Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие ахлан Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа болон Б.Саранчимэг гишүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаа.

Бидний 5 гишүүн одоогийн хуваарилалтын тогтолцоо бүхий тэтгэврийн системийг хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх агуулга бүхий Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийн онцлог зохицуулалтаас дурдвал одоо нийгмийн даатгалын шимтгэлээс тэтгэврийн даатгалын санд ногдох 17 хувийн шимтгэлийн 4 хувийг Хувийн тэтгэвэртээ зориулсан хуримтлалд шилжүүлэх эрхийг нээж өгч байгаа юм. Тус хуримтлалд хүү, өгөөж тооцогдож өсч байх юм. Дээрх хуримтлал нь зөвхөн тухайн иргэнд зориулсан байх бөгөөд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнээс хамааран урт хугацаанд өсөх юм. Энэхүү өөрчлөлтийг оруулснаар тэтгэвэрт гарах иргэн улсаас тэтгэвэр авахаас гадна хувийн тэтгэврийн хуримтлалаасаа давхар тэтгэвэр тогтоолгох буюу 2 эх үүсвэрээс орлоготой болох боломжийг бий болгож байна.

Мөн хуулийн төсөлд шаардлага нөхцөл үүссэн буюу нэг удаа орон байрны нөхцөлөө дээшлүүлэх эсхүл эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад бүрдүүлсэн хуримтлалаасаа тодорхой хувийг урьдчилж авах боломжтой байдлаар тусгалаа.

Хуримтлал нь тухайн иргэний өмч гэж тооцогдох бөгөөд нас барах эсхүл тэтгэврийн хуримтлалаа бүрэн ашиглаж амжаагүй байхдаа өнгөрсөн тохиолдолд нэр заасан иргэн болон үр хүүхдүүдэд нь өвлөгдөхөөр хуулийн төсөлд оруулж өглөө.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.