм. Парламентын чанарыг сайжруулахаас гадна улстөрийн намуудыг илүү хариуцлагажуулсан ийм хувилбар юм.

-Эрх барьж байгаа нам мэдээж өөрт ашигтай аль нэг хувилбарыг баталж таарна. Харин зайлшгүй нэг анхаарах зүйл нь эмэгтэйчүүдийг квот. Та энэ заалтад хэрхэн анхаарч байгаа вэ?

Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуульд эмэгтэйчүүдийн квот 20 байгаа. Удахгүй өөрчлөгдөх хуульд ч бас энэ тоо хэвээр хадгалагдах байх. Дэлхий нийтээр улс орны хөгжил, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байна. Энэ парламентад хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон. Энэ ч утгаараа нийгмийн асуудлыг эмэгтэйчүүд илүү оновчтой хувилбараар олж хардаг. Эмэгтэйчүүд аливаа ажлыг дуустал хийдэг, эрх ашиг, эд хөрөнгийг хуйвалдаан булхайд оролцдоггүй. Нэг жишээ дурдахад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээлийн эргэн төлөлт өндөр хувьтай байдаг. Эмэгтэйчүүдэд ийм давуу тал байдаг учраас тэд илүү хүчирхэг, нухацтай, бүтээмжтэй, нийгмийг зөв зүйлд уриалж, үлгэрлэж чаддаг.

-2020 оны улсын төсөвт Завхан аймагт томоохон, ямар ямар бүтээн байгуулалтын зардал тусгагдав. Өнгөрч буй энэ жилд дэд бүтцийн хувьд нэлээд шинэчлэл хийгдлээ шүү дээ?

Зам харилцаа, дэд бүтэц, харилцаа, эрчим хүч зэрэг хөгжлөөрөө нэлээд хоцрогдсон аймаг. Сүүлийн хоёр жилд нэлээд бүтээн байгуулалтын ажил хийгдлээ. Олон жилийн өмнө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Төдийлөн үр дүнд хүрэхгүй байсан энэ хөтөлбөр манай аймагт үр дүнгээ өгч, Завхан аймгийн хувьд баруун бүсийн аймгуудтай хамтдаа хөгжиж байна. 2018, 2019, 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэлээд ажил хийгдсэн. Дулааны цахилгаан станцтай болгох, Улиастай хотыг нэгдсэн төлөвлөлттэй болгох, баруун бүсийн хэмжээнд Алдархаан суманд хөдөө аж ахуйн чиглэлийн 10 гаруй үйлдвэрийг барьж, бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих, Улаагчны Хар нуурыг хөгжүүлэх үндэсний парк байгуулах судалгаа, ТЭЗҮ- хийх гэсэн гурван том төслийг хэрэгжүүлж байна.

-Хоёр хөршөөс баримталж буй ХИЙН ХООЛОЙ-г Монголын нутгаар дамжуулах санал үндсэндээ ажил хэрэг болж байна. Баруун зургаан аймгийн 19 сумыг дамжин өнгөрөх энэ төслийг хэрэгжүүлэхэд баруун аймгийн гишүүд нэлээд анхаарч байгаагийн нэг нь та. Тэгэхээр эл төслөөс хүртэх ашиг нь бидний хувьд юу вэ?

ОХУ, БНХАУ хооронд баригдах хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудалд төрийн тэргүүнээс эхлээд бүгд нэг чигтэй ажилласны хүчинд энэ төслийг ОХУ-ын талаас дэмжихээ илэрхийлсэн. Энэ улсын дараагийн 20-50 жилийн хөгжил баруун зургаан аймгаас шууд хамааралтай болж байна. Дэлхийн хөгжилд бид бэлэн байх ёстой. Хийн хоолойг дамжуулах төслийн хүрээнд баригдах Орос, Хятадыг холбосон төмөр зам бол босоо тэнхлэгийн, гуравдугаар зэрэглэлийн зам. Ирэх дөрвөн жилд энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.