Говьсүмбэрийн иргэд Дундговьтой нэгдэж сонгуулийн НЭГ тойрог болгохыг ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
З.Батхуяг
Нийтлэл
/
2 жилийн өмнө

Нэр бүхий УИХ-ын гишүүд Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэн УИХ-ын  сонгуульд нэг тойрог болгох талаар идэвхтэй хөөцөлдөж байгаа талаар зарим хэвлэлүүд онцолж байна. Энэ мэдээг сонссон хоёр аймгийн иргэд дургүйцлээ илэрхийлж, Засаг даргадаа хандаад байгаа аж. Эл асуудлаар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээс тодрулуахад “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд тусдаа бие даасан аймгийг өөр аймагтай нэгтгэх боломжгүй. Нутгийн иргэд зөвшөөрөхгүй” гэсэн юм. Харин Говьсүмбэр аймгийг УИХ-д бие даасан тойрог болгох талаар 3 сумын иргэдээс санал асуулга явуулхад дэмжиж гарын үсэг зурсан байна. Энэ асуудлаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь “Манай аймаг бол бие даасан статустай, засаг захиргааны нэгжтэй, хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн суурь тогтсон аймаг. Өөрийн гэсэн төрийн түшээтэй болох ёстой. Одоо энд тэндхийн аймаг, орон нутагт нэгтгэхээ болих хэрэгтэй” гэдгийг онцолж, нутгийн иргэдийн саналыг Засаг даргын хувьд дэмжиж байгаа гэв.

Яагаад Говьсүмбэр аймгийг бие даасан тойрог болгох ёстой вэ...?

Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан. Монгол улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3.2.-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэж хуульчилсан. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу  Говьсүмбэр аймаг ч бусад аймгуудтай ижил нийгэм, эдийн засаг эрх зүйн статустай. Монгол улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бусад аймгууд нь сонгуулийн бие даасан нэг тойрог болж байгаа. Говь-Сүмбэр аймгийг өөр аль нэг засаг захиргааны нэгж буюу аймагтай нэгтгэж сонгуулийн тойрог бий болгох нь Говь-Сүмбэр аймгийн иргэд сонгогчдын эрх ашгийг хөндөх нөхцөл байдлыг үүсгэж байна.

Говьсүмбэр аймаг хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор болох хувьдаа улс орон нутгийн шинжтэй аливаа асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бие даан шийдвэрлэж ирсэн бөгөөд аймгийн иргэд сонгогчид орон нутгийн удирдлага буюу аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгуулийн хууль тогтоомжид заасны дагуу иргэдээсээ сонгодог. Харин УИХ-ын сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваариар өөр засаг захиргааны нэгж буюу аль нэг аймагтай нэгтгэсэн байдлаар сонгуулийн тойрог бүрдүүлж, УИХ-д төлөөллөө сонгож байна. Энэ нь нутгийн иргэдийн сонгох эрхийг зөрчиж байгаа асуудал юм.

Энэ нь тухайн УИХ-д сонгосон төлөөлөл нь Говь-Сүмбэр аймгийн иргэдийн эрх ашгийг төлөөлөхөөс гадна давхар аль нэг аймгийн иргэдийн эрх ашгийг төлөөлөх хоёрдмол агуулгыг бий болгож байна.  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.1.-т “Монгол Улсын Их Хурлын сонгууль нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төрийн эрх барих дээд байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлж байгаа үндсэн арга мөн” гэсэн заасан бөгөөд өөрсдийн төлөөлөл гэдэг агуулгаар нь авч үзвэл тэрхүү сонгосон төлөөлөл нь өөр засаг захиргааны нэгжийн иргэдийн төлөөллөөр давхар ажиллах нөхцөл байдлыг үүсгэж байна.

Говьсүмбэр аймгийг өөр аймагтай нэгтгэх шалтгааны цаана Д.Дамба-Очир нарын хувийн ашиг сонирхол нуугдаж байхыг ч үгүйсгэхгүй юм. Тус аймгийг Дундговь аймагтай нэгтгэх гээд байгаа шалтгаан нь эдийн засаг, тээвэр логистикийн гол сүлжээ бүхий энэ нутгийн суурийг бизнесийн ашиг орлого гэж хараад байгаа бололтой. Энэ нь үндсэндээ нутгийн иргэдийн эрх ашгийг зөрчиж, массыг хамарсан, юм хийсэн дүр үзүүлэхээр санаархах үзэгдэл бий болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.