Б.Батдаваа: Манай улсын хэмжээнд хүн амын өсөлтийн оргил үе нь 1979-1989 онд 2.9 хувьтай байсан
.
Ярилцлага
/
8 сарын өмнө

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.

 "Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгээр нийт хүн ам 3,296,866, үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй 3,197,020, зургаагаас дээш сарын хугацаатайгаар гадаад улс оронд амьдарсан Монгол Улсын иргэдийн тоо 122,301 байгаа юм байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны тооллогын жилд 2.2 хувийн өсөлттэй байгаа дүн мэдээг танилцууллаа. Манай улсын хэмжээнд хүн амын өсөлтийн оргил үе нь 1979-1989 онд 2.9 хувь, хамгийн бага нь 1935-1944 онд 0.3 хувь байжээ. Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцоогоор 2031 онд Монгол Улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай. 

Монгол Улс насны бүтцийн хувьд залуу хэвээр байна. Тухайлбал, нийт хүн амын 31.5 хувийн 0-14 насны хүүхэд, 64.4 хувийг 15-64 насныхан, 4.1 хувийг 65-аас дээш насны хүн ам эзэлж байна. Хүн амын ачаалал буюу хөдөлмөрийн насны хүн амд ногдох хүүхэд, ахмад настан гэх мэт тэжээлгэгч хүн амын тоо 55.3 хувь байна. Хүн амын голч нас 27.9 болсон нь сүүлийн 30 жилд голч нас 10-аар нэмэгдсэнийг илэрхийлж байна" гэв. Гадаад улсад аж төрж буй иргэдийн 34.2 хувь нь суралцах зорилготой байгаа бол 20.6 хувь нь ажиллах, 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 11.7 хувь нь суурьших, 10.4 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр, 1 хувь нь албан томилолтоор амьдарч байгаа. Харин 9.5 хувь нь бусад шалтгаанаар гадаад улсад амьдарч байгаа гэх дүн мэдээлэл гарчээ.

Нийт өрхийн тоо 897,427 байгаа бол үүний 60.9 хувь нь байшин орон сууцанд, үүн дотроо орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь юм байна. 342,409 буюу нийт өрхийн 38.2 хувь нь гэрт, 8,039 өрх буюу 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэх дүн мэдээ гарчээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 8.4 хувь нь буюу 74.8 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй, эдгээрийн 80 орчим хувь нь хотод амьдардаг байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.