2021 онд КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд 1.7 их наяд төгрөг зарцуулна
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал Даваа гарагт буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр Сангийн яаманд боллоо. 

 Хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал Д.Дуулал болон бусад албаныхан оролцжээ.

Тогтвортой байдлын зөвлөлийн энэ удаагийн ээлжит бус хурлаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, Монгол Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

  Монгол Улсын төсвөөс КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр 2020 онд нийт 2.4 их наяд төгрөгийн арга хэмжээг хэрэгжүүлсэн бол 2021 онд энэ чиглэлээр төсвөөс 1.7 их наяд төгрөг зарцуулагдахаар байгааг энэ үеэр мэдээлэв. 

Мөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгөний бодлогын зорилтод нийцүүлэн мөнгөний бодлогын хүү болон банкуудын заавал байлгах нөөцийн хувийг тус бүр 6% болгон бууруулж, иргэн, аж ахуйн нэгжийн авсан зээлийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах, төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулах, жижиг, дунд үйлдвэрлэл, уул, уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр зээлийн эх үүсвэр олгох арга хэмжээг зохион байгуулж байгаагийн үр дүн, цаашид эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурлаар авч хэлэлцлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.