Ч.Мөнхзул: Тосон нуурыг хамгаалж нөхөн сэргээхэд бүх талууд хувь нэмрээ оруулах ёстой
.
Ярилцлага
/
2 жилийн өмнө

Аварга тосон нуурыг түшиглэсэн амралт, сувиллын газруудын үйл ажиллагааг нэг жилийн хугацаатай тур зогсоох асуудал яригдаж байгаа билээ. Бид энэ асуудлаар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Ч.Мөнхзул, доктор Ш.Баранчулуун нартай ярилцлаа.

 

-Тосон нуурын орчимд үйл ажиллагаа явуулдаг амралт сувиллын газруудыг хаах асуудал яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Тосон нуурыг түшиглэн 244 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших гэрчилгээ авсан.

Жилдээ 25,000 гаруй амрагч, 7,000 орчим машин цугладаг тухай мэдээллийг орон нутгаас ирүүлсэн. Амралт, сувиллын үйл ажиллагаа улирлын чанартай.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны улмаас Тосон нуурын усан мандал эргээсээ доошилж, татарсан, лаг шавар ихтэй, усны шинж байдалд өөрчлөлт орж байна гэсэн орон нутгийн иргэдийн мэдээлэл, хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн А/298 дугаар тушаал гаргаж ажлын хэсэг томилсон.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Тосон нуурыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлыг зохион байгуулж, тайлагнах үүрэг бүхий ажлын хэсэг зургаадугаар сард орон нутагт ажилласан юм.

Ажлын хэсэг сумын ЗДТГ, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулан, нуурын эргэн тойронд тулгамдаж буй гол асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээг тодорхойлж, санал зөвлөмж гаргасан.

Мөн МХЕГ-аас есдүгээр сард Тосон нуур, Бүрд нуурын ус, эмчилгээний шаварт шинжилгээ хийж дүгнэлт гарган орон нутагт хүргүүлсэн байдаг. Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын нормтой харьцуулахад Тосон нуур, Бүрд нуурын ус зарим үзүүлэлтээр IV, V зэргийн буюу “бохирдолтой” ба “их бохирдолтой” байна гэж тодорхойлсон.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон бусад албаныхан Говьсүмбэр, Хэнтий.Төв аймагт энэ сарын 14-20-ны өдрүүдэд ажиллаж өвөлжилтийн байдалтай танилцах явцад Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын иргэд Тосон нуурын үйл ажиллагааг нэг жилийн хугацаатай зогсоох санал, хүсэлтийг тавьсан байдаг.

Эдгээр санал, зөвлөмж, шинжилгээний дүн, нутгийн иргэдийн хүсэлтийг үндэслэн Тосон нуурын ашиглалтыг нэг жилийн хугацаатай түр зогсоох нь зүйтэй гэж үзэж байгаа. Нөгөөтээгүүр бохирдолтой газар үйл ажиллагаа эрхлэх нь тухайн бизнесийн үйл ажиллагаа болоод хүн амын эрүүл мэндэд эрсдэлтэй. Тиймээс нутгийн иргэдийн саналыг дэмжиж байгаа.

-Ингэснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

-Тосон нуурыг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2020 оны Улсын төсөвт 200.0 сая төгрөгийг төсөвлөөд байна. Мөн Хэнтий аймгийн төсөвт Тосон нуурын усыг нөхөн сэргээх, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 20.0 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн.

Тосон нуурын орчимд бизнесийн ажиллагааг нэг жилийн хугацаатай түр зогсоосноор тодорхой хэмжээгээр бохирдлыг бууруулж, нуурын усыг тэтгэн, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Хамгийн гол нь Тосон нуурыг түшиглэсэн амралт, сувиллын газруудын бизнесийн үйл ажиллагааг цаашид найдвартай, тогтвортой эрхлэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Тосон нуурын амралт, сувиллын газруудын үйл ажиллагааг нэг жилийн хугацаатай түр зогсоох асуудлыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ИТХ шийдвэрлэнэ.

-Тосон нуурыг хамгаалах зорилгоор нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажлуудын талаар?

-Нэн тэргүүнд иргэд.ААН, байгууллага нуурын орчимд бидний өөрсдийн бий болгосон хог хаягдлыг цэвэрлэх аяныг өрнүүлж, идэвхтэй оролцох шаардлагатай гэж үзэж байна. Мөн газар эзэмшлийг цэгцлэх, газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн дахин төлөвлөлт хийх ёстой.

Ш.БАРАНЧУЛУУН: ИРГЭДИЙН БУРУУГААС БОЛЖ НУУРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЖ ЧАНАР БУУРЧ БАЙНА

-Тосон нуурын онцлог шинж нь юу вэ?

-Тосон нуурын онцлог нь эмчилгээний өндөр ач холбогдолтой. Нуурын шавар, усны найрлагад дөрвөн төрлийн цацраг идэвхт бодис агуулагддаг. Эдгээр нь арьсны гадарга дээрх элдэв төрлийн өвчин, яр шарх, харшлуудын, мөн зарим дотор эрхтний эмчилгээнд өргөн ашиглагддаг.

Сүүлийн жилүүдэд нуурын ашиглалт, хамгаалалтын асуудал эзэнгүйдсэний улмаас экологийн бохирдолд хүчтэй өртөж орших уу, эс орших уу гэдэг асуудалд тулчихсан байгаа.

-Тосон нуур бохирдох болсон шалтгаан нь юу вэ?

-Тосон нууранд очсон хүмүүс түүний урд орших ус нь ширгэчихсэн “Нэргүй тойром” нуурын хар шаврыг биедээ түрхэж ирээд, “Аварга тосон” нуурын усанд биеэ угаачихдаг. Гэтэл эдгээр нууруудын шавар нь хоёр өөр химийн найрлагатай учраас урвалд ороод бохирдлын нэг эх үүсвэр болж байна.

Нөгөөтээгүүр хүмүүс нуурын усан дотор янз бүрийн шампунаар биеэ, угаалгын нунтгаар хувцсаа угаадаг. Тэгэхээр химийн найрлагатай усанд химийн уусмалууд орохоор урвалд ороод тухайн нуурын эмчилгээний шинж чанар нь буурах хандлагатай болсон. Үүнээс улбаалаад нууранд байсан эмчилгээний ач холбогдолтой жижиг хорхойнуудын тоо цөөрөөд, эмчилгээний бус шинж чанартай цох хорхойны тоо эрс нэмэгдсэн.

Мөн Эрүүл ахуй, ариун цэврийн Улсын төв лабораториос шинжилгээ хийсэн байгаа. Энэ хоёр шинжилгээний дүнгээс харахад, уг нуурын ус зарим үзүүлэлтээр нэн бохир гэсэн ангилалтай гарсан.

Эрүүл ахуй, ариун цэврийн Улсын төв лабораторийн шинжилгээгээр биологийн ихээхэн бохирдолд орсон учраас цаашид энэ хэвээрээ байвал өвчнийг анагаах бус, өвчин тараах эх үүсвэр болох хандлагатай байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нууранд ямар өвчтэй хүмүүс орж байгаа нь мэдэгддэггүй.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 16,17-ны өдрүүдэд Дэлгэрхаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан “Аварга тосон” нууранд эрдэм шинжилгээний томоохон хурал зохион байгуулж, 16 эрдэмтэн илтгэл тавьсан. Уг хурлаас “Аварга тосон” нуурыг хамгаалж, нөхөн сэргээх арга хэмжээг авахгүй бол хэдхэн жилийн дараа ширгэж байхгүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа.

-Таны үзэж буйгаар “Аварга тосон” нуурыг хамгаалах, нөхөн сэргээх шийдэл нь юу вэ?

– Дэлгэрхаан сумын Засаг даргын тамгын газраас “Аварга тосон” нуурыг нөхөн сэргээх, хамгаалах техникийн шийдэл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын захиалгыг өгсөн. Би энэ ажлыг гүйцэтгээд дуусаж байгаа.

Төслийнхөө эхний хувилбарыг санал авах зорилгоор холбогдох газрууд руу явуулсан.

“Аварга тосон” нуурыг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хийх ажлуудын түрүүнд зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, мөн нэн яаралтай судалгаа шинжилгээний нарийвчилсан ажлуудыг мэргэжилтнүүдээр ойрын хугацаанд хийлгэх, үүний үр дүнд бий болох мэдээлэл, мэдлэг дээр тулгуурлан нуурыг хамгаалах, нөхөн сэргээх бодлого, техникийн шийдлүүдийг илүү нарийвчлан гаргах бололцоотой болно.

Дараагаар нь тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулаад бодитой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Эхний ээлжинд нуурын хамгаалалт, ашиглалтын асуудлыг хариуцсан хуулийн этгээдийг бий болгох шаардлагатай.

Мөн орон нутгийн төр, захиргааны байгууллагууд эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргаж уг нуурын ашиглалт, хамгаалалтын бүсийг тогтоож өгөх хэрэгтэй байна. Ингэснээр тухайн бүсийг Орон нутгийн тусгай хамгаалалтад авчихвал, зарим үйл ажиллагаануудыг хязгаарлах, зөвшөөрөлтэй болгох гэхчлэн хууль, эрх зүйн нөхцөлүүд нь бүрдэнэ.

Юуны өмнө, “Аварга тосон” болон түүний хажууд байдаг Бүрд нуурууд гаднаас урсцын тэжээлгүй болчихсон учраас ойрхон урсаж буй Аваргын голоос ус татаж сэлбэх шаардлагатай. Ингэснээр усны хэмжээ нэмэгдэж, бохирдлын хэмжээ ч багасна.

Мөн Бүрд нуурыг малын усалгаанаас чөлөөлснөөр түүний ундарга малын хөлийн гишгэдлээр дагтарших явдлыг багасгаж, нуурын ус байгалийн усны эргэлтээрээ өөрөө цэвэрших боломжийг нь бий болгож өгмөөр байгаа юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.