С.Сүхбаатар: Малчдын амьдралыг харахад л тэр дотроос бүжиг дэглэх бүх утга санаа, байгальтайгаа бий болчихдог
Д.Лхам
Үндэсний бахархал
/
10 сарын өмнө

Монгол улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.

- Таныг БНМАУ-ын Төрийн шагналт, урлагийн гавьяат жүжигчин, 20-р зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжид гуайн хүү гэдгийг хүмүүс сайн мэднэ. Аав, ээжийнхээ тухай сайхан яриа дэлгээч?

- БНМАУ-ын Төрийн шагналт, урлагийн гавьяат жүжигчин, 20-р зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжид багш гэдэг хүнтэй би 1971 онд танилцсан. Энэ гайхамшигт хүн маань ардын дуу бүжгийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч, найруулагч хүн байсан. Тэр хүнтэй танилцаад ороход бол урдаас минь их танил хүн байсан. Энэ хэн бэ гэвэл намайг бий болгож, намайг өсгөж, намайг сургаж, хүмүүжүүлсэн миний хартай аав маань байсан. Тэгээд би аавтайгаа “Сайн байна уу ааваа” гэтэл аав минь “Би чуулгын ерөнхий бүжиг дэглэгч Цэрэндулмын Сэвжид гэдэг хүн байна” гэж надтай аав минь анх албан ёсоор өөрийгөө танилцуулаж та бол өнөөдөр чуулгын бүжигчин гэдгийг мэдрүүлсэн хүн. Тийм учраас бол миний аав миний бас нэгэн их урлагийн хүмүүжүүлэгч багш минь болсон. Багшийнхаа тухай ийм номыг бий болгосон. Ээж минь бол өнөөдөр 90 настай. Би ээжийгээ дагаад өнөөдөр их урлагтаа 50 нас хүрч байна. Өөрөө 70 нас хүрчихлээ. Дөнгөж идэр насандаа давхиж явна.

- Таны нэрийг хэн хайрласан бэ. Ямар утга учиртай нэр юм болоо?

- С.Сүхбаатар гэдэг хүүхэд 50-аад оны үед төрж бий болохдоо гэрт мэндэлж, гэр гэдэг ухааныг төрүүлж, өсгөсөн аав, ээжээсээ болон аав, ээжийг минь төрүүлж өсгөсөн эмээ, өвөө тэр гэр дотор байдаг оюуны соёл, урлахуйн ухааны соёл энэ бүхнийг гэр гэдэг агуу ертөнцөөс өөрөө би мэдэж авсан. Яагаад надад Сүхбатаар гэдэг нэр өгсөн юм бэ гэдгийг тэр хүртэл бодож яваагүй юм байна. Гэхдээ хэдий тийм боловч миний очсон, эрдэмийг сурсан, оюун ухааныг сурсан газар бол Дамдины Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн 2-р дунд сургууль гэж байсан. Сургуульд сурч байхдаа урагшаа талбай руу явсан. Талбай дээр очиход мөн л нэгэн хүн өөдөөс минь тосч авсан. Миний өөвийгийн маань ярьдаг, бахархал болдог тэр баатар эр Д.Сүхбаатарын хөшөө миний өмнө байсан. Ингэж би морь унасан баатар Д.Сүхбаатар гэдэг хүн Монгол түүүхээ, Монголынхоо эх орон гэдгийг дэлхий дахинаа цуурайтуулсан, агуу хүн юм байна гэдгийг мэдэж авсан.

- Бүжгийн урлаг бол мэдээж авьяас шаардах зүйл. Тэгэхээр таны бодлоор авьяас гэж юу. Авьяасын онгод гэж байдаг уу?

- Авьяасын онгод чадвар, мэдлэг соёл байдаг. Үгээ хатуу хэлж, яг тэр болохгүй уран бүтээлийг шүүмжилж чаддаг. Үгээ хатуу хэлж байж тэд нарыг аргадаж чаддаг. Хатуу хэлж байж хайрлаж чаддаг. Уран бүтээлийнх нь онгодыг хөглөж чаддаг. Ийм л уран сайхны зөвлөл, урлаг судлал, язгуур урлаг судлалын төвийнхөн байсан юм.

- Үндэсний язгуур урлагийг сонирхож, хичээллэдэг хүүхдүүд хэр олон байдаг вэ. Өв тээгч нар өдөр ирэх тусам цөөрч байна уу гэж харж байна?

- Ард түмэн Монголын хүүхдүүдийн авьяасыг харж байгаа. Тэр дотор чинь улсын мэргэжлийн газар театр, чуулгуудад байхгүй байх авьяастай хүүхдүүд байдаг. Өнөөдөр мэргэжлийн уран бүтээлчээс илүү авьяас тэр нөгөө язгуураасаа авьяас нь бий болсон тэр хүүхдүүд чинь тэр дотор ороод ирдэг байхгүй юу. Тэд нарыг чинь заримдаа харахад чинь юу вэ мэргэжлийн уран бүтээлчдээс илүүгээр дуулж, бүжиглэж хөгжимддөг. Энэ юу вэ гэвэл ирээдүйн мэргэжлийн, чадварлаг уран бүтээлчид энэ дотроос гарах юм байна. Миний уутан дотор хийгээд тавьдаг шагай байга шүү дээ. Шагайгаа цацахад ямар тал дүүрэн болдог уу. Тал дүүрэн бэлчиж байгаа мал шиг монголын хүүхдүүд, монголын 21 аймагт дүүрэн авьяастнууд байж байна. Урлагийн авьяастан гэдэг бол зүгээр л мал хариулж яваа л хүүхдүүд байдаг. Гадаа өнөөдөр Улаанбаатар хотод дэмий тэнээд явж байгаа хүүхдүүд, хулгай хийгээд муу хэлүүлээд явж байгаа хүүхдүүд байдаг. Би тэр хулгай хийж байгаа хүүхдүүдийг боддог. Ямар авьяастай хүүхдүүд вэ гэж хардаг. Тэр хүний мэдрэмжийг мэдэгдэхгүйгээр хармаанаас нь хулгай хийнэ гэдэг бол тэр мэдрэмж нь мундаг ухаан байж байгаад тэр буруу мэргэжлийг эзэмшчихсэн байна гэж ойлгодог байхгүй юу.

- Монголчууд бид сүүлийн үед өв соёл, бичиг үсгээ мартаж, гээх аюул хүрсэн. Энэ бидний ахуй амьдрал, хот бараадан суурьшиж буй иргэншилээс болж байгаа байх тиймээ?

- Монгол үндэстэн ястнуудын маань өвөрмөц, мартагдах гэж байгаа агуу соёлыг ард түмэн маань хөдөөнөө аваад үлдчихсэн байна. Хотод маань маш цөөхөн болсон байна. Хөдөөний аймаг, хөдөөний амьдралыг судлаад бүжиглээд, хөдөөнийхөнтэйгээ танилцаад явж байсан. Тэгээд музейд нь очиж үзэх, ахуй амьдралтай нь гэрт нь очоод танилцахад эртний тэр язгуур өв уламжлал болсон одоо зүгээр аяга таваг, ширээ сандал одоо гэрийн бүх эдлэл их харагддаг байсан. Сүүлийн үед харагдахаа больсон. Энэ бол бидний харамсах ёстой зүйл.

- Таныг Монгол улсыг 40 гаран жил удирдсан төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал гуайн эхнэр Орос орон руу сургуульд явуулж байсан гэсэн. Энэ дурсамжаасаа бидэнд хуваалцаач?

- Оросод оюутан болоод би явлаа. Намайг нэгэн агуу Монгол улсын төрийн зүтгэлтэн, том даргын эхнэр нь явуулсан байгаа юм. Тэрийг би дараа нь мэдэж байгаа байхгүй юу. 1976 онд “Ааваа би тан шиг бүжиг дэглэмээр байна” гэж Монголын агуу том урлагийн том зүтгэлтэнд дур мэдэн аймшиггүйгээр хэлсэн байгаа юм. Тэгээд “Шигшрэгт” гэдэг анхныхаа эмэгтэйчүүддээ зориулсан нэгэн бүжгийг 1976 онд анх дэглэж, энэ бүжгийн санааг ард түмнээсээ гэдэг шиг судалгааны үүднээс олж авсан. Хэнтий аймагт амьдардаг Монгол угсаатны нэг том түшиг тулгуур нь болсон “Боржигон” овгийнхоо “Урианхай” овгийнхоо түүхийг уншиж байх хугацаандаа санаа ороод тэр гурамссан морьд, гайхамшигтай эзэн Чингис хааны маань эхийн унаж явсан морьдын тухай хиймээр санагдаад тэр шигшрэгийн “Ай” чимээ ямар гоё сонсогддогыг сонсоод тэр анхныхаа хүүхэд зангаар, залуу омголон бодлоороо тэр бүсгүйчүүддээ зориулсан “Шигшрэг” бүжгийг анх дэглэсэн. Энэ бүжиг маань миний замыг зөв зааж өгсөн. Тэр нь юу вэ гэсэн чинь Монгол улсыг 40 гаран жил удирдсан Ю.Цэдэнбал гуайн эхнэр Анастасия Ивановна Цеденбал Филатова гэдэг агуу бүсгүй миний анхны дэглэсэн бүжгийг үзчихээд “Энэ бүжиг дэгэлсэн залууг олон улсын театр урлагийн сургуулийн бүжиг дэглээчийн ангид явуул” гэдэг үүргийг дарга нарт өгсөн байгаа юм. Би ямар азтайгаа өнөөдөр мэдэрч явдаг.

- Бүжиг дэглэх санаа ер нь юунаас, хэрхэн төрдөг юм бэ. Зохиолчид бол онгод гэж ярьдаг тйимээ. Онгодоо хөглөнө гээд л. Тэгэхээр адилхан уран бүтээлчид бүжигчидийн онгодыг юу хөглөж байна вэ?

- Хөдөө гараад л малчдын амьдралыг харахад л тэр дотроос бүжиг дэглэх бүх утга санаа, байгальтайгаа бий болчихдог. Тэр таван хошуу мал тавуулаа өөр өвөрмөц явдалтай, хөдөлгөөнтэй. Бүжгийн дэг гайхамшигтай, энэ ертөнцийг бий болгосон уламжлалт тэр бүжиг дэглээч, бүжгийн багш нар, бүжгийн бичвэрийг хийж өгсөн тэр эрдэмтэн, мэргэд гэдэг шиг ахуйн амьдралын хөдөлмөрийг ард түмэн бий болгодог. Хөдөөнийхөн тэр малчид, ажилчид тэр сумынхан ямар авьяастай гэж санана. Тэр цэнгээнт арван бүжгийг бүгдийг нь мэднэ. Бүгдийг нь заалгалтгүй сурчихсан байна. Зарим буруу заасныг нь бид нар зааж өгнө. Тэгээд монгол бүжгээ зааж өгнө. Тэр дотроосоо, тэр хөдөө явж байгаа олон сумдаас тэр далимд нь бид нар судалгаа хийнэ. Ардын язгуур урлаг, ард түмний соёл хаана байна тэнд нь очиж тэр музейг нь үзнэ, тэр өвөөгийнд очино, тэр эгчийнд очино, тэр залуутай явна. Тэр залуучууд нь нөгөө биелгээгээ хийнэ, дуудна.

- Хөдөө гэснээс урлагийн та нар хөдөө бригадаар их явна. Тэр үеийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

- Нэг удаа яг энэ театрт би санамсаргүй нүүрээ будах гээд охидын хувцас сольдог өрөөнд орчихсон чинь манай нэг охин “Сүхээ чи ямар дэглэмгүй юм бэ, чи ямар замбараагүй юм бэ. Охидууд нүцгэн байж байхад ороод ирлээ, гар” гээд хөөдөг байхгүй юу. Тэгэхээр нь зэрэг би будгаас нь аваад “Уучлаарай” гээд явчихна. Тэгээд хөдөө бригад явна. Тэр хүйтэнд чинь клубыг чинь халаах гээд хоосон утаа манараад л гал түлээд байна. Тэгээд л тэр хүйтэн соёлын төв дээр чинь бүжиглэнэ шүү дээ. Тэгээд л нөгөө дээлээ хучаад л нөмрөөд байж байхад даарангуутаа “Сүхээ гар минь даарч байна. Үстэй дээлийг чинь нөмрөе” гэхэд нь би өөдөөс нь ингэдэг байхгүй юу “Хөөе эмэгтэй чи ямар соёлгүй юм бэ. Эрэгтэй хүний дээл нөмрөх гээд” гэж хэлдэг. Тэгэхээр чинь хөөрхий энэ чинь бидний амьдрал л байхгүй юу. Даарч үзлээ, Халж үзлээ...

 

 

"ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ" НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ....

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.