Оюутолгойгос ирсэн нааштай хариу
Д.Лхам
Үйл явдал
/
2 сарын өмнө

“Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд, “Туркойз хилл ресурс” компанийн захирал Стив Тибоу нараас Засгийн газраас томилсон Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт өнгөрсөн долоо хоногт захидал ирүүлжээ. Тодруулбал, Засгийн газрын эрх мэдэл бүхий хүмүүсийн гарт энэ сарын 21-нд тус захидал очсон гэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт уламжлал ёсоор хурлаа хийсэн. Энэ үеэр Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд хэлэлцээний явцын талаар мэдээлэл өгсөн нь илэрхий болоод буй.

Эл үйл явдлын дараа “Рио тинто” Оюутолгойн ордын гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсооно гэж “дарамталсан” захидал илгээсэн тухай мэдээлэл цацагдсан юм. Үнэн хэрэгтээ гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох тухай хоёр тал албан яриа гаргаагүй бололтой. Шинэ захидлын агуулга үүнээс тэс өөр агаад “Рио тинто” хэлэлцээний шатрын өрөг дээрх дараагийн нүүдлээ хийж эхэлснийг тодорхой төсөөлж болохоор байна.

Эх сурвалжийн мэдээлснээр “Рио тинто” Оюутолгойн ордыг хамтран ашиглахад Монгол Улсын хүртэх санхүү, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нэлээд хэдэн санал гаргаж байгаа гэнэ. Эхнийх нь Хувь нийлүүлэгчийн гэрээний дагуу “Рио тинто” группээс авч буй хөрөнгө оруулалтын зээлийн дийлэнхийг тэглэх санал аж. Манай улс “Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг эзэмшиж, түүндээ дүйх хөрөнгө оруулалтыг “Рио тинто”-гоос жилд Лондоны банк хоорондынх дээр нэмэх нь 6.5 хувийн хүүтэй зээлж буй. “Оюутолгой” төслийн зардал өсөхийн хэрээр манай талын авсан зээлийн хэмжээ нэмэгдсээр байна. Одоогоор манай улсын эзэмшиж буй хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.долларт хүрсэн. Уг зээлийг хүүтэй нь хамт Монгол Улс 34 хувьдаа ногдох ногдол ашгаар төлөх учиртай.

Хөрөнгө оруулагч талаас “Оюутолгой” компанийн хувь эзэмшилд ногдох зээлийн 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал гаргажээ. Энэ нь уг зээлийн 70 хувь гэсэн үг. Тус компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан өнөөгийн тооцоогоор 2050 он гэхэд төслийн хөрөнгө оруулалтын зээл, хүүгийн зардалтайгаа 22 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улс “Оюутолгой” компаниас ногдол ашиг авах нөхцөл бүрдэхгүй талаар олон нийтэд мэдээлсэн. Хэрэв Засгийн газар энэ саналыг нь хүлээж авбал Монголын эзэмшиж буй 34 хувьд ногдох санхүүгийн дарамт үлэмж хэмжээгээр буурах нь тодорхой. Тэгэхээр ногдол ашиг авах хугацаа ч ойртож таарна.

“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт 4.3 тэрбум ам.долларт багтах тооцоотой байв. Анхны хөрөнгө оруулалтыг хийснээс хойш шаардлагатай бусад санхүүжилтээ компани өөрийн орлогоос шийдвэрлэнэ гэсэн төсөөлөлтэйгөөр монголчууд “Рио тинто” групптэй гэрээ байгуулсан. Гэтэл хөрөнгө оруулалтын зардал хэтэрч, тэдний хийсэн тооцоолол биеллээ олоогүй. Өдгөө дахиад ч хэтэрчихээд байна. Анхны хөрөнгө оруулалтын 700 сая ам.долларыг монголчууд зээлж, компанийн 34 хувийг эзэмших тохиролцоонд хүрч байлаа. “Рио тинто” анх хэлсэн амандаа хүрэхээр хөрөнгө оруулалтын зээлийг 700 сая ам.долларт хүргэж, бусдыг нь тэглэхээр шийджээ гэж бодож болохоор юм.

“Рио тинто” группээс өнгөрсөн наймдугаар сарын 21-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаягласан захидал ирүүлсэн. Тус захидлын гол агуулга нь хөрөнгө оруулалтын зардлыг дахин хэтрүүлсэндээ хүлцэл өчсөн байв. Захидлын өөр нэг анхаарал татах зүйл нь Засгийн газарт ирэх гурван жилд нэг их наяд орчим төгрөгийг төсвийн нэмэлт орлого болгон төвлөрүүлэх саналаа илэрхийлсэн явдал байлаа. Хоёр сарын дараа илгээсэн захидалдаа уг саналаа дахин дурдсан гэнэ. Энэ нь ойролцоогоор 400 сая ам.доллар “бэлэглэх” санал юм. Засгийн газраас “Оюутолгой” компанийн олборлолтоос хураах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүтээгдэхүүний үнэ ханштай уялдуулан нэмэх саналтай байгаагаа хэлсэн. Төсвийн дэмжлэгийг энэ саналынх нь хариулт болгон “өргөн барьж” буй гэж шинжээчид таамаглаж байна.

Оюутолгойн зэс, алтны ордын гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтрэх нь тодорхой болсныг хөрөнгө оруулагч тал 2019 онд мэдэгдсэн. Үүнээс хойш хоёр тал хэлэлцээний ширээний ард суух нь тодорхой болж, гэрээ хэлэлцээгээ эргэж харах шаардлага тулгарсан юм. Хэтэрсэн хөрөнгө оруулалтын зардлаас менежментийн төлбөр авахгүйгээ “Рио тинто”-гоос илэрхийлжээ. Одоогоор хөрөнгө оруулагч тал төслийн үйл ажиллагааны зардлаас гурав, хөрөнгийнхөөс зургаан хувийн менежментийн төлбөр авч буй. Тэгэхээр 1.4 тэрбум ам.доллароос менежментийн төлбөр авахаа зогсоож, “Оюутолгой” компанийн санхүүгийн дарамтыг багасах санал гаргасан гэсэн үг.

Мөн тус компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.2 тэрбум ам.долларын зээлийн баталгааны шимтгэлийг “Рио тинто”-д төлөх үүрэг хүлээсэн. Уг шимтгэлийг 2028 оны зургадугаар сарын 30 хүртэл төлөх үүрэгтэй гэнэ. “Рио тинто” зээлийн баталгааны шимтгэлийг тэглэх саналаа захидалд дурдсан байна. “Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх талаар “Рио тинто” группээс явуулж буй бодлого, стратеги” хэмээх танилцуулга “Дубайн гэрээ”-г байгуулахаас өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сард хэвлэгдэж байв. Үүнд баталгааны шимтгэлийн зөвхөн зээлийн үндсэн дүнд ногдох хэмжээ нь 536 сая ам.доллар бөгөөд энэ хэмжээ цаашид өснө. Баталгаа гаргасан 4.2 тэрбум ам.доллароос гадна хүү болон бусад хураамжаас нэмж шимтгэл авна гэж дурдсан байлаа. Тэгэхээр зээлийн баталгааны шимтгэлд нэлээд зардал гаргадаг байжээ. Менежментийн төлбөр, зээлийн баталгааны шимтгэлийг тэглэснээр “Оюутолгой” компанийн зардал нэг тэрбум “ногоон”-оор буурна гэж баримжаалж болох нь. “Оюутолгой”-н зардал буурах тусам монголчуудын хүртэх үр өгөөж нэмэгдэнэ.

“Оюутолгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөж 40 хувиас доош буусныг Засгийн газрыг төлөөлж хэлэлцээ хийж буй ажлын хэсгийнхэн дуулгасан. Анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа Монгол Улс төслийн үр өгөөжийн 53 хувийг хүртэнэ гэж хоёр тал тохирсон. Монголчууд 53 хувиас илүү өгөөж хүртэх ёстой гэж хөрөнгө оруулагчаас нэхээгүй. Харин дээрх хэмжээнээс бага өгөөж хүртэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс хөрөнгө оруу
лагч тал “Оюутолгой” төслөөс Монголд ногдох үр өгөөжийг 53 хувиас дээшлүүлэх санал гаргасан байлгүй. Хөрөнгө оруулалтын зээлээс 1.6 тэрбумыг тэглэнэ, төсвийн нэмэлт орлого болгож 400 саяыг өгнө, менежментийн төлбөр, баталгааны шимтгэлийн нэг тэрбум ам.доллароос татгалзана. Монгол Улсад нийт гурван тэрбум ам.долларын боломж олгох саналыг тусгасан захидлыг “Рио тинто” илгээжээ.

Дээр дурдсанчлан Монгол Улсын Засгийн газар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүтээгдэхүүний үнэ ханштай уялдуулж нэмэх саналтай байгаа. Үүнээс гадна “Дубайн гэрээ” буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилго тавьсан. Харин “Рио тинто” группийнхэн хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татваруудыг өөрчлөхийг эсэргүүцэж буй. Тиймээс манай улсын төслөөс хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх өөр хувилбарыг ийн санал болгосон хэрэг. Хоёр талын санал, зорилго зөрүүтэй байна. Хэн нэг нь буулт хийж, хэл амаа ололцох нь бизнесийн төдийгүй амьдралын зарчим билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.