ДЭЭД ШҮҮХ АН-ын ТАМГАНЫ маргааныг ӨНӨӨДӨР эцэслэнэ
.
Тойрогт нь, Үйл явдал
/
1 жилийн өмнө
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр АН-ын тамгатай холбоотой маргааныг өнөөдөр 13:30 цагт хэлэлцэнэ. 
 
С.Эрдэнэ АН-ыг 2020 оны сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээж, намынхаа дэд дарга Ц.Туваанд ажлаа хүлээлгэн өгч, тамгаа шилжүүлсэн билээ. Уг нь тус нам Их хурлаа хийж, намын даргаа сонгох ёстой ч намынхаа дүрмийн дагуу өнгөрсөн оны долдугаар сарын 8-нд ийнхүү Ц.Туваанд намын даргын эрх, тамгатайгаа очсон юм.
 
С.Эрдэнэ өмнө нь намынхаа Их хурлаар дарга болсон “зангараг”-аа санан тамгаа буцааж авахыг хүссэн ч Ц.Туваан өгөөгүй бөгөөд хариуд нь С.Эрдэнэ албан ёсны даргын хувьд УБЕГ-т хандаад шинэ тамгатай болсон.
 
С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УБЕГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд шинэ тамга хийж өгсөн бөгөөд ингэхдээ Ц.Тувааны барьж байгаа хуучин тамгыг хүчингүй болгосон юм.
Тамгаа хүчингүй болгуулсан Ц.Тувааны тал УБЕГ-ын дээрх шийдвэрийг  Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Ингэснээр шинээр хийлгэсэн С.Эрдэнийн тамга ч хүчингүй болчихоод байгаа. 
 
 
 
Саяхан хоёр АН хоёулаа Ерөнхийлөгчийн сонгуульд тус тусдаа нэр дэвшигч тодруулсан гэхээр аль аль нь хүчингүй тамгаар бичиг баримтаа хүргүүлсэн гэсэн үг. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.