УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Улсын ерөнхий прокурорт хандаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан 23 хэргийг хянах хүсэлт гаргасан
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг томилогдмогц 2019 оны дөрөвдүгээр сард авлига, албан тушаалын 23 хэргийг яаралтай шийдвэрлээч гэсэн албан бичиг хүргүүлсэн. Тэд өнөөдөр Улсын ерөнхий прокурортой уулзаж, хэрэг шийдвэрлэх ажлын явцын талаар мэдээлэл авсан байна. Энэ талаар гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Бид нэг жилийн өмнө Улсын ерөнхий прокурорт хандаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан 23 хэргийг хянах хүсэлт гаргасан. Прокурор дээрх хэргүүдийг хянаж үзээд, 40 хэрэг болгон задалж, дийлэнх хэрэг шүүхийн шатанд шилжжээ. Нэг хэрэг 5-6 хэрэг болж задарсан байна. Тавантолгойн бүлэг орд газраас 368 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан хэрэг хэрэг бүртгэлтийн шатанд шилжсэн байна. Өнгөрсөн хугацаанд улсад хохирол учруулсан хэргүүдээс 54 тэрбум төгрөг нөхөн төлөгдсөн гэх мэт нааштай үр дүн гарчээ.

МөнС.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр хуурамч нотлох баримт материал бүрдүүлж Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт ял тулгаж, эрүүдэн шүүх замаар гурван шатны шүүхээс ял оноосон. Хууль хяналтын байгууллага эрүүдэн шүүсэн гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тодорхой албан тушаалтан, тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч гэх мэт найман этгээдийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд шилжээд найман сар гацаж байгаа. Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүх замаар хилсээр хэлмэгдүүлсэн нөхдүүдэд ял оноох шүүх хурал Төв аймгийн шүүхэд тавдугаар сарын 20-нд болно.Шүүхийн шийдвэрийн талаар эсэргүүцэл бичихээр бэлдэж буй талаараа прокурор өнөөдөр мэдээллээ. 

Авлигатай тэмцэх газар өнөөдөр Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна. Б.Хурц иргэдийг дээрэмдсэн, заналхийлсан, айлган сүрдүүлсэн гэх хэргийн мөрөөр байцаалт явагдаж байна. Төрийн банкнаас 20 тэрбумыг авсан хүмүүс мөнгөө буцаан төлж, улсыг хохиролгүй болгосон гэсэн мэдээллийг Улсын ерөнхий прокурор өглөө гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.