Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав болон холбогдох албан тушаалтнууд орж ажиллажээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан төслийг хуульд нийцүүлэх, төслийн хэсэг, зүйл, заалтыг уялдуулах, ойлгомжтой томьёолох зэрэг саналыг хэлэлцэж дэмжсэн хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Я.Содбаатар нар асуулт асууж хариулт авсан бөгөөд Байнгны хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.