Завхан аймгийн онцгой комисс хуралдлаа
З.Ханд
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Онцгой комиссын 41 дүгээр хурал болж таван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 3019 тоот албан бичгийг аймгийн Онцгой байдлын газрын дарга Ө.Болд танилцуулав. Хоёрдугаарт, зудын эрсдэлийн үнэлгээг хийж танилцууллаа. Гуравдугаарт, “Ковид-19”-ийн удирдлагын тогтолцооны багийн сургалт хийх удирдамж, хөтөлбөрийг танилцуулав. Дөрөвдүгээрт, Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтын бэлтгэл, зохион байгуулалтын талаар хэлэлцлээ. Тавдугаарт, Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаарх мэдээллийг сонсов.

 

Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

  1. Зудын эрсдэлийн үнэлгээгээр энэ өвөл Завхан аймгийн 13 сумын 23 баг эрсдэлтэй байж болзошгүй тул дээрх багуудын өвөлжилтийн нөхцөл байдлын нарийвчилсан зураглалыг гаргаж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх чиглэл өглөө.
  2. 2020 оны 9-р сарын 10-ны өдөр Ховд аймагт болсон Улсын Онцгой комиссын дарга, гишүүд оролцсон Баруун бүсийн онцгой байдлын бүсчилсэн уулзалтын үеэр Завхан аймгаас 9 асуудал тавьсны 3 нь шийдэгдсэн байна. Нэгдүгээрт, Сантмаргаз сумын Засаг даргын Тамгын газрын автомашиныг шийдвэрлэв. Хоёрдугаарт, Цэцэн-Уул, Сантмаргаз сумдын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн шинэ автомашин олгохоор болов. Гуравдугаарт, Завхан аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн өвсний нөөц бүрдүүлэхэд зориулж 100 сая төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өглөө. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс өвс бэлтгэх ажлыг зохион байгуулах шийдвэр гаргалаа. Гэвч худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу тендер зарлавал 12 дугаар сард өвс бэлтгэх ажил эхэлнэ. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш цасан бүрхүүл тогтох, өвөлжилт хүндэрч болзошгүй, өвс тэжээлийн олдоц багасах, үнэ нэмэгдэх зэрэг эрсдэлүүд бий тул аймгийн Онцгой комиссоос өвс бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах замаар эрсдэл бүхий цэгүүдэд 11 дүгээр сарын 10-ны дотор өвсөө бэлтгэж байршуулах чиглэл өглөө.
  3. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтыг 11 дүгээр сарын 2-9-ний өдрүүдэд Завхан аймагт зохион байгуулна. Иймд 11 сарын 2-5-ны өдрүүдэд бэлтгэл ажлын төлөвлөгөө, 11 сарын 6-7-нд ковидын сургалт, 11 сарын 8-9-нд команд штабын сургалтууд болох юм. Иймд холбогдох бүрэлдэхүүн, оролцох хүмүүсийг бэлэн байлгах, энэ үеэр бусад үйл ажиллагааг давхцуулан зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа.
  4. Гамшгаас хамгаалах команд штабын сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө, хуваарийг эцэслэн баталлаа

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.