М.Тулгат: Иргэдийнхээ өвдөлтийг хүртэл мэдэрдэг тийм сэтгэлтэй төлөөлөгч байхыг хичээсэн
З.Батхуяг
Ярилцлага
/
2 жилийн өмнө

НИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга М.Тулгаттай ярилцлаа.

Та өөрийгөө товч танилцуулаач... М.Тулгат гэж яг ямар хүн бэ?

Би Баянзүрх дүүрэгт, микроны райхнд төрж өссөн. 33-р сургууль, нэгдүгээр сургуулиудыг төгсөөд дараа нь Япон улсад эдийн засгийн чиглэлээр баклавр, магистраа хамгаалсан. Тэндээ мэдээлэл харилцаа, холбооны компанид санхүүчээр ажиллаж байгаад 2010 онд эх орондоо ирсэн. “Хишиг Арвин Индустриал” компанийн дэд захиралаар ажиллаж байна. 2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн дэмжлэг авч НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. Манай аавын талынхан “Хонхны Цогтсайхан” агсны хамаатан. Ардчиллын үйл хэрэгт эхнээс нь оролцож яваа хүмүүс. Би гэр бүлийнхэнийхээ захиас даалгаварын дагуу нийгмийн идэвхтэй хүн болоод явж байна.

Хэр идэвхтэй төлөөлөгч байж чадав... Ямар чухал асуудлуудыг шийдвэрлэв.

НИТХ-ын төлөөлөгч бол нийслэлийн иргэдийн өмнөөс тулгамдсан асуудлыг нь шийдүүлнэ гэж нийслэлд тэдний итгэлийг авч сонгогдсон хүн. Тэдний төлөөлөл болохоос тэднээс зугтдаг, эсвэл илүүрхдэг дарга биш. Би тэдэнд үйлчлэх л ёстой. Иргэдийн санал хүсэлтийн дагуу олон асуудалд хүч, ухаан сорьж байна. Заримыг нь шийдэж байна. Аливаа асуудлыг ер нь углуургаар нь шийдэхгүй бол болдоггүй юм байна. Янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүний үр дүнд иргэд л хохирсон байна. Яахав бусад төлөөлөгч, УИХ-ын гишүүдтэйгээ нийлээд сургууль цэцэрлэг барьж байгуулахад анхаарсан. Энэ бүгдээс илүү эхлээд барилга бариулчихаад дараа нь газрыг нь олгохдоо хууль бусаар олгочихсон байх шижээний. Түүнчлэн “Мансарт төсөл“-ийн хүрээнд олон оршин суугч хохирсон байна. Түүнээс болоод СӨХ, Цахилгаан дулаан, дулаалгад хамрагдаж чадаагүй байсан гэх мэт сууриар нь өөрчлөх юм олон байна.

Төлөөлөгчийн үүргээ хэр биелүүлэв өнгөрсөн хугацаанд...?

Хэр сайн ажилласаныг би биш иргэд л дүгнэх байх. Ер нь төлөөлөгч болчихсон гээд иргэдээс өөрийгөө илүүд үзээд, дарга зан гаргаад яваад байх дургүй. Яг л бусдын адил шүү дээ. Энэ дүүрэгтээ амьдраад л явж байна. Сүүлийн үед манай улсын дарга сайд нар бусдыг загнах өвчтэй болчихож... Тэр нь бүүр тренд болчихлоо. Хоёрдугаарт иргэдтэйгээ, бусадтай чин сэтгэлээсээ ярилцдаг, ойлгодог, асуудлыг шийддэг, өвдөлтийг нь мэдэрлдэг тийм байхыг л чухалчилдаг.

Хотын иргэдийн өмнө тулгамдсан асуудал нь одоогоор замын түгжрэл болоод байна. Замын түжрэлийг шийдэх ямар боломж бидэнд байгаа вэ?

Ганцхан Улаанбаатар хот түгжрэлтэй болчихоод байгаа юм биш. Дэлхий нийтийн жишиг нь энэ асуудлыг нийтийн тээврийг зөв хөгжүүлж л шийдсэн байдаг. Зам гүүр өргөтгөх, янз бүрийн давхар зам барих нь тийм ч зөв шийдэл биш. Нийтийн тээврийн салбартаа л шинэчлэл хийчих хэрэгтэй. Замын түгжрэлийг дөрвөн жилд ч шийдчихэж болно.

Нийтийн тээврийн үйчилгээг боловсронгуй болгож хөгжүүлэх нь чухал гэлээ. Та ер нь нийтийн тээврээр үйлчлүүдэг

Машины дугаарын хязгаарлалтад орсон өдрөө автобусаар л явдаг. Долоо хоногт нэг удаа суудаг. Үйлчлүүлэгдийн соёл, үйлчилгээний чанарыг хослуулж сайжруулах нь чухал. Олон автобусны эдэлгээний хугацаа дуусаж байгаа. Ядаж тэднийгээ нөхөж техникийн шинэчлэл хийх хэрэгтэй. 1,6 сая хүн амтай жижигхэн хот шүү дээ. Тусгай замын автобусны  үйлчилгээг нэвтрүүлэх ёстой. Хоёрдугаарт хотын дундуур явдаг төмөр замыг хотоос гаргах ёстой.

Сүүлийн үед замын түгжрэлээс үүдэлтэйгээр иргэд машинаас татгалзаж унадаг дугуй унах, явган ахлал зэргээр цаг хэмнэж, ажилдаа явдаг болж. Дугуй унадаг уу, та?

Заримдаа дугуй унадаг. Хотын төвд амжуулах ажилтай бол дийлэнхдээ алхчихдаг. Түгжирч зогссоноос алхах нь илүү үр дүнтэй. Ядаж л утсаар яриад ажлаа амжуулчихна. Хотынхоо ногоон байгууламж, иргэдийнхээ амьдрал ахуйг шууд харах боломжтой.

-НИТХ-ын сүүлийн хуралдаан болж өндөрлөлөө. Үндсэндээ та бүхний бүрэн эрхийн хугацаа ингээд дуусгавар боллоо. Таны орж ажилласан НИТХ хэр үр дүнтэй байв..?

Эрх баригчид маань 2016-2020 оны дөрвөн жилийг товчхондоо “Аз жаргалтай Улаанбаатар” гэж тодорхойлсон. Дөрөвхөн жилийн дотор бүхэл бүтэн улсын нийслэлийн иргэдийг АЗ ЖАРГАЛТАЙ болгоно гэж юу байхав. Арай л ахадсан амлалт хэлчихсэн. Үндсэндээ бол нийтийн тээврийн салбар тэг зогсолтод орчихлоо. Энэ нөгөө Аз жаргалтай хотын хэрэгжилт үү... Эрэмбэ дарааллын хувьд алдсан. Их мөнгө хий дэмий үрсэн. Дарга нар асуудлыг өөрсдөө шийднэ гэж үзсэн. Нийслэл ямар ч хүчгүй байна. 94 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн байна лээ. Хэзээ ч 90 хувь хүрэхгүй. Хийсэн ажил, үрсэн мөнгөө тооцох хэрэгтэй.

Орон нутгийн сонгууль хаяанд ирчихлээ. МАН-ын эсрэг бусад нам гэсэн ийм тулаан болох нь. АН бусад жижиг намтай нийлж сонгуульд оролцохоор боллоо. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

Энэ бол намын шийдвэр. Түүнийг дагахаас өөр аргагүй болсон. Бид энэ сонгуульд ялахаас өөр сонголт байхгүй. Өөрчилье. Хотын иргэдийн амьдралыг өөрчилье гэж шийдсэн. Ялахын төлөө л нэгдэж байна.

Бусад намтай нэгдэж байгаа нь АН-ыг жижиг харагдуулж байна гэж намынхан чинь үзэж байна. Та ямар бодолтой байна вэ?

Тулгат гэж хувь хүнийхээ зүгээс МАХН, ШИНЭ-тэй эвсэж сонгуульд ороход ний нуугүй ярихад дургүй байна. Үзэл санааны хувьд нэг чигтэй намуудтай хамтрах хэлэлцээрт орж болно. Сонгуулийн будлиан, иргэдийн сонголтыг хүндэтгэж, хянахын тулд л эвсэж байгаа гэж харж байна. Энэ бол богино хугацааны үр ашигтай шийдвэр.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.