Хөвсгөл нуурын баруун өмнөд, Дархадын хотгорын зүүн өмнөд хэсгээс хойш 130-аад км сунаж тогтсон уул нуруу бол Хорьдол Сарьдагийн нуруу юм. Хорьдол Сарьдагийн нуруу нь далайн түвшнээс 2500-аад метр өндөр боловч түүний салбар уулс нь эгц шовх өндөр оргилтой. Эдгээрээс хамгийн өндөр нь 3093 метр Дэлгэрхаан уул юм.
Хар мод голлосон шинэсэн тайга зонхилно. Ой мод нь нэн шигүү учраас бутлаг, өвслөг ургамал харьцангуй бага талбайд тархсан байдаг. Бутлаг ургамлаас ямаан арц, боролзгоно, сургар ургахаас гадна, олон зүйлийн эмийн ургамал, жимс элбэг ургана.
Монголын улаан номонд орсон баданга хүдэр, цоохор ирвэс, халиун буга, хүрэн баавгай, янгир ямаа, цэвдэгийн цагаан ятуу, хойлог зэрэг нэн ховор хөхтөн амьтан амьдардаг.