Өнөөдөр 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу нэг гэр бүлийн гишүүн, хоёр дахь давтан шинжилгээгээр илэрлээ.
Аймгийн Онцгой комиссоос өдөр бүр та бүхэндээ хандаж Сэлэнгэчүүд бид тайвширах цаг болоогүй, анхаарал болгоомжтой байх ёстой гэж байнга сануулж байгаагийн учир нь өнөөдрийн энэ тохиолдлоос тодорхой харагдаж байгаа байх.
Улсын Онцгой комиссоос Сэлэнгэ аймаг эрсдэл өндөртэй хэвээр байгаа бүс учир бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэмийг аймгийн төв Сүхбаатар сум болон Алтанбулаг сумдад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өглөөний 06.00 цаг хүртэл дагаж мөрдөх шийдвэрийг хэрэгжүүл гэсэн үүргийг аймгийн Онцгой комисст өгсөн.
Тэр дагуу энэ 2 суманд хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж байна. 0 гэсэн тоо хэд хэдэн өдрөөр дараалан гарахаар манай иргэд тайвширах, гадуур гарч нийгмийн харилцаа үүсгэх, хүн хоорондын зай барихгүй байх байдал ажиглагдаж байна.
Улаанбаатар хот бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн учраас өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотруу зорчих хөдөлгөөн хийхгүй болохыг анхаарна уу.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад эдгэрэн ар гэр халуун ам бүлдээ ирэх гэж байгаа 11 иргэдээ татан авах ажлыг өнөөдөр бид зохион байгуулна.
Ийнхүү Сэлэнгэ аймагт батлагдсан нийт тохиолдлоос 51 нь эдгэрлээ.
Аймгийнхаа нийт сумдын Онцгой комиссын баг бүрэлдэхүүнд ард иргэддээ тулгарч байгаа асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж, эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэн нэг бүрийг хяналт ажиглалтад байлган, сонор сэрэмжээ улам бүр өндөржүүлж ажиллахыг, Сүхбаатар, Алтанбулаг сумдын иргэд хөл хорионы дэглэмээ чанад сахиж, онцын шаардлагагүй бол гэрээс гаралгүй хариуцлагатай байхыг анхааруулъя.
ИРГЭН БҮР ХИЧЭЭЖ БАЙЖ ЭНХ ЦАГИЙГ АВЧИРНА.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС