Ж.Батсуурь: Бид Ардчилсан намын төлөө бус Ардын намын дарангуйллын эсрэг ӨЛСӨЖ байгаа
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал, Ярилцлага
/
1 жилийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын гишүүд улстөрийн нойтон өлсгөлөн зарлаад зургаа хонож байна. Тэдний өлсгөлөн анх нь Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх зорилготой байсан бол одоо МАН-ын эсрэг өлсгөлөн болж хувирлаа. Уг өлсгөлөнгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр "Өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа тодорхой тайлбарлах гэж хичээлээ. Та бүхэн урт гэж чилэлгүй анхааран сонсоорой. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зарлаж буй өлсгөлөн, түүнийг тойрон өрнөж буй үйл явцыг нэг намын дотоод асуудал хэмээх эндүү шүүмж, биднийг явцуу эрх ашиг, албан тушаалын төлөө амь биеэ золин сууж буй гэх андуу ойлголт байгаад тайлбар хийх нь зүйтэй гэж бодов. УИХ-д 62 суудал авч, бүх шатанд ажил явуулах боломжийг атгасан МАН нэг намын хэт ноёрхол үзүүлж шүүх засаглал, АТГ-ыг гартаа авч, цаашлаад ҮХЦ-д нөлөөлөн шийдвэр гаргуулах замаар ардчилсан үзэл санаанаас ухарч байгааг ард иргэддээ ойлгуулах нь миний энд сууж буйн үндсэн шалтгаан юм. Бүх эрх мэдэл нэг тийш хэтийдэж, шударга ёсны зарчим алдагдаж, хэвлэл мэдээлэл, хууль дүрэм тэгш үйлчлэхээ больсон учир үгээ хэлэхийн тулд сонгосон арга энэ байлаа. Эрх баригчдын гарт орсон Дээд шүүх болон Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намын дарга, нэр дэвшигчийг бүртгэж авахгүй байгааг өнөөдөр нэг намын дотоод асуудал гэж үзэн үл ойшоож болох ч ирээдүйд учирч болох үр дагавар ямар хор уршиг дагуулахыг тунгаах хэрэгтэй. Асуудал дан ганц Ардчилсан намын асуудал биш. Ардчиллын мөн чанар, үнэт зүйл устаж, ард иргэд бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, үнэнийг мэдэх эрх чөлөөгөө алдаж, улмаар бидний үр хойч хүнлэг ардчилсан оронд биш, дарангуйлал дэглэмтэй улсад амьдардаг болох вий гэсэн сэрэмж болгоомж хүн бүхэнд төрөх учиртай. Нэг нам, нэг нэр дэвшигчийн эрхийн төлөө бид өлсөөгүй. Ардчилсан улс оронд сонгууль шударга явах ёстой. Сонгуульд өрсөлдөгчөө захиалдаггүй байх ёстой. Бидний тэмцэл сонголттой сонгууль, зарчимтай засаг, ирээдүйтэй эх орны төлөөх тэмцэл юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.