Амралт, бахархал дундуур болж өнгөрсөн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
З.Батхуяг
Нийтлэл
/
1 долоо хоногн өмнө

Өнгөрөгч долоо хоног Монголчуудын хувьд хамгийн бахархалтай, Засгийн эрх барьж байгаа намынханд хамгийн баяртай үйл явдлууд тохиосон, амралт нь ихэдсэн өдрүүд байлаа. Тухайлбал Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулж, Төрийн тамга дарах ёслол, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдөр тохиож улс даяар намрын адаг сарын 30 буюу битүүн, Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрүүдэд бүх нийтээр амарлаа. Улирч одсон долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

Нэг: Анхдугаар Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэв

95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ. Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монгол Улсын түүхэнд анх удаа тунхаглан зарласан байна.

Хоёр: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ЁСЧЛОВ

Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан билээ.  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон баталгаажуулав.

Гурав: ЧИНГИС ХААН одон гардуулав

XVII жарны Шарагчин гахай жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн нэгний шар луу хэмээх энэ өдөр, Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Их танхимд “Чингис хаан” одон гардуулах ёслол боллоо. Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” буюу “Хү” хамтлагт олгохоор болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргасныг цугласан зочид, төлөөлөгчдөд уншиж сонордуулав.

Дөрөв: УИХ-ын дарга Г.Занданшатар лекц уншив.

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан “Тусгаар тогтнол ба Үндсэн хууль” сэдэвт хүндэтгэлийн лекцийг Тусгаар тогтнолын ордонд уншлаа. Хүндэтгэлийн лекцэд төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, Зөвлөлдөх санал асуулгад оролцож байсан төлөөлөгчид, оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 800 гаруй хүн оролцов. УИХ-ын дарга Г.Занданшатар лекцийнхээ эхэнд ард иргэддээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зүйл, заалт бүрийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Тав: “Үндсэн хуулийн эхийг баригч - Б.Чимид”  эрдэм шинжилгээний хурал болов

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бирагийн Чимидийн мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд “Үндсэн хуулийн эхийг баригч - Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны Их танхимд болов. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Чимид” сан, МУИС, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутагт томилолтоор ажиллаж буй учир түүний илгээлтийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав уншиж танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат үг хэлж, Б.Чимид агсантай хамтран ажиллаж байсан үеийн дурсамжаасаа хуваалцав.

Зургаа: “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгохыг дэмжив

Одоогоос 30 жилийн өмнө Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон түүхэн өөрчлөлт шинэчлэлт байв.  Тиймээс ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Энэ үүднээс Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Долоо: “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ. Энэ дагуу Дайчин Вангийн хошууны туслах тайж, төрийн мэргэн түшээ асан Дандардоржийн үр удам, туульч Дандардоржийн Өлзий, Алтайн галд багтах дөрөв дэх үеийн удам дамжсан туульч Эрдэнэцогтийн Баатаржав, Урианхайн алдарт хөлгөн туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж нар Алтай, Хангайн магтаалыг өвөрмөц дэгийн дагуу шууд цэцлэлтээр, дараа нь “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайллаа.

Найм: “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас  санхүүжүүлэх юм. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд халуун усны болон ахуйн үйлчилгээний цэг, ажиллах хүчний тоо нэмэгдэнэ. Тухайлбал 2018 онд 9019 байсан халуун усны төв, ахуйн үйлчилгээний цэг, салбарын тоо 2024 он гэхэд 10 мянгад хүрэх юм байна. Энэ салбарт ажиллаж байгаа 22 мянган хүний тоо 2024 онд 32 мянга болж өсөх юм. Хөтөлбөрийн хүрээнд явуулын ахуйн үйлчилгээнд сум, дүүргийн иргэдийг хамруулж, энэ салбарын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Ёс: 800 хүүхэд ИРГЭНИЙ АНДГАЙ өргөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Иргэний андгай өргөх ёслол 17 дахь жилдээ Төрийн ордны Их танхимд болов. Монгол Улсын Ерөнхий сайд иргэний андгай өргөж, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй 800 гаруй залуус, сурагчдад хандан үг хэллээ. Монгол Улсын ИРГЭН хэмээн дуудуулж явах эрхэм дүү нартаа Монгол Улсын Ерөнхий  сайд, эгэл жирийн эцэг хүний хувьд захиж хэлэх зүйл байна. Энэ бол манай ард түмний эв нэгдэл юм. Анд найз нар, айл гэрийн, ард түмэн, улс үндэстний эв нэгдэл гэж бий. Иймд та бүхэн эв нэгдлийг нүдний цөцгий мэт эрхэмлэн хайрлаж хамгаалж явах нь Монгол Улсын Тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг ямагт санаж, эв нэгдлийг үргэлжид хангаж явахыг захья гэлээ.

Арав: Нэр бүхий 27 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртэв

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан нэр бүхий 27 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлгийг гардуулан баяр хүргэж,  сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.  Мөн эх орныхоо төлөө хүн бүр, ялангуяа ирээдүйг авч явах залуус хичээн зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөхийг уриаллаа. Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр  үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан, “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдэвт эссэ бичих гэсэн шалгуурыг 85-аас дээш хувиар хангасан байна. Суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын өргөмжлөл, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Энэ жил 87 суралцагч материалаа ирүүлснээс өндөр оноо авсан 27 оюутанд сургалтын төлбөр гардууллаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.