СЕХ: Дахин сонгууль явуулбал 8 тэрбум гаруй төгрөг зарцуулна
Д.Лхам
Тойрогт нь, Үйл явдал
/
7 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаарх Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өгсөн.

Мэдээллийн эхэнд, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Энэ удаагийн сонгууль онцлох зүйл ихтэй сонгууль болж байна. Нэгдүгээрт, цар тахлын үед болж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийн дор зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахын тулд Сонгуулийн ерөнхий хороо 22 удаа хуралдаж, 30 журмыг шинэчлэн найруулж өөрчиллөө. Хоёрт, энэ удаагийн сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна бэхэн тэмдэглэгээг хийж, 100 хувь гараар тоолно" гэлээ.

Мөн тэрбээр, Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатанд үлддэг. Ингээд СЕХ 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах хуультай. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан. Гэхдээ бид сонгогчиддоо итгэж байгаа. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг учраас эдийн засаг хүндэрсэн энэ үед бүгд сонгуульдаа идэвхтэй оролцож, дахин сонгуульгүйгээр Ерөнхийлөгчөө сонгоно гэж найдаж байна" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.