Г.Ганболд: Өвөрхангай аймгийн эвдрэлтэй 60 км автозамыг ирэх онд засаж шинэчилнэ. Иргэдээсээ уучлал гуйя
З.Ханд
Ярилцлага
/
2 жилийн өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2025 он хүртэлх Монгол Улсын төрийн баримтлах Үндсэн чиглэл зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэж баталлаа. Бид чуулганы хуралдааны дундуур Өвөрхангай аймгаас сонгогдсон шинэхэн гишүүн, тус аймгийн Засаг дарга асан Г.Ганболдтой уулзаж ярилцлаа. Өвөрхангай аймагт тулгамдаж буй олон асуудал бий. Түүний нэг нь баруун аймгуудыг холбосон автозам юм. Булган аймгийн Рашаант сумаас Өвөрхангйа аймгийн Арвайхээр хот хүртэлх 100 гаруй км замын 60 км нь эвдэрч гэмтээд олон жил болж байгаа. Уг замыг хэрхэн засаж сайжруулах талаар ч ярилцаж амжлаа. 

-Улаанбаатараас Арвайхээр явах 550 км хатуу хучиллтай автозам бол баруун аймгуудыг холбосон босоо тэнхлэгийн ганц төв зам. Өвөрхангай аймгийн угтах  хаалганаас нааших 60 км зам эвдрээд олон жил болж байна. Энэ замын засварын ажлыг 2021 оны төсөвт суулгах ажил яригдаж байна. Энэ замыг засах ажлыг  аймгийн Засаг дарга байхдаа эхлүүлж болоогүй юм бэ?

-Энэ маш чухал асуулт. Нутгийн иргэд төдийгүй хөрш зэргэлдээх аймгууд, баруун аймгийн зорчигчид ч санал гомдол хэлдэг. Нэгдүгээрт энэ бол Өвөрхангай аймгийн зам биш. Өвөрхангай аймгаар дамжиж баруун чиглэлд явах улсын чанартай зам. Аймгийн жижигхэн төсвөөс энэ замын засварыг хийх боломжгүй. Уг замын эвдрэлтэй хэсгийг засах гэж олон жил хөөцөлдсөн. Манай  улсад байгаа автозамуудаас хамгийн олон жил ашигласан, хөгшин зам гэж хэлж болно. Бид нар олон жил хөөцөлдөж байж Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр барихаар болж байгаа. Өнгөрсөн жил УИХ-аар батлагдаад, өнгөрсөн 5-р сарын сүүлээр Засгийн газар тендер зарлаад, гуч, гучин километрээр нь хувааж авсан. Гэтэл харамсалтай нь АХБ-ы олон улсын төсөл болохоор ЗГ-аас шалгаруулсан төслийг дахин нягталж баталгаажуулдаг. Энэ замыг “Max Road”, “Анандын зам”, гэж хоёр компани барихаар шалгаруулаад АХБ-руу явсан. Гэтэл АХБ танай шалгаруулсан хоёр компанийг шаардлага хангахгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яам ярилцаад АХБ-ы шаардлагыг хүлээж аваад, ажлаа бодьё гээд Хятадын компанийг ажиллуулахаар болсон. Гэтэл нөгөө Хятад компани татгалзсан. Цаг орой болчихлоо, мөн ковидтой холбоотой инженер, техникийн ажилчид орох боломжгүй учираас татгалзлаа гэсэн хариу өгсөн. АХБ бол дэлхийн олон улсын Засгийн газраас санхүүждэг учраас гадны орнуудын нөлөөлөл асар их байна. Энд манай Зам тээврийн яамны хувьд хүчин мөхөстөж байна. Тэгэхээр дахиж тендер зарлагдана. Ахиж тендер зарлагдтал Зам тээврийн яамны сайдын багцаас тодорхой хэмжээний мөнгө гаргаж явахад хүндрэлтэй байгаа тав, зургаан километр замуудад засвар, суурийн боловсруулалт хийж, мөн өвлийн улиралд халтиргаа, гулгаанаас болж зам тээврийн осол, машин, техникийн эвдрэл гэмтэл гарахаас сэргийлж засваруудын ажлыг хийж энэ өвлийг өнгрөөнө. Сонгон шалгаруулалтаа дахин хийх ажил хүнд байна. Иргэдээсээ уучлалт гуйж байна. Ирэх жил энэ зам ашиглалтад орно гэдэгт итгэл төгс байна.

-2020 оны төсвийн тодотгол УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа нь хэр үр дүнтэй болж байна вэ. Мөн 2021-2025 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл батлагдлаа. Үүнээс Өвөрхангай аймагт хэрэгжүүлэх ямар ямар томоохон төсөл, хөтөлбөр тусгуулав?

-Төсвийн тодотгол бол яах аргагүй цар тахалтай холбоотой дэлхийн бүх улс оронд тулгарсан асуудал болсон. Манай улсын төсвийг бүрдүүлдэг гол нэрийн бүтээгдэхүүний экспорт буурсан учраас эндээс орж байгаа орлого эрс буурсан. МАН төсөвт тодотгол хийхдээ тэлсэн эдийн засгийг агшаах бодлого бариагүй. АН-ын зүгээс хөрөнгө оруулалтыг хумьж, алдагдлаа багасга гэсэн шаардлага тавьж байгаа. Хөрөнгө оруулалтыг хумивал асар олон томоохон аж ахуйн нэгжүүд, түүнийг дагасан асар олон ажлын байрнууд хумигдаж эхэлнэ. Үндсэндээ бол тендер нь зарлагдаж гэрээ хийгдээгүй цөөн хэдэн хөрөнгө оруулалтыг л танасан болохоос биш бусад хөрөнгө оруулалтыг танаагүй. Яагаад гэвэл ажил үргэлжлэх ёстой. Төсвийн алдагдлыг гадаадад бус дотооддоо Засгийн газрын бонд гаргах замаар нөхөх бодлоготой байгаа. Тооцоолж байсан уул уурхайн экспорт өдөрт 2 мянган машин гарна гэж байсан бол сүүлийн өдрүүдэд үүнийгээ давж байна. Тэгэхээр хүлээгдэж байгаа үр дүн энэ оны дотор гайгүй байх гэж бодож байна. Монгол улсын хувьд “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай” хуультай болсон. Үүний дагуу 2050 гээд урт хугацааны төлөвлөлттэй болсон. Өвөрхангайд хөгжлийн босоо тэнхлэгийн замын төсөл хэрэгжих гэж байгаа. Ингэснээр Монгол Улс дахь босоо тэнхлэгийн хоёр замтай болно. Өвөрхангай, Гашуунсухайтын хооронд тээвэр, ложистикийн томоохон коридор байгуулъя гэж байгаа. Хархориныг аялал жуулчлалын жишиг хот болгох, түүнийг дагасан нисэх онгоцны буудал гэдэг ч юм уу, сайжруулсан түлшний үйлдвэрийг барих, Арвайхээр хотын дулааны станц барих гэх мэтчилэн бүс нутгийн хэмжээнд чиглэсэн томоохон бичиг баримт тусгаж байгаа. Мөн Өвөрхангай аймгийн хувьд хөдөө аж ахуйг түшиглэсэн эдийн засагтай аймгийн хувьд хөдөө аж ахуй руу чиглэсэн, малын гаралтай түүхий эдийн үнэ өртөгийг нэмэгдүүлэх, махны экспортоо нэмэгдүүлэх, ХАА-н салбарыг эрсдэлийг бууруулахад гол бодлого чиглэсэн байгаа. Энэ чиглэлээр сонгогдсон гишүүд эрчимтэй ажиллаж байна.

- Таны хувьд анх удаа сонгогдсон гишүүн. Анхдугаар чуулган хэр үр дүнтэй байв. Төрийн бодлого боловсруулалт, хууль боловсруулах чиглэлд ороод ажиллах ямар байна. Яг одоо аймаг орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэж чадахаар байна уу?

-Энэ удаагийн анхдугаар бус чуулган бол Засгийн газар байгуулагдсанаас хойш жар хоногийн дотор ЗГ үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулах хуулийн дагуу болон Ковидтой холбоотой төсвийн тодотгол хийх асуудлыг голлон хэлэлцлээ. Үүний хүрээнд 2012 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль гээд олон үйл явдал байсан. Тэдгээр ажлын хэсэгт орж ажилласан. Тиймээс энэ удаагийн ээлжит бус чуулган бол богино хугацаанд УИХ-ын гишүүд асар их ач холбогдол өгч ажилласан. Дэгийн тухай хуулиар бол заавал 31-н кнопоор хууль батлагддаг болсон. Үүнтэй холбоотой гишүүдийн идэвх оролцоо, ирц өндөр байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой ажлуудаа амжилттай хэлэлцэж дууслаа гэж үзэж байна.

- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд” тодорхой өөрчлөлт орсон. Тэгэхээр үүн дээр Өвөрхангай аймгийн Хархорин хотын хувьд тодорхой өөрчлөлт гарж байна уу?

-Нэгжийн тухай хуулиар зохицуулагдах зүйл байхгүй. Үндсэн хуулиар зохицуулагдах асуудал. Хархорин хот, Арвайхээр хот орон нутгийн чанартай хот болох боломж Үндсэн хуулиар олгогдож байгаа. Нэгжийн тухай хууль намрын ээлжит чуулган руу шилжиж байна. Хамгийн гол зүйл бол аймаг орон нутаг, баг, сумын төвшинд  чиг үүргийн хуваарилалтыг тодорхой болгож өгөх юм. Чиг үүргийн хуваарилалт тодорхой болсон тохиолдолд төсвийн тухай хууль гэх мэт 200 гаруй хуулинд өөрчлөлт орно. Тиймээс маш нухацтай хандаж, чиг үүргийн давхардлыг арилгах, аль төсвийн ерөнхийлөн захирагч дээр тэр төсөв суух уу гэх мэтчилэн олон асуудал байгаа.

- Баярлалаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 сарын өмнө
162.158.90.105
Харваас хятад гаралтай хужаа хүн бна шүү дээ энэ ганболд гэгч , гаралы эь тодруулаач худлаа монгол овог авсан хужаагын хүүхэд бгаа даа