С.Баярцогт, Ш.Батхүү, Алтан нарын хэргийг ДЭЭД ШҮҮХ хэлэлцэлгүй буцаадаг нь УЛСТӨРТЭЙ ХАМААРАЛТАЙ гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
7 сарын өмнө

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гурван гишүүн 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр өргөн барьсан юм. Эл хуулийн төслийг гол агуулга нь Дээд шүүхэд очсон хэргийг прокурорт буцаадаггүй болгох заалт юм.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэхдээ “Шүүх, прокурорын байгууллагад улс төрд нөлөө бүхий этгээд нөлөөлөх, дарамт үзүүлэх, авлига өгөхөөс сэргийлэх бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан Шүүхийн бие даасан байдлын зарчим, прокурорын гадны нөлөөнд үл автах зарчим, гэм буруугийн зарчим, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж, гэм буруутай этгээдэд ял завших боломж олгож буй хуулийн заалтыг залруулах ач холбогдолтой.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид Дээд шүүхээс хэргийг буцаадаггүй байх ёстой гэж үздэг. Бидний ял өгсөн хэргийг Дээд шүүхээс буцаагаад байна шүү дээ гэдэг. Дээд шүүхийн шүүгчид бол өөрийн эрх мэдлээ хадгалах, авлигажих ашиг сонирхолтой. Дээд шүүхээс өнгөрсөн онд 22 хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. С.Баярцогт, Ш.Батхүү, Алтангийн хэрэг гэх мэт. Хоёр шатны шүүхээс гэм буруутай нь нотлогдсон томоохон албан тушаалын хэргүүдийг Дээд шүүхээс мөрдөн байцаалтад буцаах замаар замхруулж байгаа. Энэ бол Дээд шүүхийн шүүгч нар өөрөө шийдэх, өөрөөсөө хамааралтай байлгах сонирхолтой шууд холбоотой. Үүнийг хуулиар нь таслан зогсоох ёстой” гэв.

Б.Пүрэвдорж: Хүний эрхийг дээдлэх чиглэлд хийж байгаа ажлуудын нэг бол шүүхээс буцаахгүй байх асуудал. Дээд шүүх хуулийн төслийг дэмжихгүй байх шалтгаан байгаа. 22 хэргийг буцааж байна гэдэг бол Дээд шүүх өөрсдийн тогтолцоог авч үлдэхийн тулд зүтгэж байна гэсэн үг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.