"ЖЕНКО", "ТОПОР" хоёрын хэн нь 2020 оны ОНЦЛОХ УЛСТӨРЧ вэ...?
З.Батхуяг
Нийтлэл, Үйл явдал, Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

2020 оны 01 сараас 2020 оны 12 сарын 26 хүртэл 360 хоногийн хугацаанд МОНГОЛЫН УЛСТӨРД болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  

Дэлхий нийтийг цочроогоод байгаа Covid-19 ЦАР ТАХАЛ Монголын улстөрд ч хүчтэй нөлөөллөө. Хүмүүс өөр хоорондоо хэт ойртож, үнсэж, тэвэрч, улмаар гар барьж ч болохгүй учир УИХ-ын гишүүд, төр засгийнхан “хайрцагт” орж, үйл ажиллагаа нь ч хязгаарлагдмал болов. Ард иргэдийг өөр хоорондоо ойртох л юм “халдвар тараана” гэж загнадаг байсан мөртлөө өөрсдийгөө сурталчилах, магтах, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх зорилгоор хоёр ч шатны  сонгуулийн үйл ажиллагааг ч явуулаад амжив. Ингээд Монголын улстөрийн үйл ажиллагаанд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг ТАНИЛЦУУЛЪЯ.

 

Covid-19 дэгтэлийн үед БНХАУ-д айлчилсан Ерөнхийлөгч Х.Баттулга 14 хоног тусгаарлагдав: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзаж 30 мянган хонины “БАТЛАМЖ” гардуулаад ирсэн. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явсан. Тэд ирсэн даруйдаа 14 хоногийн тусгаарлалтад орсон юм.

“Covid-19”-ийн үед УИХ-ын сонгуулиар МАН ялалт байгуулж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болов: “Covid-19”-ийн дэгдэлтийн үед Монгол Улс түүхэн дээ анх удаа УИХ-ын сонгуулиа хүн хоорондын зай сахиж, амжилттай зохион байгуулав. Энэ удаагийн сонгуульд МАН, АН тэргүүтэй олон улс төрийн хүчний 6000 гаруй хүн нэр дэвшиж өрсөлдлөө. Тэднээс 76 нь олонхийн дэмжлэг авч ялалт байгуулан тангараг өргөв. УИХ-ын 76 суудлаас МАН дийлэнх олонх буюу 62 мандат авч дахин эрх барихаар болов. Эрх баригч нам хуралдаж 2018 онд Засгийн газрыг тэргүүлсэн, МАН-ын дарга  У.Хүрэлсүхийг Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар дахин сонголоо.

Пүүзтэй гишүүн Т.Доржханд олны анхаарлын төвд орж ХҮН-ийнхэн танигдав: УИХ-ын сонгуульд МАН-ын 62, АН-ын 11, “Та Бидний Эсвэл”-с нэг, ХҮН-аас нэг, бие даагч нэг хүн тус тус сонгогдов.Шинэ гишүүд 2020 оны 06 дугаар сарын 30-нд Төрийн ордоны их танхимд хүрэлцэн ирж СЕХ-ноос гишүүдийнхээ “Батламж”-ийг гардан авав. Энэ үеэр “Зөв ХҮН-Электорат” эвслээс Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан Т.Доржханд төрийн ордонд зориулалтын бус хувцастай орж ирсэн нь “олны анхаарлыг татав”. Тэрбээр ботинк бус пүүзтэй ирсэн нь ийнхүү олны гайхширалыг төрүүлэхэд хүргэсэн юм.

АН-ынхан хоёр сонгууль дараалан ялагдал хүлээж С.Эрдэнэ намын дарга ч үгүй, ГИШҮҮН ч үгүй хоосон хоцров: Монголын улстөрийн гол хүчнүүдийн нэг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “байнд ч үгүй, банзанд ч үгүй” хоцров. Учир нь тэрбээр 2020 оны сонгуульд намаа удирдан оролцсон ч харамсалтай нь ЯЛАГДАЛ хүлээсэн. Мөн тэрбээр өөрийн “халаасны” гэгдэх Баянгол дүүрэгтээ нэр дэвшээд мөн л ялагдав. Ингэснээр улстөрийн сөрөг хүчний намын даргын суудлаасаа бууж, албан ёсоор тоглоомыг дуусгалаа. Тэрбээр АН-ын дүрмэнд заасны дагуу албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж, Ц.Туваанд тамгаа шилжүүлсэн билээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирж тусгаарлагдсан бол улмаар УЛСТӨРД ч эргэн ирлээ: Нэг хэсэг интерполоор эрэн сурвалжлагдах дөхсөн экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээр “тусгай үүрэг”-ийн нислэгээр эх орондоо ирж улмаар 21 хоногийн тусгаарлалтаа “Тояоко-Инн” зочид буудалд өнгөрүүлэв. Түүнийг тусгаарлалтад байх хугацаанд МоАХ-ны ахмадууд зочид буудлынх нь гаднаас “Хонхны дуу”-г дуулж түүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Мөн тэрбээр өнгөрөгч 10 дугаар сарын 22-нд “Ардчилсан Нам”-ын гишүүнчлэлээ сэргээсэн юм.

Э.Магнайбаяр МАХН-аас урваж МАН-д элсэв: Улстөрийн хувьд байж болох ч улстөрчийн хувьд байж боломгүй том алдаа бол УРВАЛТ. Өнгөрсөн 10 дугаар сард улс орон даяар болсон Орон нутгийн сонгуульд МАН бас л үнэмлэхүй ялалт байгууллаа. Харин зарим нэг дүүрэг хороодод АН, МАХН-ын эвсэл, ХҮН-ийнхэний төлөөлөл ялалт байгуулав. Энэ оны хамгийн шившигтэй улстөрчөөр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас нэр дэвшиж сонгогдоод МАН-д урвасан Э.Магнайбаяр байв. Тэрбээр өмнөх УИХ-ын сонгуульд МАХН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. Харин орон нутгийн сонгуульд дахин хүч үзэж “ялалт” байгуулсан. АН, МАХН-ы эсвлээс нэр дэвшиж ялалт байгуулчихаад өөр намд элссэн түүнийг Баянгол дүүргийн иргэд эрс эсэргүүцэж Дүүргийн ИТХ-ын чуулганд оролцож энгэрийн тэмдэгээ авахаар ирэхэд нь ӨНДӨГ шидэж байв.

Монголын парламентыг анх удаа эмэгтэй хүн даргалав: УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан анхны эмэгтэй гишүүн боллоо. УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 22-ны үдээс өмнөх хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нэр ээлжлэн даргалсан юм. Ингэснээр УИХ-ын түүхэнд анх удаа Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан анхны эмэгтэй гишүүн болсон гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ. Найм дахь парламентад бүлэгтэй МАН, АН-аас УИХ-ын дэд даргад Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг сонгосон юм. Энэ нь Монголын парламентын 30 жилийн түүхэн ойд тохиолдсон анхны чухал үйл явдал болсон гэдгийг УИХ дахь эмэгтэй гишүүд онцоллоо. Монголын төр шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог бага багаар нэмэгдүүлсээр 2020 оны парламент 13 эмэгтэй гишүүнтэй болсон. Тэдний тод төлөөлөл нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа бол “Засгийн газар”-т эмэгтэй гишүүдийг төлөөлж Д.Сарангэрэл Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайдын алба хашиж байна.

Д.Сумъяабазар улстөрийн ЭРЭМБЭ буурч төрийн түшээгээс Хотын захирагч болов: 2020 оны орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж хотын хөгжлийн өнгийг дахин 4 жил “тодорхойлох” Удирдах эрхээ өвөртлөв. Энэ хүрээнд дараагийн хотын дарга хэн бэ гэдэг марафон Нийслэлийн МАН дотор идэвхтэй өрнөсөн. Ихэнх хэвлэлүүд одоогийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Хан-Уулын Ж.Алдаржавхлан зэрэг залуучуудын нэрийг онцолж байв. Учир нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар сонгуульд намаа Удирдаж орохдоо “Манай нам олонх болно. Ялалт байгуулвал би хотын дарга болохгүй. Олдсон нүх болгон руу шургадаг огтоно би биш” хэмээн мэгдчихсэн үе. У.Хүрэлсүхийн Засгийн газрын багт багтах гээд бараагүй учир Хурандаа сайдад нохой зодооны цохилт үзүүлж, “хандыг нь дарсан” тухай нэг хэсэг яригдсан. Тэгээд ч Засагт багтаагүй. Харин гэнэтхэн “ХОТЫН ЗАХИРАГЧ” болохоор гарч ирсэн нь нэг л сонин. Гэсэн ч МАН-ын дүрмээр Хотын дарга болохоор орж ирлээ. Тэрбээр “Би одоо уруудаад байна уу, өгсөөд байна уу гэдгээ өөрөө ч ойлгохоо байлаа. Намын шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Улстөрч хүний хувьд ч, хувь хүний хувьд ч амаргүй шийдвэр байлаа. Гэхдээ надад Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах SUPER төлөвлөгөө байна” хэмээн Хотын Захирагчийн сэнтийд заларч “ИХ МӨНГӨН ДЭЭР ИРЭВ”. Түүнийг Хотын дарга болсноос хойш Монгол улсад “Covid-19”-ийн цар тахлын тохиолдлууд илэрч, улмаар бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хотын төвөөр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхлэв. Түүний нөгөө хэлсэн замын түгжрэлийг бууруулах SUPER төлөвлөгөө нь Коронаг дотооддоо алдаж, хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр байсан юм биш биз гэх хошин хэлц хүртэл гараад амжсан удаатай.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.