Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарт манлайлалтай нийгмийн зүтгэлтэн байхын тулд үзэг цаас барьдаг байх хэрэгтэй
З.Батхуяг
Ярилцлага
/
9 сарын өмнө
“Манлайлагч” булангийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, “элэгний” хэмээн алдаршсан Ж.Чинбүрэн уригдаж, хувь хүний манлайлал гэж юу болох, нийгмийн зүтгэлтэн хүн ямар байх ёстой вэ зэрэг хувь хүний хөгжлийн талаар  ярилцлаа.

-Таны хувьд хувь хүний манлайлал гэж юу вэ, та юугаараа бусдад үлгэр дуурайлал болж чаддаг вэ?

-Хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, зүтгэлтэй байгаа эсэх нь манлайллын чухал хэмжүүр. Сайн боловсрол эзэмшиж, мэдлэг зузаан боллоо гээд сэтгэл зүрхгүй, зүтгэлгүй бол тухайн хүн ажиллаж буй байгууллагадаа үнэ цэнэтэй байж чадахгүй гэдэг зүйл яригддаг болсон. Тиймээс хувь хүний оролцоо, сэтгэл, зүтгэл гэдэг бүх хөгжлийн, манлайллын суурь юм байна гэж боддог. Гэхдээ хүн оюун санаа мэдлэг боловсролоо тэлэх нь гарцаагүй учир өөрийгөө хөгжүүлдэг байх хэрэгтэй. Хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж буй нийгмийн өөрчлөлтөд мэдрэг байж, аливаа зүйлийг уншиж, үзэж харж, хувийн дүгнэлт өгч, мэдлэгээ тогтмол дээшлүүлж байх нь хөгжлийн түлхүүр. Тийм учир бид хувь хүний хөгжлийг орхигдуулж болохгүй. Эрүүл мэндийн салбарт манлайлалтай нийгмийн зүтгэлтэн байхын тулд ганцхан чагнуур бариад эмч болоод суух нь зохимжгүй. Тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд манлайлалтай оролцож, түүнийгээ олон нийтэд таниулах шаардлагатай. Үзэг цаас барьдаг бай. Зөвхөн чагнуур л бариад өвчтэй хүн ирэхийг хүлээгээд суувал энэ нь бизнес болно. Олныг хамарсан өвчинтэй тэмцэхэд ийм зүйл хийх шаардлагатай, ийм зүйлсийг зогсоох хэрэгтэй юм байна гэдгийг хэлж олон нийтэд таниулна гэдэг эмч хүнд заавал байх ёстой манлайллын шинж. Үүнийгээ би залуучуудад ч үргэлж хэлдэг.

2013 оноос хойш бид элэгний хорт хавдар, B, C вирусийн талаар ярьсан. Үүний үр дүнд 2016 онд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж нэг сая 300 мянган иргэнд B, C вирус байгаа эсэхийг үзээд 130 гаруй мянган иргэний C вирусийг эмчилчихсэн байна гэдэг том амжилт. Энэ нь миний дээр ярьсан зүйлийн жишээ юм.

-Хүн болгон хэн нэгнийг даган дуурайж түүн шигээ болох хүсэлд автсан байдаг.  Харин үүнээс өөрийгөө хэрхэн ялган таньж, өөрийгөө олох вэ?

-Хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй. Урд буй ажлаа сэтгэлээсээ хийж чадвал хөгжил дэвшил өөрөө замыг чинь засаж чиглүүлдэг. Тулгамдаж буй асуудлаа хайсан судлаач байх нь өмнөх замыг чинь нээнэ. Би тэрэн шиг алдартай, мундаг хүн болно гэж ажил хийх нь буруу. Харин би өөрийгөө яаж хөгжүүлэх вэ, миний өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн хандлага таныг амжилтад хүргэнэ. Нэр алдрын төлөө ажлаа хийх, хэн нэгнийг дуурайж ажил хийх нь буруу. Мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй. Сонгосон мэргэжилдээ үнэнч байх хэрэгтэй. Мөн сонгосон мэргэжлийнхээ даван туулах ёстой бэрхшээлүүдтэй нүүр тулж, өөрөө дотор нь орж тулалдах нь таны амжилтын их суурь.

-Би таныг нийгмийн зүтгэлтэн хүн гэж хардаг. Нийгмийн зүтгэлтэн хүний нийгэмд үзүүлж буй нөлөө ямар байх вэ?

-Хөндөж буй сэдэв хичнээн хүнийг хамарсан том сэдэв байх нь чухал. Жишээлбэл, хорт хавдраар жил болгон 6000 хүн, өдөр болгон 16 хүн өвчилж, шинээр хавдар гэдэг өвчний онош сонсож байна. Эдгээрээс өдөрт 12 нь нас барж байна. Ингээд бодоход бид маш олон хүнээ хорт хавдраар алдаж байна. Үүнээс хамгаалах арга зэвсэг байхад дуугүй суугаад байна гэдэг эсрэгээрээ гэмт хэрэг болж  байна. Энэ нь өөрөө хүнлэг биш асуудал. Тийм учир миний нийгэмд үзүүлэх нөлөө, хийхийг хүсэж буй зүйл бол энэ олон монголчуудаа муухай өвчнөөр алдахгүй байх явдал юм. Тавхан төрлийн хавдрыг хянахад бид нийт хорт хавдрын 70 хувийг хянаж чадна. Эдгээр нь  элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, уушигны хавдрууд юм.  Хүн гэдэг үнэлж баршгүй том капитал. Нийгмийн баялаг бол хүн. Хүн тулгууртай хөгжинө гэж яриад байгаа нь энэ. Эрдэм мэдлэг өвөртлөөд, асар их туршлага хуримтлуулаад, ид ажлаа хийдэг 45-55 насны хүмүүсээ бид жил болгон алдаад байна. Энэ нь Монголын эдийн засагт асар их нөлөөлж байна. Бид хийж болохгүй зүйлийг яриагүй. Нэг монгол айлын элэг бүтэн амьдралыг ярьж байна. Маш чухал асуудал юм. Ярих хэрэгтэй. Энэ бүх тооны цаана айл бүрийн амьдрал бий. Тийм учраас иргэдээ эрт илрүүлэгт тогтмол хамруулдаг тогтолцоотой болохын тулд ажиллаж байна.

-Хүмүүсийн яриад л өнгөрдөг, мартагддаг эсвэл тоодоггүй, дасал болсон мэт хүлээн авдаг энэ сэтгэлгээг яаж өөрчлөх вэ?

-Ийм болохоор бид өдөр болгон тухайн асуудлыг ярьж сануулах хэрэгтэй. Мөн үүний гүйцэтгэл чухал. Эрт илрүүлгээр жишээ аваад ярья. Та заавал эрүүл мэндийн, хорт хавдрын үзлэг оношилгоонд хамрагдах хэрэгтэй гэсэн уриатай хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайн хүнд мессежээр, и-мэйлээр ирж үзүүлэх заавар зөвлөгөөг өгч байх хэрэгтэй. Тэгж чадвал хүмүүс хамрагдана. Гурван сая иргэнээ хорт хавдраас хамгаалахын тулд жилдээ 40 тэрбум төгрөг төсөвлөхөд болно. Нийт том төсвийн хажууд 40 тэрбум төгрөг их мөнгө биш шүү дээ. 40, 50 хүрсэн мэргэжилтэй хүн ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг бид одоо болтол тооцоогүй. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад ойролцоогоор 70-100 мянган ам.доллараар нэг иргэнээ үнэлж байна. Энэ нь нэг иргэнээ алдахад улс хэдэн төгрөг алдаж буй үнэ цэнийн үнэлгээ. Манай улсын хувьд жилд дөрвөн мянган хүнээ хорт хавдраар алдахгүйн тулд  40 тэрбум төгрөг юу ч биш юм. 40 тэрбум төгрөгийг зарцуулахад бид жилдээ 1.3-1.5 сая хүнийг үзлэгт хамруулж чадна. Эрсдэлгүй хүмүүсийг үзээд байвал энэ нь эдийн засгийн хувьд үр өгөөжгүй юм. Эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг л хамруулна.

-Таны ажил амьдралдаа өдөр тутам мөрддөг зарчим юу вэ?

-Хүн асуудлаас ухарч болдоггүй юм. Арагшаа ухарсан алхам хийгээд амжилт олно  гэдэг нь бууж өгсөнтэй адил. Ялангуяа мэс заслын эмч хүн тухайн хүнийг аврах боломж байхад үгүй гэж хэлнэ гэдэг үнэхээр харамсалтай. Аливаа асуудалд шийдэмгий байх нь чухал. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, за ч биш, үгүй ч биш явах нь мэс засалч хүний зан авирт нийцэхгүй. Аливаа зүйлээс зугтааж биш, асуудалтай нүүр тулж байж шийднэ. Энэ бол миний баримталдаг зарчим. Ажил мэргэжлийн онцлогоос минь болдог гэж хэлж болох юм.

-Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжлийг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Маш эергээр харж байна. 1990 он хүртэл манай эрүүл мэндийн салбар ЗХУ-аас бүрэн хамааралтай явж байсан. 1990-2000 он буюу эл арван жилийн хугацаа шилжилтийн үе байсан. Эдийн засаг хэцүү байлаа. Тэр хүнд хэцүү үед эрүүл мэндийн салбараа алдчихгүй явсан. Энэ үе бол ЗХУ-ын тусламжаас бусад улсын тусламж руу шилжих үе байсан. 2000-2020 он буюу сүүлийн хорин жилд боловсон хүчин, техник, технологийн хувьд дэвшсэн том дэвшлийн үе байсан. Үүнтэй холбоотой ганцхан жишээг хэлэхэд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг улс болж чадсан явдал. Тэгэхээр бидний сүүлийн 30 жилд хийсэн үсрэнгүй хөгжил ойрын 10 жилд бүр илүү хөгжих боломжтой. Ямар ч эргэлзээ байхгүй.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.