Н.Алтанхуяг: Вакцины нэгдсэн бодлого гэж алга. Бүтэн хоёр жил та нар ДААЖИГНАЛАА!!
З.Батхуяг
Үйл явдал
/
7 сарын өмнө

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцдэг. Хуралдаанд ЭМЯ-ны Төрийн  нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар оролцож байна. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Шадар сайд С.Амарсайхан хуралдаанд оролцож, дараах мэдээллийг өгөв:  

-Дэлхий нийтээрээ цар тахал хэзээ дуусах нь ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөлд байна.  Иймд цар тахлын тухай хуулийг сунгахаас өөр аргагүй.

Мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч халдвар тархалт буурахгүй байна.  Цөөн салбараас бусад нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 46 байгууллагын 186 ажилтан өдөр тутам халдвар хамгааллыг сахиулж байна.

Дээрх мэдээллийг өгсний дараа УИХ-ын гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Бүтэн хоёр жил та нар дөвчигөнсөн. Одоо даамжирсан шалтгаан юу вэ? Миний бодлоор вакцины бодлогоо гарга гэж ҮАБЗ-д анхааруулсан ч гурван тийш харсаар энд тэндээс айлуудын хаясан вакцин хийсэн. Аль нь манай иргэдэд илүү тохирохыг судлаагүй. Вакцинжуулалтаар тэргүүлж байна гэсэн ч одоо өвчлөл гаарлаа. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болилоо. Иргэд хэт тайвширснаас анхаарал суларсан нь мөн нөлөөлөв. Ерөнхийлөгчийн сонгууль ч нөлөөллөө. УИХ хоёр долоо хоног хуралдаагүй. Гишүүд бүгд орон нутаг руу явж , иргэд хоорондоо контакт үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн. тэгээд Хойд Солонгосын удирдагчийг угтаж байгаа мэт аягласан. Спутник вакцин хэзээ авчрах вэ?

Шадар сайд С.Амарсайхан:

-Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон нь үнэн. Мөн гэрээр 8000 орчим иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах байруудыг сайн бэлдсэнээр эмнэлгийн орноос 1 дахин олон хүн тусгаарлах байруудад эмчлүүлж байна. насанд хүрсэн иргэдээ дархлаажуулах ажлын үр дүнг танилцуулахад 750 мянган иргэн бүрэн тунгаа хийлгэсэн. 16-17 насны хүүхдүүдийг тарьж эхэлсэн гэв. Халдвар авсан нийт иргэдийн арван хувь нь вакцин хийлгэсэн иргэд байна. Өмнө нь ХӨСҮТ-ээс бүх эмчилгээний удирдамжаар хангадаг байсан. Одоо өрхийн эмнэлгүүд эмчилгээ хийж байгаа тул шат бүрд эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд  орлоо. Онцгойгийнхон, цагдаа нар ч сүүлийн нэг жилд ээлжгүй ажиллаж байна. Эмийн ханамжид бид онцгой анхаарч байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийж буй тохиолдол бий.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: 

 -Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж, Спутник V вакциныг авахаар ажиллаж байна. бидэнд ОХУ-ын талаас хэзээ нийлүүлэх талаар хариу өгөөгүй байна. Энэ вакцины хоёр дахь тунг эхний тунгаа хийлгэснээс хойш 21-90 хоногийн дотор хийлгэнэ. Хэдий чинээ олон хоногийн дараа тариулна, төдий чинээ үр дүн сайтай.           


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.