С.Чинзориг: Энэтхэг улсад номын хүрдэд шамдаж буй 219 хүүхдийг ЭХ ОРОНДОО авч ирнэ
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Энхрий хөөрхөн хүүхдүүд, эрхэм хүндэт эцэг эхчүүд, элэг нэгт монголчууд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 6-р сарын 1-ний мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудлаар хоёр чухал тогтоол гаргахаар боллоо.

Дэлхий нийт хамарсан ковид-19 цар тахлын үед эх орондоо амьдарч байгаа хүүхдийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг нэлээдгүй хийж байгаагийн зэрэгцээ хилийн гадна амьдарч буй хүүхдийг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эх орондоо авчрах хэрэгцээ шаардлага тулгамдаж буй юм.

Бид НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Энэтхэг дэх НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах талаар ярилцаж, Энэтхэгт суугаа Элчин сайдын яам, Гоман дацангийн төлөөлөгч болон хүүхдүүдийн ээжүүдээс нөхцөл байдлын талаар мэдээлэл авч байгаа. Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс 6 км зайтай орших Төвдийн тосгонд Ковид-19 вирусын 2 тохиолдол илэрсэн нь хүүхдүүд олноороо нэг дор байгаа нөхцөл байдлыг улам эрсдэлтэй болгож байгаа юм.

Тиймээс энэ удаагийн хуралдаанд Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээх, ирсний дараа тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулан оруулсан юм.

Засгийн газар тогтоолын төслийг дэмжиж хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ.

Брайбүн Гоман дацангийн хүүхдүүдийн 70-аад хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд юм.

Мөн энэ удаагийн хуралдаанаар нэг ээлжинд 500 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай Олон улсын хүүхдийн "Найрамдал-2" зусланг Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт байгуулахаар боллоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.