“1000 ЖИМСНИЙ МОД” аян эхэллээ
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
3 сарын өмнө
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УИХ-ын гишүүн Булгантуяа хамтран Улаанбаатар хотын айл өрх, цэцэрлэгийн хашаанд хүнсний болон аж ахуйн ач холбогдолтой 1000 жимсний мод тарих аяныг Баянзүрх дүүргийн 257-р цэцэрлэгээс эхлүүллээ.

 

Аяны хүрээнд үхрийн нүд, улаалзгана, монос, интоор гэсэн 4 төрлийн жимсний модны 1000 суулгацыг суулгах юм. Эдгээр суулгац нь 1-3 жилийн дараа жимсээ өгч эхлэхээ гадна тухайн тарьсан орчиндоо эх ургамал болон ургах юм. Тухайн суулгацуудыг өрх, цэцэрлэг бүр зөв тарьж ургуулах зааварчилгаа өгөх, хянах, цаашид эх ургамлаас жимс хураах, ногоон мөчир болон яст жимсээр үржүүлэг хийж сургах зэрэг тогтвортой үргэлжлүүлэх ач бүхий ажлыг “Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо” ТББ мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.

Арга хэмжээний үеэр НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Энэхүү аян маань хүрээлэн буй орчин, шим тэжээлийн зэрэг олон талын ач холбoгдолтой. Түүнчлэн “Жимс жимсгэнэ", “Өрх бүрийн хашаанд мод тарья” зэрэг үндэсний хөтөлбөртэй уялдаж байгаа юм. ” хэмээн онцолж байлаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Баянзүрх дүүрэгт нийслэлийн дөрөвний нэг хүн ам төвлөрөн оршин сууж байна. Энэхүү хотыг ногооруулах, тэр дундаа хүүхэд багачууд руу хандсан үйл ажиллагаа НҮБ-ын Олон улсын жимс, хүнсний ногооны жилийн хүрээнд хийгдэж байгаад баяртай байна. Энэ 1000 мод төдийгүй цаашлаад өрх бүр идэвх зүтгэлтэй оролцож аянд нэгдээсэй гэж хүсэж байна.” гэж уриаллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр “Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарал, цөлжилт их явагдаж байгаа энэ цаг үед маш хэрэгтэй санаачилга юм. Өрх бүр хашаандаа мод тарья аян маань сүүлийн жилүүдэд эрчимтэй, амжилттай хэрэгжүүлж байна. Хамтран ажиллаж байгаа бүх талууддаа баярлалаа.” хэмээн талархал илэрхийллээ.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь “Монголчуудын хувьд жимс жимсгэний хэрэглээ зөвлөсөн хэмжээнээс даруй 5-6 дахин бага, жилдээ 18-22 мянган тонн жимс, жимсгэнийг импортоор авч байна. Өрх бүр өөрийн хэрэгцээний жимс, жимсгэнийг тариалах боломж бүрдэх нь маш чухал юм.” гэж ярьлаа.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 2021 оныг Олон улсын Жимс, Хүнсний ногооны жил болгон зарласан бөгөөд жимс жимсгэнэ, хүнсний ногоог өргөнөөр хэрэглэх, түүний ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах, хүнсний ногооны үйлдвэрлэл явуулж буй өрх, аж ахуй нэгжүүдийн туршлагыг танилцуулах олон үйл ажиллагаанууд зохион байгуулж байна.

Илүү мэдээллийг Food and Agriculture Organization of the United Nations (FAO) фэйсбүүк хуудсаар дамжуулан аваарай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 сарын өмнө
202.9.46.158
zew alham hiijee demeerei
Зочин
3 сарын өмнө
202.9.46.158
zew alham hiijee demeerei