Ардын намын АНИА нар ХҮНИЙ ЭРХИЙН төлөө биш САЙДЫН СУУДЛЫН ТӨЛӨӨ нэгдэж байгаадаа ИЧИХ ХЭРЭГТЭЙ...!!!
З.Батхуяг
Нийтлэл, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Энэ нийтлэлийн уншаад хүний эрхийн мэдрэмжгүй, эмэгтэйчүүдийг дорд үзлээ гэх мэтээр шүүмжилж магад. Гэхдээ шүүмжлүүлэх зүйлээ ТЭД ӨӨРСДӨӨ эхэлсэн гэдгийг тодотгоё.

Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 06 дугаар сард “Коронавиурсийн халдвартай болон сэжигтэй жирэмсэн эмэгтэйд үзүүлэх видео сургалт” гэгчийг НҮБ-ийн хүүхдийн сангийн тусламжтайгаар 12 сая төгрөгөөр хийлгэсэн. Гэвч үр дүнд хүрээгүй. Түүний баталгаа нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой “Өргөө” амаржих газарт төрсөн эх, нярай хоёрыг Ковидын халдвартай гээд ХӨСҮТ-рүү зөөвөрлөхдөө тээвэрлэлтийн алдаа гаргаж, дөнгөж төрсөн эмэгтэйг нимгэн хувцастай тавчиктай зөөсөн нь олны дургүйцлийг өдөөсөн ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ болов.

2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас 11 эмэгтэй гишүүн сонгогдсон. Тэд хүчээ нэгтгэж, нийгэмд өрнөж байгаа шударга бус зүйл, хүний эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй  тэмцэнэ гэж мэдэгдэл хийж байсан. Гэвч НЯЛХ БИЕТЭЙ ЭМЭГТЭЙ, ДӨНГӨЖ ТӨРСӨН ХҮҮ хоёрыг зөөсөн энэ үйл явдалд харамсалтай нь АМ АНГАЙГААГҮЙ. Тэрчлэн энэ үйлдэлд манай нам хамаагүй шүү, хувь хүний ажлын хариуцлага алдсанаас боллоо хэмээн НАМАА, арьсаа хамгаалж олон нийтийн сүлжээнд Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүн жиргэж байсан.

Гэтэл сөрөг хүчин болсон АН-аас С.Одонтуяа, А.Адъяасүрэн гэсэн хоёр эмэгтэй ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ямар хүчтэй дуугарч, хамгаалахын төлөө өөрийн чадлаараа тэмцэж байгааг харууллаа. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Гадаадад гацсан Монголчуудаа эх орондоо авч ирэх ёстой” хэмээн орондонд суулт зарлаж байхад олонхийн бүлгийн АНИА НАРААС НЭГ НЬ Ч ХАРАГДААГҮЙ гээд бодохоор бас ичмээр санагдаж байна. Яахав намын бодлогыг дагаж болно. Гэхдээ ядаж хүний эрхийн төлөө дуугардаг баймаарсан. Ядаж улстөр хийлгүйгээр эмэгтэйчүүдээ дэмжмээр байна.

Ийм янзаар 2020 оныг өнгөрөөсөн ЭМЭГТЭЙ УЛСТӨРЧДӨӨС цаашдаа их зүйл хүлээх ямар ч шаардлага алга. Тэд ч бидний хүсэн хүлээж байгаа шиг чухал ажил хийж чадахгүй аж. Тэгсэнээ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ бүгд нэгдэж, гарын үсгээ зуржээ. Тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ТАВАН САЙДЫН СУУДАЛ гуйж, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарт хандаж албан бичиг хүргүүлжээ.

Мэдээж шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал Жендерийн тэгш байдлыг хангах нь төрийн үүрэг мөн. Гэхдээ эмэгтэй хүн эрх мэдэл албан тушаалын төлөө явахаасаа өмнө ядаж л ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ дуугарчихдаг байх ёстой. Ядаж нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нэг чухал ажил, төсөл хэрэгжүүлчихээд дараа нь ЭРХ МЭДЛИЙН ТУХАЙ ярьсан бол олон нийт ч өөрөөр харах байлаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.