Улс орон, улс төрийн ноён нуруу Д.Тэрбишдагва
.
Нийтлэл, Ярилцлага
/
2 жилийн өмнө
Оршил

Шинэ зууны босгон дээр нэгэн идэрхэн эр бизнесийн салбараас монголын их улс төрд хөл тавьж, Хүнс Хөдөө Аж Ахуйн Дэд сайдаар ажиллаж эхэлсэн юм. Түүнийг өдгөөгийн МАХН-ын дарга Н.Энхбаяр их улс төрд хөтлөн орууллаа гэх мессэж ч дагалдаж л байдаг. Үнэн худлыг мэдэх юм алга. Ямартай ч 2012 оны сонгуулийн өмнөхөн МАН-аас нүүр буруулж, Н.Энхбаярын толгойлдог МАХН-ын нэр дээрээс сонгуульд өрсөлдөөд УИХ-д ороод ирсэн гэхээр бас чиг оргүй үг биш байж болох юм. Гэтэл 2016 оны сонгуулиар эргээд МАН-ын нэр дээрээс өрсөлдөөд ялалт байгуулчихсан. Үүгээрээ тэр хаанаас ч нэр дэвшсэн ялалт байгуулж чаддаг улстөрч гэдгээ харуулсан бөгөөд тэгтлээ Н.Энхбаярт наагаад байх шаардлаггүй мэт. Энэ бол өдгөөгийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бөгөөд улстөрд хөл тавьсан цагаас хойш ялагдал хүлээгээгүй яваа манай босоо улстөрчдийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэдэг.

Энэ хэрээр улс төрийн туршлага суусан нэгэн учраас түүний талаар элдэв сөрөг зүйл сонсогдох нь ”нүдний гэм” байдгийг бид юу юунаас мэдэж болно. Арга ч үгүй байх. Хилийн чанад номын дуу сонсч, идэр залуухандаа бизнесээ, амьдрал ахуйгаа босгож, төрийн алтан аргамж болсон Элчин сайдаар ажиллаж гээд түүний туулсан зам, бүтээсэн амьдрал нь чиг шулуун замаас хазайх зав өгөөгүй биз ээ. Улс төр сонирхогчоос эхлээд улс төрийн тулхтай нөхөд “Тэрбишдагва улс төрийн ноён нуруутай хүн, өнөөдрийн ороо бусгаа цагт түүн шиг хүн улс төрд ус агаар шиг хэрэгтэй байна” гэхийг олонтаа сонсож явжээ. Түүнд ноён нуруу байх учиртай. Яагаад гэхээр уул ус нь жигдэрсэн арын сайхан хангай, зочломтгой түмний өлгий Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт төрж, сурсан сургууль, амьдарсан улс орон, ажилласан нийгэм гээд олон тал нь түүнийг ийнхүү буурь суулгасан байж таарна. Ерөөсөө хүний зан авир, аливаад хандах хандлага, тэр ч бүү хэл хэлж ярьж байгаа үг ч өөрөө ус нутгийн онцлог, тус байгал эхийн араншинг агуулж байдагтай маргах хэрэггүй.  Мэдээжийн хэрэг, сурч боловсорсон байдал, ажилласан туршлага гээд олон зүйл нөлөөлөх байх. 

Эрдмийн их аянд дөрөөлсөн он жилүүд

Арын сайхан хангай нутгаар овоглож яваадаа бахархаж суух тэрбээр 1974 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1982 онд ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургуулийг “Хүнсний инженер-технологич” мэргэжлээр, мөнхүү арван жилийн хойно, 1992 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтийг “Менежментийн удирдлага”-ын мэргэжлээр тус тус төгссөн байна. Тэгэхээр түүний эрдмийн мөр хөөх цаг хугацааны арав гаруй жил нь Герман хэмээх дэлхийд тэргүүлэгч оронд өнгөрчээ. Дэлхийд бүхий л талаараа тэргүүлэгч орнуудын нэг Германд суралцаж ажилласан нь өнөөдөр түүнийг их улс төрд ч, амьдралд ч ноён нуруутай хэмээн хэлэхэд хүргэдэг биз ээ. 

Ажил амьдралд дөрөөлсөн он цагийн тэртээ рүү

Хилийн чанад сурч боловсорсон нөхөрт ажлын зах бараадах нь тийм ч хүнд зүйл биш байсан нь ойлгомжтой. Тиймдээ ч тухайн цагтаа буюу 1982 онд Монгол Улсын нэгэн томоохон бүтээн байгуулалт, нэртэй үйлдвэр “Улаанбаатар” мах консервын комбинатад “Цехийн мастер”-аар ажлын гараагаа эхлүүлсэн юм. Ийнхүү өндөр боловсрол бүхий залуу боловсон хүчнээ тухайн үеийн нам засгаас дэмжиж, 1983 онд тус комбинатад “Үйлдвэрийн технологич”, 1984 онд “Ерөнхий технологич”, 1986 оноос үйлдвэрийн даргын албыг хашсан гээд цаг тутамд тушаал дэвшин ажилласан юм. Харин 1988 онд нэгэн цагт эрдмийг нь өвөрлөн ирсэн Герман улсын “Чөлөөт Залуучуудын дээд сургууль”-д Орчуулагч багшаар, 1992 оноос тус улсын Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 1994 оноос “ТБД Андууд” ХХК-ий ерөнхий захирлаар ажиллан бизнесийн салбарт хөл тавьсан нэгэн. Дэлхийд тэргүүлэгч орны сургуульд багшилж, тус орны нэгэн хотын захиргаанд ахлах мэргэжилтнээр ажиллана гэдэг хэр баргийн аавын хүүгийн мөрөөдөх ч зүйл биш байлгүй. Энэ л баргийн хүний ажиллаж амьдраад байхааргүй замыг ажиралгүй туулсан нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт авчирсан нь дамжиггүй. 

Их улс төрд хөл тавьсан шинэ зуун

Социалист нийгмийн үеэс ажлын гараагаа хариуцлагтай албаар эхлүүлж, алхам тутамдаа тушаал дэвшин ажиллаж байсан залуу бусдын жишгийг даган, зах зээлийн нийгэмд хөл тавих үеэр бизнес эрхэлж эхэлсэн түүх нь өнөөгийн “ТБД Андууд”. Ороо бусгаа энэ л цагийн урсгалд нэгдэн “ТБД Андууд” компанийг үүсгэн байгуулж амжилттай ажиллаж эхэлснийг өнөөдрийн байдлаас бид харж болно. Ямартай ч тэр ороо бусгаа цагийн шуурганд унасангүй. Үүгээр ч үл барам 2000 онд Хүнс, Хөдөө Аж Ахуйн Дэд сайдын албыг залгуулахаар их улс төрд хөл тавьж байсан учиртай. Арга ч үгүй түүний эзэмшсэн унаган мэргэжил нь “Хүнсний инженер-технологич”, “Менежментийн удирдлага”-аар тус тус суралцсан.

Харин ажилласан туршлага нь эх орондоо “Улаанбаатар” мах консервын комбинатын эгэл жирийн ажилтнаас даргын суудал хүртэл бүхий л шатанд, хилийн чанад их сургуульд багш, хотын захиргаанд Ахлах мэргэжилтэн, бизнесийн салбарт компанийн захирал гэхээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын дэд сайдын албыг хөнгөхөн залгуулчихаар харагдаж таарна. Өнөөдөр ажил хийж үзээгүй цагаан захтнууд сайдын суудалд морилж байгааг ч энд дуулгахад хадуурсан хэрэг болохгүй. Салбартаа олон шинэлэг бодлого нэвтрүүлж, оновчтой олон ажил хэрэгжүүлсэн залуухан Дэд сайд маань нэг л өдөр буюу 2002 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон одож байв. Түүнд туршлагаас гадна тус улсын түүх, онцлогоос эхлээд бүхий л зүйлийг мэдэх сайн тал байсан нь ийнхүү ахиад Герман улс руу явах, тэнд ажиллах шалтгаан болсон хэрэг. Тэрбээр Элчин сайдаар ажиллах хоёр жилийн хугацаанд Монгол Улс, Герман улс хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах тал дээр олон ажил хийснийг өдгөө олон хүн хуучлах. Тэр тусмаа хүнс, хөдөө аж ахуйн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс эхлээд дурдаад байвал олон зүйл бий.

Төр түшилцэхээр ирэв

Социалист нийгмийн үед хариуцлагтай алба залгуулж, ардчилсан нийгэмд төрийн өндөр дээд алба болон гадаад улсад Монгол Улсаа төлөөлсөн хүний хувиар түүнд их улс төрд хөл тавьж, төр түшилцэх хүсэл байсан нь ойлгомжтой. Тийм дээ ч 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүн болж, Хууль тогтоох хамгийн дээд байгууллагад ажиллахаар болж байсан түүхтэй. Ингэхдээ зүгээр ч нэг сул гишүүнээр аижлласангүй. Бидний ярьдгаар “Давхар дээл” өмсөж, 2004-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажилласан нэгэн. Арга ч үгүй энэ салбарыг түүнээс өөр нэвтэрхий мэдэх нэгэн УИХ-д байгаагүй л болов уу. Үүний дараагийн буюу  2008 оны ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдон ажилласан байна. Энэ бол түүнд ард түмний өгч буй өндөр итгэл юм. Түүнийг хоёр дахиа сонгогдон ажиллаж байх үед улс төрийн ороо бусгаа цаг ч давхацсан. Хоёр удаа мандатыг нь өвөртөлсөн МАХН нэрээ сольж, уугуул нэр МАН хэмээх нэрэн дор нэгдэв. Хуучин МАХН хэмээх нэрийг гудамжинд улс төр хийж байсан Н.Энхбаяр авч байв даа. Өдгөөгийн МАН-ын удирдлагуудын алдаатай, холыг хараагүй бодлого шийдвэр ард түмэнд бүү хэл хамтран зүтгэгч нартаа таалагдахаа болив. Тиймээс Ч.Улаан, Ц.Оюунбаатар гээд олон тулхтай улстөрчид МАХН-ын туган дор нэгдсэн. Үүний тэргүүн магнайд Д.Тэрбишдагва байж, 2012 оны ээлжит сонгуулиар намаа сольсон ч УИХ-ын гишүүн болов. Энэ бол хувь улстөрчид өгч байгаа ард түмний итгэл найдвар юм. Гэтэл түүний туган дор нь нэгдсэн МАХН Н.Алтанхуягийн Засгийн газарт хамтарч, улмаар Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажилласан. Энэ бол түүнд Монгол төрөөс өгч буй их итгэл гэдгийг энд дурдах хэрэгтэй. Түүнийг ийнхүү улс төрийн нүүдэл хийж байх үед МАН-ын даргаар Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн даргаар өдгөөгийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ажиллаж байв. Түүний улс төрийн нүүдэл хийх болсон шалтгаан нь МАН-ын дарга нарын явуулж байгаа бодлого шийдвэр таалагдаагүй, тэдэнд бодит үнэнийг хэлсэн нь ийнхүү хаалгыг нь хаан явахаас өөр арга байгаагүй гэдэг. “Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй” гэдэг л болсон хэрэг.  Ийнхүү улс төрийн тулхтай гишүүдийнхээ үгийг үл тоосон МАН 2012 оны ээлжит сонгуульд ялагдал хүлээсэн юм даг. Өнөөдөр ч улс төрийн ууган хүчин дотооддоо маргаантай байна. Тийм ч учраас Д.Тэрбишдагва М.Энхболд, У.Хүрэлсүх нарыг дундаа дайтаж байхад “Хүрэлсүх, Энхболд хоёрын аль алинтай нь уулзсан. Би аль нэгнийх нь фракц биш. УИХ-ын дарга 60 тэрбумтай холбоотой асуудлын талаар нийтийн сонсгол хийх гэж байхад Оюун-Эрдэнэ гишүүн манай өрөөнд орж ирсэн. 18 гишүүн болчихлоо. Та тулхтай хүн 19 дэх гишүүн болоод гарын үсэг зурчих гэсэн. Би тэрийг нь уншаад үзэхэд хортой зүйл байхгүй, 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь гаргах агуулгатай байсан болохоор нь гарын үсэг зурчихсан. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ЖДҮ-ийн асуудал яригдсан. Сайд дарга нар нь холбогдсон. Энэ үед би олон талаас нь харж 27 дахь гишүүн болж гарын үсэг зурсан. Би гарын үсэг зурахаасаа өмнө У.Хүрэлсүхтэй уулзаж “Та нар учир начираа олцгоо. Ол гэдэг нь хоорондоо тэврэлдээд муу муухайгаа ярилц гэсэн үг биш шүү” гэж хэлсэн. Хоёр гурван ч удаа энэ талаар уулзсан. УИХ-ын даргатай ч уулзсан” хэмээн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн юм.

Олон хуулийн овог нь болсон улстөрч

Хууль тогтоох хамгийн дээд байгууллагын танхимд ажиллахын нэг гол утга учир нь хууль санаачлах юм. Хууль санаачлахаасаа илүүтэй санаачилсан хуулиа олон ургальч бүхий парламентийн танхимд суугаа хэдэн зүгт харсан хэл амтай нөхдийн санаанд нийцэж батлуулна гэдэг амаргүй давааны нэг. Тэгэхээр юуны өмнө хувь гишүүний мэдлэг боловсрол, ажлын туршлага, улстөрд нөлөөлөх хандлага, зангараг гээд олон зүйлээс шалтгаалах зүйл бол энэ. Өнөөдөр УИХ-д дөрвөн жил ажиллачихаад ганц ч хуульгүй төгсгөл болж байгаа гишүүд алийг тэр гэхэв. Харин Д.Тэрбишдагвын хувьд парламентад, ерөөсөө улс төрд ямар зангарагтай улстөрч вэ гэдгээ харуулж олон хуулийн автор болсон хүний нэг.

Цөөн хэдээс нь дурдвал, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, Монгол мал” хөтөлбөр, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, Төмөр замын тээврийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах тухай хууль, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн /төрөлжсөн/ хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгж, байгууллагын гадаад хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хууль, Хүнсний тухай хууль /шинэчилсэн найруулга/, Монгол мал хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол, Бэлчээрийн тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, Стандарчлал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хууль гээд дурдаад байвал олон бий. Гэхдээ дээрх хуулийг санаачилсан, хамтран ажилласан бүгдийг дурдсан гэдгийг онцлох нь зүйн хэрэг.

 

Дэлхийн хэмжээний төслийг шалгах ажлын хэсгийг толгойлов

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг алдаатай алдаагүй, зөв буруу хэмээн сүүлийн арваад жил маргалдаад нэг талдаа гаргаж чадаагүй ч Оюутолгойн ажил явдгаараа явж байна. Дэлхийд тэргүүлэх энэ том төслийг алдаатай, Монгол Улсад ашиггүй болсон хэмээх популизм хийж их улс төрд хөл тавьсан цөөнгүй улстөрчид байгааг бид бүхэн мэднэ. Харин энэхүү гэрээг шалгаж, ард түмний болон бусад эргэлзээг тайлах, Монгол Улсад ашиггүй байгаа бол ашигтай болгох тал дээр Ажлын хэсэг байгуулсан. Харин энэ ажлын хэсгийг ахлуулах хүн тун чухал байсан гэдэг. Учир нь ихэнх гишүүд маань лоббид автсан, гадна дотно холбоо сүлбээ тогтоосон гээд асуудал олон байсныг нуух хэрэггүй. Тиймээс энэхүү ээдрээтэй асуудлыг шалгах ажлын хэсгийг улс төрд хамгийн ноён нуруутай, хамгийн шударга, асуудлыг олон талд шийдэж чадах нөхөр хэрэгтэй байсан гэдэг. Ингээд Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар Д.Тэрбишдагвыг томилсон нь түүний улс төрд дэх ноён нурууг бас нэг илтгэсэн хэрэг байв.  

Уг нь Ажлын хэсгийн урьд өмнө өөр хүн ахалж байсан ч асуудал дэндүү удааширалтай байж, ахлагч маань ч шахалтанд орж ажлаа өгсөн. Тиймээс дараагийн ахлагчийг томилсноор энэхүү гэрээг шалгах ажил боломжийн урагшилсан гэж үздэг. Тэрбээр энэ тухай мэдээлэл өгөхдөө "Ажлын хэсэг Оюутолгой компанийн санхүүгийн тайлан баримт, үйлдвэрийн нөхцөл байдалтай очиж танилцсан. Удахгүй Ажлын хэсгийн нэгтгэсэн дүгнэлтийг олон нийтэд танилцуулахад бэлэн болсон. Мөн шаардлагатай бүхий л материалыг авч шалгасан. Шалгалтын явцад татвар төлөлттэй холбоотой нэлээд зөрчил илэрсэн. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сард Монголын татварын албанаас Оюутолгойн 2013-2015 онд хийсэн аудитын шалгалтын дүнд 155 сая ам.долларын акт тавьсан билээ. Харин Оюутолгой компанийн хувьд татварын актыг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Харин УИХ-аас томилсон Ажлын хэсгийн шалгалтаар 155 сая байтугай түүнээс ч илүү татварын зөрчил илэрсэн" хэмээн бодит байдлыг илтгэсэн.

Уг нь Засгийн газрын төлөөллүүд хөрөнгө оруулагч талтай Оюутолгой компанид тавьсан 155 сая долларын татварын актыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцсан ч, шийдэлд хүрэлгүй салсан гэдэг. Хөрөнгө оруулагчдын зүгээс Татварын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандаж, зөвлөл ажлын 60 хоногт маргааныг шийдэх бөгөөд уг хугацаа дуусан байсныг асуудал болгон тавьснаар зарим зөрчлийг арилгаж чадсан билээ. Ийм л нэгэн бодьгал их улс төрд ухаан зааж сууна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.