Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймагт ажиллалаа
А.Админ
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.13/ Архангай аймагт ажиллалаа.

Энэ үеэрээ Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцав.

Архангай аймгийн Онцгой байдлын газар нь Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэбулган суман дахь Гал унтраах анги, Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбар гэсэн нэгжүүдтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус газарт ажиллах үеэр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар тус газрын Эрэн хайх, аврах салбар, Гал унтраах ангийн багаж, техник хэрэгслүүдийг танилцуулав. Тус газрын Гал унтраах алба, Эрэн хайх, аврах албанд автомашины парк шинэчлэл хийж, шинэ автомашинуудтай болсон бөгөөд Архангай аймгийн 19 суманд хүрч, хүртээмжтэй ажиллахад тулгарч буй гол асуудал нь хүн хүчний дутагдал гэдгийг тэрбээр хэлж байв. Тодруулбал, Архангай аймгийн Онцгой байдлын газар нь баруун зүгийн таван сумыг хамарсан үйл ажиллагаа явуулах 12 хүнтэй Эрэн хайх, аврах бүлгийг Тариат суманд байгуулах саналаа холбогдох газарт өгсөн ч одоогоор шийдвэрлээгүй байна.

Түүнчлэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар 2019 оны наймдугаар сараас эхлэн аврагч нохойг эрэн хайх ажиллагаанд ашиглаж, “Албаны нохойны байр”, “Албаны нохойн сургалтын талбай”-н тоног төхөөрөмжийг хийж гүйцэтгэжээ. Тус салбарын эрэлч нохой нэг жилийн хугацаанд 4 удаагийн эрэн хайх ажиллагааг амжилттай гүйцэтгэж, иргэдийг эсэн мэнд олсон тухай мөн танилцууллаа.

Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургуулиар зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Архангай аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбулган сумын Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд байгуулагдсан тус сургууль нь орон нутаг дахь спортын төрөлжсөн анхны сургууль бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд 640 суралцагч, 45 багш, 35 ажилтантайгаар ерөнхий эрдмийн болон спортын төрөлжсөн сургалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, тус сургуулийн сурагчид бөхийн гурван төрөл, спорт тоглоомын гурван төрөл, хөнгөн атлетик, цана зэрэг спортын есөн төрлөөс сонгон хичээллэх боломжтой юм. Мөн Архангай аймгийн сумдаас болон бусад аймгаас шилжин ирж, тус сургуульд суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан 100 хүүхдийн дотуур байртай байна.

Спортын төрөлжсөн сургалттай 5 дугаар сургууль байгуулагдсанаас хойших таван жилд тус сургуулийн сурагчид спортын олон төрөлд амжилт гаргаж, аймаг, улсынхаа нэрийг гаргаж яваа гэдгийг сургуулийн удирдлага энэ үеэр онцолж байв. Тухайлбал, 2015 оноос хойш тус сургуулийн сурагчид болон төгсөгчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 медаль, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 100 гаруй медаль авсан амжилттай байгаа гэв. Мөн Архангай аймаг 32 жилийн дараа анх удаа цанын спортоор улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тухай танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус сургуулийн чөлөөт бөх, жүдогийн өрөө, англи хэл, мэдээлэл зүйн танхим, уран бичлэгийн дугуйлан, спорт заал, урлаг заал, номын сангаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсаныхаа дараа улсын хэмжээнд жишиг болохуйц сургалтын орчин, үйл ажиллагаатай тус сургууль шиг сургуулиудыг олноор байгуулах хэрэгтэй гэдгийг тэмдэглэлээ.

Мөн сурагчидтай уулзах үеэрээ эрдэм номд шамдан суралцаж, сонгосон спортын төрлөөрөө амжилттай хичээллэж, эх орондоо хэрэгтэй хүн болохыг захилаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.