Д.Мөнгөнхуяг: Бидний олсон ШАШНЫ ЭД ЗҮЙЛСИЙГ 70 жилийн өмнө миний нагацын талын лам нар энэ ууланд нууж хадгалсан юм билээ
З.Батхуяг
Ярилцлага
/
1 жилийн өмнө

Увс аймгийн Өмнөговь сумаас нэн чухал Бурхан шашны эд өлгийн зүйлсийг тус сумын иргэн Д.Мөнгөнхуяг 2021 оны 03-р сарын 28- ны өдөр Яргайтын ууланд Буганд давс ,хужир шүү тавих үеэрээ санамсаргүй байдлаар олж сум орон нутгийнхаа удирдлагуудад хүлээлгэн өгчээ.  Бид дээрх мэдээллийн дагуу иргэн Г.Мөнгөнхуяг болон Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий нартай ярилцлаа.

Бурхан шашны эртний эд өлгийн зүйлсийг сум орон нутагтаа хүлээлгэн өгч, иргэний үүргээ чин шударгаар биелүүлсэн танд баяр хүргэе. Буга, янгирт хужир тавьж өгөхдөө тэдгээр зүйлсийг олсон гэл үү...?

Иргэн Мөнгөнхуяг: Тиймээ. Манай Өмнөговь суманд Яргайт гээд нутгийн түмний тахилгат, ан амьтад бэлчээрлэдэг уул бий. Би жил болгон энэ ууландаа гарч Буга, Янгирт хужир өгч, сан тавьж, салхилдаг юм. Энэ жил өөрийн хүү, төрсөн дүүгээ, хүргэнээ дагуулан дөрвүүл ууланд гарсан юм. Янгир, бугандаа хужир тавьж өгчихөөд уулаад жаал алхсан. Ядрах шинжтэй болохоор нь хамт яваа хэдийгээ дуудаад буухаар болсон. Уулнаас уруудаад явж байтал манай дүү надад хандаж “Ах аа, Умруу хад” руу очье. Тэнд элдэв юм байдаг гэсэн. Очиж үзье гэхээр түүнийг дагаад явасан. Үнэндээ хүн амьтан өмнө нь ирсэн, ухаж сэндийчсэн зүйл байсан. Бид тэндээс хөдлөөд уруудаж явтал нэг бөөрөнхий хад дайралдсан. Тэр хадны хажууд ирээд жаал амарсан. Тэгээд өнөөх бөөрөнхий хадыг хөдөлгөж үзтэл дотроос нь шашны эд зүйлс олдсон.

Хэдий хэмжээний зүйл байсан юм бэ...?

Хоёр авдар орчим ном судар, шашны зан үйлийн эдлэл хэрэглэл байсан. Бид нэг ч зүйл үлдээлгүй машиндаа ачаад ирсэн.

Олсон эд зүйлсээ орон нутгийн хийд, музейдээ хадгалуулсан уу, эсвэл танайд байгаа юу?

Одоогоор манайд бий. Сум орон нутгаас ажлын хэсэг гарч нөгөөх ууланд очсон. Мөн Улаангомын хийдээс таван лам ирээд танилцаж, ном судрыг нь тайлаад явсан.

Улаангомын хийдийн лам нар ном судрыг нь тайллаа гэсэн. Ямар учиртай судар бичиг, цаг хугацааны хувьд хэдий үеийг хамаарах эд зүйлс байна гэдгийг танд хэлсэн үү?

Ойролцоогоор 68-70 орчим жилийн өмнөх зүйлс байна лээ гэсэн. Хадгалалт хамгаалалт нь хэвээрээ байгааг хараад олзуурхсан. Ямартай ч эм тангийн нэг судар, зурхайн ухааны нэг судар байна гэсэн. Бусдыг нь манай сумын лам нарыг тайлж уншаарай гээд явсан. Тэр лам нарт болон телевизийн сурвалжлагч нарт баярлалаа гэдгээ хэлж чадаагүй, амжаагүй юм. Таны ярилцлагаар дамжуулан хэлье. Та дамжуулж өгөөрэй.

Та ямар ажил алба хашдаг хүн бэ?

Би Өмнөговь сумын нэгдүгээр сургуульд сантехникч хийдэг. Хар хүн.

Таны удамд лам хүн байв уу, энэ ууланд ийм судар ном нуусан тухай таныг багад ярьж хэлж байсан удаа бий юу?

Миний өвөө аав Намирал гэж хүн энэ сумын хүрээ хийдэд шавилан суудаг байсан. Би зүгээр л нэг энгийн, төрийн албан хаагч. Нэг сонин зүйл нь миний нагац тал буюу миний буурал ээжийн талын нагацууд маань энэ судар номыг хадгалж, хамгаалж байсан юм билээ. Тэгээд цаг эвгүй болох үед л энэ ууланд нуусан болж таарсан.

Бас сонин тохиолдол байна. Учир байна шүү. Та өмнө нь эдгээр зүйлийг эрэн хайж байсан уу?

Харин тиймээ сонин тохиолдол болсонд баярлаж байна. Өмнө нь би эрэл хайгуул хийж байгаагүй ээ. Манай сумынхан бол тэр чигээрээ ярьдаг. Энэ ууланд шашны эд зүйлс нуусан гэж. Удаа дараа хайгуул хийгээд олж байгаагүй юм билээ. Мөн зарим нь харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол ч байдаг гэсэн. Намайг багад аав ээж, эмээ өвөө мань энэ  талаар огт ярьж байгаагүй.

Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий:

Танай сумын иргэний олсон шашны эд зүйлс хэдий цаг үеийг хамарсан олдвор байна вэ. Сум болон аймгаас ажлын хэсэг гарч ажилласан гэлээ шүү дээ?

Ойролцоогоор хоёр авдар шахуу зүйл бий. 1800-1900 оны сүүлч үед хамрагдах эд зүйлс байна гэдгийг Улаангомоос ирсэн хийдийн лам нар ярьсан.

Хаанахын ямар хүрээ хийдэд ашиглагдаж байсан эд зүйлс вэ?

Манай нутгийн гандан хийдийн лам нарынх гэдэг нь тогтоогдсон. Нутгийн олон бол “НАМИРЫН ХИЙД” гэдэг. Төвд нэршил нь Дамчоренчиндодгүлин буюу “Есөн эрдэнийн орон” гэх нэртэй сумын хийдийнх гэсэн үг.

Олдворууд хаана байршуулж, хадгалж, хамгаалах вэ?

Одоогоор олсон айлдаа байгаа. Бид хуралдаад сумынхаа гандан хийдийг камержуулалт, хяналтын төхөөрөмтэй, гэрэлтүүлэгтэй болгохоор шийдсэн. Энэ асуудлыг шийдсэний дараа сумынхаа хийдэд залъя гэж төлөвлөсөн. Ажлын хэсэг гараад төсөв санхүүг нь шийдэж байна.

Олдвор олсон иргэний хэрхэн урамшуулах вэ?

Энэ олдвор бол зүгээр ч нэг ном судар биш. Сумын үүх түүх, шашны зан үйлийн, түүхийн эх сурвалж, соёлын өв. Тийм учраас Д.Мөнгөнхуяг тэргүүтйэ иргэдийг хэрхэн шагнах, яаж урамшуулахыг хуулийн хүрээнд судлахыг Тамгын газрын даргадаа даалгачихсан. Сум орон нутаг, аймгийн хэмжээнд урамшуулж алдаршуулахаас гадна сүсэгтэн олон маань ч бас шагая, алдаршуулъя гэдэг санал ирүүлж байна. Бид асуудлыг хуулийн хүрээнд шийдэх болно” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.