Ч.Ундрам: Монгол хүнийг хамгийн сайн бэлдэх хөтөлбөрийг Кембридж биш Монголчууд л боловсруулна
.
Ярилцлага
/
2 жилийн өмнө
УИХ-ын зарим гишүүд хатран Лоби бүлэг байгуулсан. Тэд ЕБС-ын арван хувийг Кембридж хөтөлбөртэй болгоно гэсэн санаачилга гаргасан. Үүн дээр хэрхэн, ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа.

- УИХ-ын зарим гишүүд ЕБС-д Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

- Миний хувьд багшийн ширээнээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл болон, ирэх дөрвөн жилд хийгдэх ажлын хөтөлбөрийг батлах ийм үйл явдал болж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд боловсролын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Ингэснээр хоёр ялгаатай байр суурь гарч ирж байна л даа. Энэ бол парламентийн мэтгэлцээний зарчмаар явагдаж байгаа гэж бодож байна. Миний хувьд бол боловсролын салбарт арав гаруй жил ажиллаж, оюутнууддаа хичээл зааж байсан хүний хувьд, мөн олон лаборатори сургуулийн багш найз, нөхөдтэй хамтарч ажилладаг хүний хувьд бид нар одоо үндэсний хөтөлбөрөө шинэчилж, сайжруулах зарчмаар боловсролын реформ хийх ёстой гэсэн байр суурьтай байна.  Яагаад энэ байр суурин дээр байна гэхээр ирэх жил анхны ЕБС байгуулагдсаны 100 жилийн ой тохиох гэж байна. Өнөөдрийг хүртэл 100 жил бид нар гадаадын хөтөлбөрөөр суралцаж ирсээн. Иймээс дандаа боловсролын хувьд аль нэг улсын хараат байх юм уу. Ер нь боловсролын салбар гэдэг бол аливаа улс үндэстэн хойч үеээ ямар байх ёстой вэ гэдгийг бэлдэж байдаг салбар. Гэтэл бид ямар хүн бэлдэх гээд байгаа юм. Түүх соёлоо мэддэг, эх хэлээ мэддэг Монгол хүн бэлдэх гээд байгаа юм уу, эсвэл гадны дууриамал соёлд ууссан ийм хүн бэлдэх гээд байгаа юмуу гэдэг эмзэг салбар байдаг. Өнгөрсөн зуун жил бид гадны нөлөөтэй гадны боловсролоор явлаа. Өнөөдрөөс эхэлж бид үндэсний хөтөлбөрөөр явах цаг болсон. Мөн энэ гадаадын кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлээд гурван лаборатори сургууль байгуулаад арван жил болж байна. Гэтэл гурван сургууль маань өнөөдөр байрны асуудалтай, кембриджийн хөтөлбөрөө 100 хувь хангаагүй, дээр нь нэмээд зардал өндөртэй байна. Гурван сургуулиа бид арван жилийн хугацаанд авч явж чадаагүй байж яаж нийт ерөнхий боловсролын сургуулийнхаа 10 хувьд хүргэх юм бэ. Үүнд шаардлагатай санхүүгийн нөөц, хүний нөөц бэлэн биш байна. Тэгэхээр ЕБС-ийн арван хувийг кембриджийн хөтөлбөртэй болгохын тулд үлдсэн 90 хувьд байгаа ЕБС-ийн нөөц бололцоог ийшээгээ шавхан гэсэн үг. Тэгэхээр нөгөө 90 хувьд байгаа сургуулиуд элгээрээ хэвтэнэ. Бид нар тойргоороо явж ажиллахдаа сумдын сургуулиар ордог л доо. Тэгэхэд тэнд өнөөдөр хичээл эхлэх гэсэн сандал, ширээ байхгүй байна гэсэн асуудлаас эхлээд олон асуудал байна. Сандал ширээнийхээ асуудлыг шийдэж чадаагүй байж яаж бид нар кембридж рүү орох юм бэ. Уг нь би өчигдөр “Ikon.mn” сайтад өгсөн ярилцлагандаа “Лоби” бүлэг байгуулна гэж хэлсэн. Гэтэл энэ хэд маань түрүүлээд лоби бүлэг байгуулчихлаа. Тиймээс эсрэг байр суурьтай байгаа гишүүдээ эрүүл мэтгэлцэхийг урьж байна.

- Таны хувьд энэ байр сууриа боловсролын яаманд илэрхийлсэн үү?

- Миний хувьд боловсролын байнгын хороон дээр энэ байр сууриа илэрхийлсэн. Мөн байнгын хороогоор дамжуулж БСШУЯ-ны удирдлагуудтай уулзалт хийж ирэх дөрвөн жилийн үйл ажиллагаатай нь танилцсан байгаа. Өнөөдөр үйл ажиллагааны засгийн газрын төлөвлөгөөн дээр маань Монгол хэл, түүх соёлоо мэддэг үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж тусгагдсан.

- Эсрэг бүлэгийнхэн тань Кембриджийн хөтөлбөр дээр тулгуурласан үндэсний хөтөлбөр хэрэгжүүлье хэмээн яриад байна. Үүн дээр тайлбар хэлбэл?

- Үгүй байхгүй юу. Бид нар гадны хөтөлбөрийг судалж үзсэн. Сайн авах, гээх юмнууд бий. Гэхдээ бид нар Монгол хүнийг бэлдэх гэж байгаа юм уу. Монгол хүнийг хамгийн сайн бэлдэх хөтөлбөрийг Монголчууд л боловсруулна. Тэрнээс кембриджийнхэн юм уу аль нэг өндөр хөгжилтэй орон бид нарын хэрэгцээ, сонирхол, давуу болон сул талыг мэдэхгүй юм чинь хөтөлбөр боловсруулж чадахгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.