Ч.Хүрэлбаатар: Вакцинтай холбоотой зарим мэдээллийг та бүгдтэй хуваалцая
.
Ярилцлага, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Коронагийн эсрэг вакцинжүүлэлт эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор вакцин тариулж болохгүй, цэвэр монгол генийг устгах гэж байна, нано чип суулгах гэж байна, намайг хордуулах гэж байна, гадаад улсуудад вакцин тариулаад өчнөөн олон хүн нас баржээ гээд олон төрлийн сонин, хачин мэдээлэл цацагдлаа.

Нөгөө хэдэн мояачууд, “хумс”-нууд вакцин, вакцинжуулалтыг харлуулах, ач холбогдлыг нь бууруулахаар “хар” мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж эхэллээ. Энэ бол тодорхой санаархал, зорилготой улстөрийн үйл ажиллагаа. Мэдээлэл, технологийн энэ цаг үед бодит үнэнийг худал, илэрхий худлыг үнэн болгочихоод байдаг пиар, гүтгэлэг, доромжлол, хоосон магтаал гээд олон төрлийн мэдээ, мэдээлэлд хүмүүс булуулж байна. Энэ олон мэдээ, мэдээлэл дунд хувь хүн шийдвэр гаргадаг. Вакцинтай холбоотой зарим мэдээллийг та бүгдтэй хуваалцая:

225 жилийн өмнө буюу 1796 онд Англид салхин цэцгийн эсрэг вакцин хийж эхэлжээ. Одоо салхин цэцэг устаж алга болсон өвчинд тооцогддог. Энэ өвчин бүрэн устах хүртлээ нийтдээ 300-500 сая хүний амь насыг авч одсон гэдэг.

  • Вакцинийг хэрэглэж эхэлснээс хойш салхин цэцэг, улаанбурхан, татран, сахуу зэрэг олон өвчин 99.9-100% устсан бөгөөд вакцин жил бүр 3 сая хүний амь насыг хамгаалдаг гэсэн тооцоо бий.
  • Корона вирус тархаж эхэлсэн цаг мөчөөс эхлэн анагаах ухааны салбарын дэлхийн хамгийн шилдэг судлаач, эрдэмтэд, судалгааны институт, эм, вакцины үйлдвэрлэгч, хөгжүүлэгч компаниуд вакцин бүтээхээр уралдаж эхэлсэн. 230 гаруй вакцин туршилтанд орсноос хойш одоогийн байдлаар зөвхөн 5 вакцин энэ бүх нарийн, хүнд хэцүү шалгуур, шүүлтүүр бүхнийг даваад хэрэглэгдэж эхлээд байна.
  • Вакцин бол шинжлэх ухааны бүтээл. Би шинжлэх ухаанд итгэдэг. Шинжлэх ухааны олон олон нээлтүүд хүмүүсийн насыг уртасгаж, амьдралыг хөнгөвчилж байгаа.
  • Вакциныг хэрэглэж эхлээд 225 жил болсон бөгөөд вакциний зохицуулалт маш нарийн, хүнд хэцүү шалгуур, шүүлтүүр ихтэй хэдий ч бас болгоомжлол илүүдэхгүй. Ийм учраас
  • ДЭМБ зөвшөөрсөн вакцинийг хэрэглэнэ гэдгээ Засгийн газар мэдэгдсэн.
  • Вакцинийг сайн дурын үндсэн дээр тариулна. Та эргэлзэж, болгоомжилж байгаа бол тариулахгүй байж болно.
  • Вакцин тариулснаар та өөрийгөө хамгаална. Ингэснээрээ та хайртай дотны хүмүүстээ болон бусдад халдвар тараахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
  • Вакцин тариулсны дараа вирусын эсрэг дархлаа хэр удаан тогтох нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.
  • Вакцин тариулсны дараа ихэнх хүн ямар нэгэн гаж нөлөө огт мэдэрдэггүй, харин цөөн тооны хүнд толгой өвдөх, бага зэрэг халуурах, тарьсан газар өвдөх, улайх зэрэг богино хугацаанд үргэлжлэх зарим сөрөг нөлөө ажиглагдаж болно. Энэ бүгдийг дэнслэн байж вакцин тариулах эсэхээ та өөрөө шийдээрэй.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.