Ж.Эрдэнэбатад оноосон 6,6 жилийн ХОРИХ ЯЛЫГ ХҮЧИНГҮЙ болгож, хэргийг мөрдөн байцаалтад БУЦААЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар  өчигдөр /2021.01.15 /хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ. Ингэснээр түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 6.6 жилийн хорих ял хүчингүй болж, түүний хэргийг дахин мөрдөн шалгах юм. Харин энэ хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн бөгөөд тэрбээр цагдан хоригдох хэвээрээ юм байна. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.

Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Эл лиценз нь миний хамаарал бүхий компанид ч шилжээгүй, тэгээд ч лицензийг нь авсан компани хайгуул хийхэд нөөц нь тогтоогдоогүй тул улсад буцаан өгсөн байдаг" гэх тайлбарыг хийж ирсэн.

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч,  30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.