Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж бодлогын зөвлөмж боловсрууллаа
.
Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Жендэрийн Үндэсний Хорооноос Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд Өмнөговь аймгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрт орон нутгийн иргэний нийгмийн 5 байгууллагын хамтарсан баг ажиллаж хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээг түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Өмнөговь аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр 2018 онд батлагдаж орон нутагт жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг боловсруулах, мэргэжилтэн боловсон хүчнийг чадавхжуулж бэлтгэх, иргэд, олон нийтийн жендэрийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гэсэн 4 зорилтын хүрээнд 34 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлснээс 21 нь бодит ажил болж 61,8 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжснээс гадна төлөвлөгдөөгүй 5 ажил нэмэлтээр хийгдсэн дүн хөндлөнгийн үнэлгээгээр гарчээ.

Дэд хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байр, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдийг байгуулсан зэрэг ажлууд нь үр дүн ач холбогдол өндөртэй байгаагаас гадна эрэгтэйчүүдийн кабинетийг байгуулж, эрэгтэйчүүдийн эмчийг сургалтанд хамруулж мэргэшүүлсэн нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгмийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэйгээр хүртэх боломжийг олгосон эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ, зөвлөгөө эрэлт нэмэгдсэн сайн жишээ болсон гэдгийг үнэлгээний мэргэжилтнүүд онцолжээ.

#ЗӨВЛӨМЖ

1. ОНЖДХ-ийн төлөвлөлтийн загварыг сайжруулж, үйл ажиллагаа бүрт хүрэх түвшин, суурь түвшинг тодорхой болгож, шалгуур үзүүлэлтүүдэд анхаарах
2. ОНЖДХ-ийн үйл ажиллагааны төлөвлөлтийг оновчтой болгож, орхигдсон зорилтот бүлгүүд болох хувийн хэвшлийнхэн, ажилгүй иргэд, малчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уул уурхайд ажиллагсад, тэдгээрийн гэр бүл рүү илүү чиглүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, хяналт үнэлгээг хийх ажлыг санхүүжилттэйгээр төлөвлөлтөд тусгах
3. Аймгийн жендэрийн салбар хорооны үйл ажиллагааг тогтмолжуулан идэвхжүүлж, гишүүдийг тодорхой ажил үүргийн хуваарьтай болгон хариуцлага, хамтын ажиллагааг сайжруулах
4. Сумдад жендэрийн салбар хороодыг бүрэн байгуулж, зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж, ажлын тайланг сонсож дүгнэдэг болох
5. ОНЖДХ-ийн төсөв санхүүг жилээс жилд нэмэгдүүлэх тогтолцоог бүрдүүлэх, аймгийн салбар хороо, сумдын салбар зөвлөлийг санхүүжилттэй болгох
6. Жендэрийн асуудал хариуцсан хүний нөөцийг орон тоогоор ажиллуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт тавих, салбар хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах боломжийг бүрдүүлэх
7. Иргэд, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр жендэрийн сургагч багш нарыг аймгийн хэмжээнд сум бүрт бэлтгэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, хяналт тавих
8. Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг боловсруулах чиглэлээр орон нутгийн удирдлагууд, байгууллагын дарга, эрхлэгчид, хүний нөөцийн мэргэжилтэнүүдийг сургалтад үе шаттай хамруулж, чадавхжуулах
9. ОНЖДХ-ийн үйл ажиллагааны хэрэгжилтийг иргэд, олон нийтэд сурталчлах, мэдээ мэдээллээр хангахад хэвлэл мэдээллийн байгууллагыг бодлогоор татан оролцуулах
10. Жендэрийн эрх тэгш байдал болон хүйсийн тэнцвэртэй байдлын судалгаа шинжилгээг салбар бүрээр хийж, бодлого төлөвлөлтөнд ашиглах, олон нийтэд мэдээлдэг байх


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.