Хувийн ААН, ТББ, бүх их дээд сургуулийн багш ажилчдын НДШ-ийг чөлөөлж 200 мянган төгрөг олгоно
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал, Үйл явдал
/
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ХНХ-ийн сайд С.Чинзориг нар мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг хамгаалах хуулийг гаргасан.  Энэ хуулиар Засгийн газар Нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сараар чөлөөлөх, орлого нь тасалдсан ААН-ийн ажилчдад гурван сарын хугацаанд сар 200 мянган төгрөг олгохоор болсон. Үйл ажиллагааны орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН, байгууллага НДШ-ийн чөлөөлөлтөд хамрагдана. 

Энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.  Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд  НДШ-ийн чөлөөлөх хөнгөлөлт дараах журмаар явагдана.

  1. Хууль батлагдахдаа ААН, байгууллага гэсэн үг хэллэгтэй батлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчит төрийн  оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагад НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна.

  2. Хөнгөлөлт чөлөөлөлтөд ТББ хамаарахаар журамлалаа.

  3. Өмчийн хэлбэр хамаарахгүйгээр бүх их дээд сургууль НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна.

  4. Дээр дурдсан гурван хэвшилд ажиллаж байгаа даатгуулагчид буюу ажилтнууд НДШ-ээс чөлөөлнө. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс буюу сайн дураараа шимтгэл төлж байгаа иргэд зургаан сарын хугацаатай НДШ-ээс чөлөөлнө.

  5. Ажилтны болон ажил олгогчийн НДШ-ийг чөлөөлөхдөө 2020 оны нэгдүгээр улирал буюу нэг, хоёр, гуравдугаар сард төлж байсан НДШ-ийн хэмжээнээс илүүгүй хэмжээгээр төрөөс НДШ-ийг чөлөөлөхөөр журамд орууллаа. Өөрөөр хэлбэл, эхний гурван сард авч байсан цалингийн дунджаар нь аравдугаар сарын 1 хүртэл НДШ-ийг төлснөөр тооцож, дэвтэрт нь бичилт хийнэ. Ажил олгогчийн нэг, хоёр, гуравдугаар сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлснөө ихгүй хэмжээгээр зургаан сарын хугацаанд НДШ-ийг төлснөөр тооцох арга хэмжээг авна.

  6. Хувиараа хөдөлмөр эрхэлж, сайн дураараа НДШ төлж байгаа иргэдийг татвараас чөлөөлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод буюу 420 мянган төгрөгөөс тооцож, зургаан сарын хугацаанд НДШ-ийг чөлөөлнө.

Харин Улсын онцгой комиссын болон орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50-аас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ААН-ийн ажилчнуудад дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1  хүртэл сар бүр 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг төрөөс олгохоор журамлалаа.

Дээрх хөнгөлөлт чөлөөлөлтөд ойролцоогоор 45 мянга ажил олгогч, 700 мянган даатгуулагч хамрагдахаар байна. Өнөөдрийн байдлаар 1.1 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байна” гэлээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.