Наадмын үзүүрт үлдэж гүрж ногоон цайгаар шагнуулсан Жамьянхорлоогийн СҮХБААТАР
Г.Золбаяр
Төрд зүтгэсэн эрхмүүд нэвтрүүлэг
/
9 сарын өмнө
НААДМЫН ҮЗҮҮРТ ҮЛДЭЖ ГҮРЖ НОГООН ЦАЙГААР ШАГНУУЛСАН Жамьянхорлоогийн СҮХБААТАР

 Монголын парламентад хууль, эрх зүйгээр мэргэшсэн цөөхөн гишүүдийн нэг бол Ж.Сүхбаатар билээ. УИХ-ын гишүүн С.Төмөр агсны туслах, гарын шавь тэрээр хуульд юу гэж заасан байна түүнийг л барьж ажиллах ёстой хэмээн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд хэнд ч хэлэх гэсэн үгээ хэлчихдэг шударга гишүүн гэгддэг. Тэрээр 1975 онд Дархан хотод С.Жамъянхорлоогийн таван хүүгийн ууган хүүхэд болон мэндэлжээ. Түүний аав С.Жамъянхорлоо нь жудогийн спортын мастер, аймгийн арслан цолтой хүн юм.

Айлын ууган хүү болоод ч тэр үү аав нь түүнд “Айлын том хүүхэд хонины мах эвдэж сур” гээд л ноцолдуулдаг байжээ. Харин тэрээр мах эвдэж сураагүй ч, гурил зуурч, нухаж сурсан гэдэг.

Энэ тухай “Манай аав яс хийлгэдэг. Хамаагүй их ус хийлгэж нойтон болгож болохгүй гээ л. Би ч хөлсөө гартал ноцолддог. Сахилга батын хувьд бүр үлгэр жишээ хүүхэд байлаа” гэж дурссан байдаг.

Ж.Сүхбаатар сурагч байхдаа ном их уншдаг, тэрэндээ бүр орчихсон. Володя ингэдэг байсан гээд л. Хичээлдээ сайн байхын хажуугаар бас бие бялдрын хувьд мундаг байх ёстой гээд хөнгөн атлетикийн дугуйланд явдаг байжээ. Дархан хотын аваргаас медаль ч хүртэж байв. Түүний аав бөх тул наймдугаар ангид ордог жил нь “Одоо бөхөөр хичээллэх цаг боллоо” гээд наадмаар өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаанд барилдуулах болжээ. Тэрээр Дархандаа хоёр удаа үзүүрлэж, нэг удаагийнхад нь аавтайгаа хамт наадмын талбайд зодоглон, үзүүрлэж гүрж ногоон цай, халуун сав, 15 төгрөгөөр шагнуулахад аав нь бас шагнал авч байсан сайхан дурсамж байдаг. Удалгүй чөлөөт бөх рүү ороод хотын аварга болсон ч жүдод илүү авьяастай тул хичээллэх болов. 10 дугаар ангиа төгсөх жилээ Дархан хотын  жүдогийн аварга болжээ.

Хуульчийн замнал

Ж.Сүхбаатар 1993 онд Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургууль төгсөөд конкурст өрсөлдөж эрх зүйн анги авчээ. Түүний аз таарахад улсын хэмжээнд таван хүүхдийг л хуулийн ангид улсын тэтгэлэгтэйгээр авах болж нэг хуваарь нь Дарханд ирсэн байв. Олон жил сайн сурсан, татаас энээ тэрээ байхгүй тэрээр арын хаалгаар авчихдаг гэсэн сураг дуулаадахлаа. Айсандаа гурван долоо хоног вакумжсан хөтөлбөр өөртөө гаргаж, хүнтэй ч уулзахаа байгаад хаалгаа цоожлоод, хоол өгөхөөр нь хаалганы завсраар л авдаг болов. Сэтгэл нь тогтохгүй цонхоор юм хараад л, гармаар санагдаад л эхний гурав хоног тарчилсны эцэст сүүлдээ хичээл, номоо цай шиг л “ууж” гарсан гэдэг. Насаараа шахуу дунд талын эгнээнд суусан сурагч Ж.Сүхбаатар конкурс дээр орохоор суудлын байрлал солигдоно гэж хаширлаад тэр сэтгэл зүйгээ хүртэл бодож бэлтгэсэн нь түүний ямар айхтар хүүхэд байсныг илтгэнэ. Ингэж бэлдсэн тэрээр конкурст хамгийн өндөр оноо авч, сургалтын төлбөрөөс аав ээжийгөө чөлөөлөн тэднийхээ итгэлийг алдаагүй гэдэг.

МУИС-ын Хууль зүйн сургуулийн босгыг алхаж амьдралын замаа ийнхүү эхлүүлжээ. Дунд сургуульдаа олны итгэл хүндлэл, дэмжлэгээр хүрээлүүлж явсан мундаг сурагч маань эхний жилээ дотуур байранд юм үзээгүй жаал ирж, хэнбугай ч биш болж хувирав. Улаанбаатарт өмнө нь гуравхан удаа ирж байсан, цаг үе ч одоогийнхоос өөр, ороо бусгаа байсан тул  эхний нэг жилээ бараг л тэнтэр тунтар, арай хийж нэг юм дуусгасан гэдэг.  Ингээд 1997 онд МУИС-ийг төгсөөд сургуульдаа, захиргааны эрх зүйн танхимд багшаар үлдэх гэж байтал УИХ-ын гишүүн С.Төмөр түүнд “Улаанбаатар-Эрдэм” сургуульд багшил, бас миний туслахаараа ажилла гэж урвуулснаар улс төрд хөл тавих эхлэл нь болжээ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.