Хэнтийгээс сонгогдсон Баян-Өлгийн Засаг даргыг томилж болохгүй гэсэн үү
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Өчигдөр нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалтай холбогдуулж АН-ын бүлгийн дарга болон зарим гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Баян-Өлгий аймгаас сонгогдож гарч ирсэн УИХ-ын шинэхэн гишүүн Б.Бейсэн нэгэн ноцтой мэдээлэл хийлээ. Тэрээр “Хэнтийгээс сонгогдсон Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн засаг даргыг томилох нь буруу” гэж хэлэв. Түүний хэлсэн үгний цаана үндэстнээрээ ялгарах, тусгаарлах хандлага илт цухалцаж байна гэж ордныхон шивэр авир хийлдэх боллоо. Үеийн үед Ерөнхий сайд аймаг, нийслэлийн засаг дарга нарыг батламжилж ирсэн. Ардчилал гарахаас өмнө бол шууд томилдог байлаа. Гэлээ гээд казак түмний өв соёлыг үгүйсгэж, дарж ирсэн түүхгүй үгүй. Мань эр УИХ-ын гишүүнээр сонгогдсоноо ойлгохгүй явна! Хаана юу хийж яваагаа мэдэхгүй байна! Гэх мэт яриа ордны хонгилоор хадав.

УИХ-ын гишүүн хэдийгээр тодорхой тойргоос сонгогддог ч  нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллахаар тангараг өргөдөг. Түүнчлэн Монгол Улс нь холбооны бус нэгдмэл улсын хувьд засаг захиргаа нь нэгдмэл байж ирсэн. Гэтэл Баян-Өлгий аймаг ганцаараа үндэстний цөөнх учир засаг даргаа өөрсдөө сонгож томилж байх бололтой. Түүний ярианаас ийм л зүйл ойлгогдож байна.

Нэр бүхий зарим гишүүд засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиар аймаг, сумын ИТХ-д намын бүлэг байгуулахыг хязгаарлах, НИТХ-ын сонгууль гэж явуулахгүй харин дүүргийн ИТХ-аас НИТХ-ын тэргүүлэгчдийг шатлан сонгодог болох, төрийг төлөөлж буй гэдэг утгаар Ерөнхий сайд тухайн орон нутгийн засаг даргыг томилох зэрэг шинэчлэлийг хийхээр санал оруулж ирснийг Б.Бейсэн гишүүн огт дэмжихгүй байгаагаа илэрхийлэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.