Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулагдана
Д.Лхам
Үйл явдал, Тойрогт нь, Үйл явдал
/
5 сарын өмнө

 

Бүрдүүлэх бичиг баримт

Та шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх ба шалгалтын цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, шалгалт эхлэхээс 10 минутын өмнө анги танхимд суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хоцорсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Иргэний үнэмлэх - Хэрвээ иргэний үнэмэх авах насанд хүрээгүй шалгуулагчил сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ.

Бүртгэлийн хуудас - Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан тамна даруулж баталгаажуулсан байх

Суудлын хуваарь - Бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Анхаарах зүйл

Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас/ авч орохыг хориглоно. Мөн шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна.

Хэрэв хөл хорио тогтоовол яах вэ

Хэрвээ УОК-оос халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорио тогтоох шийдвэр гаргавал Боловсролын үнэлгээний төв нь УОК болон Засгийн газраас ЭЕШ-ыг зохион байгуулахтай холбоотой гаргасан зөвлөмж, шийдвэрийг даган хуваарийн дагуу шалгалтыг зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.

Халдвар хамгааллын дэглэм

Шалгуулагчдад заавал вакцинд хамрагдах эсвэл PCR шинжилгээ өгсөн байх ёстой гэх шаардлага тавихгүй. Шалгалтын байранд ажиллаж байгаа хүмүүс амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахих, нэг удаагийн бээлий тогтмол хэрэглэнэ. Шалгалтын нийт 50 байр ажиллах бөгөөд орох, гарах гарцыг тусгайлан гаргаж, шалгалтын байранд халдвар хамгааллын нарийн дэглэм мөрдүүлнэ. Шалгалтын байр болгонд тусгай анги байгуулах юм. Хэрэв халуурсан эсвэл  ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн шалгуулагч ирвэл, тус байранд оруулж хамгаалалтын хувцастай багш нар шалгалтыг авах болно.

Шалгалтын агуулга, дүн

Танхимаар судалсан агуулгын хүрээнд шалгалт явагдах болно. Учир нь ЕБС-д   10-р анги хүртлээ судалсан хичээлийг 11,12-р ангид бататгаж үздэг. Энэ дагуу блюпринт боловсруулж, БҮТ-ийн сайт болон олон нийтийн цахим сүлжээнд нээлттэй тавьжээ. Тухайн агуулгын хүрээнд ЭЕШ-ын сэдэв, даалгавар боловсруулагдаж гарах болно.

Шалгалтын оноо засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан явуулна. Шалгалт бүрийн дараа тухайн байранд дүн оноог мэдээлнэ.

Их дээд сургуулийн босго оноо

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/187 тоот тушаалаар Их, дээд сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургуульд 410, орон нутгийн их, дээд сургуульд 400 байхаар  тогтоожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.