Өнгөрсөн баярын өдрүүдэд гудамж талбайн гэмт хэрэг зөрчил илрээгүй
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Орхон аймгийн Засаг даргын 2021 оны анхны шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт болон 70353511 дугаарт иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг танилцууллаа. 

     Өнгөрсөн баярын өдрүүдэд Орхон аймгийн хэмжээнд гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил гараагүй хэдий ч ахуйн хүрээний архидалт нэмэгдэж гэр бүлийн хүрээнд архидан согтуурснаас үүдэж мэс хэрэглэх зэрэг зөрчил гарсан талаар Цагдаагийн газраас мэдээллээ.
       БОЭТ-өөр өнгөрсөн долоо хоногт 491 иргэн үйлчлүүлж өнөөдрийн байдлаар 187 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Түүнчлэн 2020 оны сүүлийн долоо хоногт нийт 49 эх амаржжээ. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар БОЭТ-ийн бүхий л эмч эмнэлгийн ажиллагчдыг PCR-ын шинжилгээнд бүрэн хамруулж дууссан байна.
      Баярын өдрүүдэд Орхон аймагт 182 тээврийн хэрэгслээр 319 иргэн ирж, 171 тээврийн хэрэгслээр 287 иргэн бусад орон нутагт зорчих хөдөлгөөн хийжээ. Өчигдөр буюу /2021.01.03/-нд Улаанбаатар хот болон бусад орон нутгаас зөвшөөрөлгүй ирж буй тээврийн хэрэгсэл, түүгээр зорчигчид байгаа эсэхэд хяналт шалгалт хийх явуулын найман пост ажиллуулж эхэлсэн. Түүнчлэн зэргэлдээ аймаг сумдуудруу энэ талаар хамтран ажиллах албан бичгийг хүргүүлээд байгаа юм.
       2021 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хотын төвийн хог ачилтад Хот тохижуулах газрын  9 машин гарч нийт 360 м.куб хогийг хогийн нэгдсэн цэгт дарж булаж устгажээ. Мөн нийт 140 хүний бүрэлдэхүүнтэйгээр зам талбайн хог, цас цэвэрлэгээнд ажилласан байна.
    Шуурхайн төгсгөлд шинээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж тэдгээрийн зүйл заалтыг сурталчлан таниулах, нийтийн эзэмшлийн зам талбайн эвдрэл гэмтлийг анхаарах, хотын зам дагуу гэрэлтүүлгийш засварлах зэрэг үүрэг даалгавар өгөгдлөө.
 
 
Мэдээллийн төв
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.