Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл
Э.Алтантуяа
УИХ
/
1 долоо хоногн өмнө

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ

11 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН

ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛИЙН

ТОВЬЁГ

 

Хэлэлцсэн асуудал

Хуудасны дугаар

  1.

Хуралдааны товч тэмдэглэл:

1-2

  2.

Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл:

 

 

1. “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2019.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

3-4

 

Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы

Төрийн байгуулалтын байнгын хорооны 11 дүгээр сарын 29-ний

 өдөр /Баасан гараг/-ийн хуралдааны товч тэмдэглэл

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, хуралдааныг даргалав.

 

Хуралдаанд ирвэл зохих 19 гишүүнээс 10 гишүүн ирж, 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаан 12 цаг 20 минутад Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхлэв.

 

Чөлөөтэй: С.Бямбацогт, Н.Амарзаяа, Ж.Мөнхбат, Б.Пүрэвдорж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Н.Энхболд, Д.Эрдэнэбат;

Эмнэлгийн чөлөөтэй: О.Содбилэг.

 

Нэг. “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2019.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн зөвлөх Б.Сүхбат оролцов.

 

Хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Бямбадулам, зөвлөх Ц.Болормаа, Б.Хатантуул нар байлцав.

 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух Улсын Их Хурлын гишүүн гараагүй болно.

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан үг хэлэв.

 

Д.Тогтохсүрэн: “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн горимын саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.

 

Зөвшөөрсөн:              7

Татгалзсан:                3

Бүгд:                           10

70.0 хувийн саналаар дэмжигдлээ.

 

Байнгын хорооноос гарах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.   

           

            Хуралдаан 06 минут үргэлжилж, 19 гишүүнээс 11 гишүүн ирж, 57.9 хувийн ирцтэйгээр 12 цаг 26 минутад өндөрлөв.

 

 

            Тэмдэглэлтэй танилцсан:

            ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН

            БАЙНГЫН ХОРООНЫ

ДАРГА                                                                                   С.БЯМБАЦОГТ

 

            Тэмдэглэл хөтөлсөн:

            ПРОТОКОЛЫН АЛБАНЫ            

            ШИНЖЭЭЧ                                                                          Ц.АЛТАН-ОД

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 

11 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН

ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ

ТЭМДЭГЛЭЛ

 

            Д.Тогтохсүрэн: Байнгын хорооны гишүүдийн өдрийн амгаланг айлтгая. Байнгын хорооны дарга хөдөө орон нутагт томилолттой яваа. Тэгээд намайг Байнгын хорооны хурал удирдаачээ гэсний дагуу хурал удирдаж байгаа юм.

 

            Байнгын хорооны ирц 52.6 хувьтай ирц бүрдсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Байнгын хорооны хуралдаан нээснийг мэдэгдье.

 

            Байнгын хороогоор хэлэлцэх асуудлаа танилцуулъя. Нэг асуудал хэлэлцэнэ. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2019 оны 11 сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн асуудал байна.

 

            Хэлэлцэх асуудалтай холбогдуулж өөр саналтай гишүүд байна уу? Алга байна. Хэлэлцэх асуудалдаа оръё. Ажлын хэсэг байгаа юм уу?

 

            Ажлын хэсэг. Б.Сүхбат Ардчилсан намын зөвлөлийн зөвлөх. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн зөвлөх Б.Сүхбат гэж хүн хүрэлцэн ирсэн байна.

 

            Тогтоолын төслийг Та бүхэнд тараасан байгаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулж асуулттай гишүүд байна уу? Ж.Батзандан гишүүнээр тасаллаа. Асуулт. Ж.Батзандан гишүүн.

 

            Ж.Батзандан: Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулж медаль гаргах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл орж ирж байна гэж би ойлгож байна. Медаль гэх үү, одон гэх үү. Энийг тодорхой болгож өгөөрэй. Нэр нь ямар нэртэй байх юм бэ гэж.

 

            ШИНЭ намын хувьд өнгөрсөн 30 жилийг Монголын ард түмэн коммунизмаас чөлөөт нийгэм рүү шилжсэн, ардчилсан тогтолцоо руу шилжсэн, зах зээлийн эдийн засаг руу шилжсэн шилжилтийн 30 жил байсан гэж дүгнэж бас өндрөөр үнэлж явдаг юм. Энэ 30 жилийн ойг тохиолдуулж Ардчилсан хувьсгалын медалийг гаргах нь зүйтэй гэдэг дэмжсэн байр суурьтай байгаа гэдгээ албан ёсоор илэрхийлье.

 

            1990 оны Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон Санжаасүрэнгийн Зориг гэх мэт амьд байгаа болон амь насаа алдсан түүхэн хүмүүсээ бас алдаршуулан мөнхжүүлэх нь зүйтэй гэдгийг бас хэлэхийг хүсэж байна. Ардчилал гэдэг бол өөрөө эрх чөлөөтэй. Хувь хүний эрх чөлөөтэй салшгүй холбоотой. Эрх чөлөөний төлөө тэмцсэн бүх хүмүүсээ нам харгалзахгүйгээр урамшуулан шагнах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Ардчилал гэдэг бол өөрөө шударга ёсон дээр суурилсан үзэл санаа учраас нийгмийн шударга ёсны төлөө тэмцсэн бүх хүмүүсийг нам харгалзахгүйгээр шагнаж урамшуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна.

 

            Ардчилал гэдэг бол нийгмийн эв нэгдэл дээр суурилдаг үзэл санаа учраас нийгмийн эв нэгдэл, хамтын ажиллагааны төлөө зүтгэж байсан, тэвчээр гаргаж байсан нийт Монголчуудыг шагнаж урамшуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

 

            Ардчиллын 30 жилийн ойг, энэ шагналыг нэг намын шагнал маягаар асуудалд хандаж болохгүй шүү. Ардчилалд оруулсан бүх намын гавьяаг, ардчилалд оруулсан бүх төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг урамшуулан шагнах нь зүйтэй гэдэг ийм байр суурьтай байгаа. Энэ дээр нам харгалзахгүйгээр хандаарай гэж би та бүхэнд уриалж байна. Бас дэмжиж байгаагаа илэрхийлье.

 

            Д.Тогтохсүрэн: Ж.Батзандан гишүүн үг хэллээ. Цаашдаа хэрэгжүүлэхдээ бас анхаараарай гэсэн ийм саналууд хэллээ гэж бодож байна. Асуулт, хариулт дууслаа. Зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байна уу? Яах вэ тэр нь дараа нь горимын санал гэж байгаа. Зарчмын зөрүүтэй санал алга байна. Зарчмын зөрүүтэй санал гараагүй.

 

            Тэгэхээр зарчмын зөрүүтэй санал байхгүй учраас дэгийн тухай хуулийн дагуу анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн ийм горимын саналыг гаргаж байгаа юм. Горимын саналыг дэмжье гэдгээр санал хураалт явуулъя.

 

            Санал хураалтад оролцсон гишүүдийн 70.0 хувь нь дэмжсэн байна. Горимын саналыг. Горимын санал дэмжигдлээ.

 

            Ингээд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулж дууслаа.

 

            Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат гишүүн танилцуулна.

 

            Хурал хэлэлцэх асуудал дууссан тул өнөөдрийн Байнгын хорооны хурлыг хаасныг мэдэгдье. Оролцсон гишүүддээ баярлалаа. 15.00 цагаас чуулганаар оруулах юм байна шүү.

 

 

Дууны бичлэгээс буулгасан:

            ПРОТОКОЛЫН АЛБАНЫ

            ШИНЖЭЭЧ                                                                          Ц.АЛТАН-ОД

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.