Завханы Засаг даргын чимээ
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Нийслэлийн Засаг даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг сонгосон бол өнөөдрөөс Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан аймгуудын Засаг дарга нарыг томилох асуудал яригдаж эхэлжээ. Өмнө нь АН ялж, сөрөг хүчин засаглаж байсан ч энэ сонгуулиар улаан болж, МАН ялсан аймгийн нэг бол Завхан.

Тус аймгийн Засаг даргад хоёр хүн яригдаж байгаа бөгөөд нэг нь Завхан аймгийн МАН-ын Д.Түвшинжаргал нөгөө нь Д.Уужимсанаа юм. 2016 оны Орон нутгийн сонгуулиар АН Завхан аймагт ялж, аймгийн удирдлагын багийг АН-ын гишүүд бүрдүүлж ажилласан. Ийм үед МАН Завхан аймаг дахь нэр хүндээ сэргээхийн тулд аймгийн МАН-ын хорооны даргаа хоёр удаа сольсон байдаг.

Хоёр дахь томилгоогоор УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн ангийн найз Д.Түвшинжаргалыг аймгийн намын хорооны даргаар томилж байв. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулиар МАН Завхан аймагт 21 суудал, АН 19 суудал авч, хоёр суудлын зөрүүгээр МАН ялалт байгуулаад байгаа. Хэдийгээр МАН Завханд ялсан ч аймгийн МАН-ын гишүүд “Энэ бол гайхалтай амжилт биш” хэмээн үзэж байгаа аж.

Учир нь МАН тус аймагт үүнээс илүү суудал авах боломжтой байсан. Аймгийн намын гишүүд болон УИХ-ын гишүүдийнхээ хүчийг буруу тооцсон намын даргаас болж сөрөг хүчнээсээ хоёрхон суудлаар илүүрхсэн гэж тэд үзэж байгаа юм. Тиймээс тус аймаг энэ удаа залуу Засаг даргатай болж магадгүй гэсэн таамаг яригдаж байна.

МАН-ын Удирдах зөвлөлийнхөн дунд Завханы Тосонцэнгэл сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон Д.Уужимсанаад итгэл хүлээлгэж, Засаг даргаар томилох санал ч яригдаж эхэлсэн гэнэ. Д.Уужимсанаа нь Дэлхийн шилдэг 50-д багтдаг сургуулийг дүүргэсэн өндөр боловсролтой инженер бөгөөд ИТХ-ын сонгуульд аймагтаа хамгийн өндөр саналыг авч ялалт байгуулсан нэгэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.