ЗГ: Т.Чимгээд хэрэг тулгах байдлаар ЭРҮҮДЭН ШҮҮСЭН бичлэгийг НУУЦААС ГАРГАХААР болжээ
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутайд тооцогдож ял эдлэж буй Т.Чимгээтэй холбогдох зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд түүнийг мөрдөн байцаах явцад эрүүдэн шүүсэн байж болзошгүй зарим нотлох баримтыг НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС гаргахаар шийдвэрлэжээ. Өмнө нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцсан байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзсан билээ. 

Дээрх асуудалтай холбоотойгоор Засгийн газраас холбогдох салбарын сайд, агентлагын дарга нар мэдээлэл хийх аж. Т.Чимгээ нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хоригдож 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20 жил хоригдох ял авсан.

Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах хууль, эрхзүйн үндэслэл бүрдэх юм байна.  Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй энэ хэрэг одоо болтол шийдэгдэхгүй байгаад анхаарах ёстойг Ерөнхий сайд хэллээ. Шүүхийн байгууллага яагаад зарим хэргийг богино хугацаанд шийддэг, заримыг нь сунжруулдаг асуудлыг ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэв. Мөн Т.Чимгээ зөвшөөрвөл зарим бичлэг, нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргахаар төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.