Махны 37 хоногийн, гурилын 176 хоногийн, будааны 60 хоногийн НӨӨЦТЭЙ байна
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр тушаалаар “Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штаб”-ыг байгуулан мэргэжлийн байгууллагууд, яамны харъяа байгууллагуудтай цаг үеийн мэдээ, мэдээлэл солилцох, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, тулгамдаж буй арга хэмжээг шийдвэрлэн ажиллаж байна.

Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулан дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:

-Зарим бүтээгдэхүүний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв.

-2020 онд нэмэлтээр экспортлох адууны 15.0 мянган тн мах, импортлох 40.0 мянган тн үрийн улаан буудай, 150.0 мянган тн хүнсний улаан буудайн тоо хэмжээг тогтоолоо.

-Хүнсний нөөц, аюулгүй байдалтай холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн болох шар, цагаан будаа, ургамлын тос, өвс тэжээлийг Гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг дэмжиж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлүүллээ.

-Гурилын үйлдвэрүүдэд 100.0 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор тогтов. Үүнтэй холбогдуулан хэрхэн шуурхай олгох талаар холбогдох мэдээллийг Сангийн яам, Хөгжлийн банкуудад хүргүүлж 150.0 мянган тн улаан буудайн нөөцийг бүрдүүлэхээр 100 тэрбум нөөцийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн даргын тушаалаар байгуулсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабын ХХААХҮЯ-ны ажлын баг хүнсний дотоодын тээвэрлэлт, олон улсын тээвэрлэлт, хүнс импортлогчдын гадаад төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Мөн аймгуудад махны нөөцийн чиглэлээр хүмүүстээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан явах, хүнс тээвэрлэж байгаа нэрээр маршрут зөрчихгүй байх, жолоочийн кабинд зорчигч тээвэрлэхгүй байх, голомттой бүс нутгаар нэвтрэхдээ машинаас буухгүйгээр зөвхөн бараагаа өгөөд буцах талаар ЭМГ-тайгаа хамтран зөвлөмж өгөх, хотруу махтай ирж, буцахдаа ахуйн бараа болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг ачиж явахад анхаарах зэрэг зөвлөмжийг хүргүүлж ажилласан.

Аймаг, нийслэлээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр авсан судалгаагаар улсын хэмжээнд 11.9 мянган тн малын мах, 108.6 мянган тн гурил, 1.4 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 7.9 мянган тн төрөл бүрийн будаа, 1.8 мянган тн хуурай сүү, 1.2 сая ширхэг өндөг, 1.1 мянган тн ургамлын тос, 97.1 мянган тн төмс, 39.5 мянган тн хүнсний ногоо, 4.1 мянган тн элсэн чихрийн нөөцийн үлдэгдэлтэй байна. Энэ судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийн үлдэгдлийг тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн хэрэгцээнд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорь, агуулахын нөөц ороогүй болно.

Нийслэлийн хүн амын махны хэрэгцээг хангах, махны үнийг тогтвортой байлгах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн нөөцийн махны худалдааг зохион байгуулж эхэлсэн. Махны эрэлт их байгаа тул нөөцийн мах худалдаалах цэгийн тоог нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд үйлдвэрээс татах махны нийлүүлэлтийг 2-3 удаа хийж, Нийслэлийн зургаан дүүргийн 22 байршилд, 14 аж ахуйн нэгжээс 4 өдрийн байдлаар нийт 223 тн хонины махыг гулууз хэлбэрээр худалдан борлуулсан.

ОХУ-аас 150 мянган тонн хүнсний улаанбуудай, 40 мянган тонн үрийн улаанбуудайн худалдан авахаар урьдчилсан үнийн хэлцэл хийж байгаа бөгөөд нийтдээ 150.0 тэрбум төгрөг шаардагдах тооцоог хийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр Сангийн яамтай хамтран ажиллаж байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн агуулахад нийт 4,170.74 тн үрийн улаанбуудай, 25,332.42 тн хүнсний улаанбуудай нөөцлөгдсөн бол аж ахуйн нэгжүүдэд 20.0 мянга гаруй тн үрийн улаан буудай нөөцөлсөн байна.

Хүнсний нөөцийн мэдээллийг аймаг, нийслэлээс 7 хоног бүр 2 удаа авч байна. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн судалгаагаар улсын хэмжээнд 11.9 мянган тн малын мах буюу 37 хоногийн, 108.6 мянган тн гурил буюу 176 хоногийн, 7.9 мянган тн төрөл бүрийн будаа буюу 60 хоногийн, 1.8 мянган тн хуурай сүү буюу 37 хоногийн, 1.1 мянган тн ургамлын тос буюу 18 хоногийн, 97.1 мянган тн төмс буюу 305 хоногийн, 39.5 мянган тн хүнсний ногоо буюу 57 хоногийн, 4.1 мянган тн элсэн чихэр буюу 47 хоногийн нөөцийн үлдэгдэлтэй байна.

Шадар сайд мэдээлэлдээ, КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Улсын Онцгой комист 291 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс нийт 3.5 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө, 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материал, нийт 7.8 тэрбум төгрөг хандивлаж, 6.6 тэрбум төгрөгийг Улсын онцгой комиссын шуурхай штаб, төрийн байгууллагууд, нийслэлийн автозамын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээнд болон шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулаад байгааг танилцуулав.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.