УЛСТӨРЧ.МН сайт 2019 оны онцлох шийдвэрээр: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ-г нэрлэж байна
З.Батхуяг
Нийтлэл
/
1 долоо хоногн өмнө

Улстөрч.мн сайтаас 2019 онд улс эх орны дотоод амьдралд болж өрнөсөн, нийгэмд өөрчлөлт авчрахуйц эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн оны онцлох үйл явдлаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төслийг нэрлэж байна.

Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар баталлаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 08 дугаар сарын 28, 29, 09 дүгээр сарын 04, 05, 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь тогтсон тул Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолыг баталсан.

Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн хүлээн авах нь зүйтэй гэж үзэж “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Ингэснээр Улсын Их Хурал төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, Гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацааг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолыг баталсан гээд энэ үндсэн дээр  Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг танилцуулаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталж өгөхийг гишүүдээс хүслээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан  болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат, Ардын Их Хурлын депутат асан Д.Ламжав нар оролцсон юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын томьёоллуудаар санал хураалгаж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтыг өгүүлбэр, цэг, таслал нэг бүрээр нь  уншиж сонсгов. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  бүхэлд нь батлах санал хураалтыг илээр гар өргөж явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэй дэмжиж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн батлагдлаа.

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэлэв

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ

хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо. Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүллээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш Улсын Их Хурал 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ. Улсын Их Хурлын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирсэн байна.

Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал нэг бүрийг нухацтай авч үзэж, хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж, баталж байгаа юм. Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажиллалаа гээд төсөл, санал ирүүлж, зөвшилцөн хэлэлцэж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад талархлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, ТӨР ЦЭГЦРЭХ ИХ ӨӨРЧЛӨЛТ-ийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө бид хичээн зүтгэсэн билээ. Тиймээс ӨӨРЧЛӨЛТ маань эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна.

Эх хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль эрх зүйн хувьсгалын эхлэл болох болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт орно. Эрх зүйн хувьсгалаар нийгэмд шударга ёс, төрд эмх цэгц, сахилга хариуцлага баттай ноёрхох суурийг тавих болно. Үр дүнд нь парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс ердийн хэм хэмжээ болон төлөвшсөн, хариуцлага сахилга бүх шатанд хэвшсэн, баялгийн өгөөж тэгш, шударга хүртээгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжилдөө зориулагдсан хөгжингүй улс орон болно гэдэгт эргэлзэхгүй байна гэдгийг онцолж байв.

Ёсчлон баталгаажуулж өгөхийг хүсэв

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна” гэсний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Их хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Төрийн тэргүүн танаа өргөн барьж, танилцуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд нэгдүгээрт, Үндсэн хуулийн 2000 оны 7 өөрчлөлтийн 6-г нь засаж сайжруулсан. Хоёрдугаарт, таны болон гишүүдийн саналаар байгалийн баялаг ард түмний мэдэлд байж үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх зарчим туссан” талаар танилцууллаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн уг эхийг нотолж, баталгаажуулах ажлыг ёслол төгөлдөр зохион байгуулж өгнө үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсэж УИХ-р баталсан төслийн эхийг өргөн барив.

Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ЁСЧЛОН БАТАЛГААЖУУЛЛАА

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн тамгыг залан ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Ёслол хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирснээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулах ёслол эхлэв.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эх дээр: “2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” хэмээн гарын үсгээ зурж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн тамга дарснаар нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгаллаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.