Урлаг, соёл, спортынхон, үйлдвэр үйлчилгээний салбаруудаар дамжуулан БҮҮСТЕР ТУНГ идэвхжүүлнэ
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
2 сарын өмнө
Урлаг, соёл, спортын болон үйлдвэр үйлчилгээний салбарын үйл ажиллагааг өнөөдрөөс танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр эхлүүлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд, Шадар сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, нийслэл хотын удирдлагууд өнөөдөр тухайн салбарын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Цар тахлын нөхцөл байдал багадаа 5 жил үргэлжлэх учраас дэлхий нийтээрээ эрүүл мэнд, нийгэм, эдийн засгаа хамтад нь авч явах бодлого баримталж буй. Ковидын үеийн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг бууруулах чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн хамгийн чухал ажил бол нийт хүн амынхаа 65.7 хувийг 2 тун вакцинд хамруулж чадсан явдал гэдгийг Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр хэлсэн юм.
Вакцинтай тулдаа бид хатуу хөл хорио тогтоолгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулж, хичээл сургалтаа танхимаар үргэлжлүүлэх боломж бүрдсэн. Цаашид бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүхий л шатанд хангахаар ажиллаж байгаа. Гэвч мутацид орсон шинэ хувилбарууд вакцины үйлчлэлийг бууруулж байгаа учраас дархлаа сэргээх нэмэлт 3-р тунд иргэдээ идэвхтэй хамруулах зорилтот ажлыг улс, нийслэл даяар зохион байгуулж буйг тэрбээр онцолсон.
Нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах үүднээс урлаг, соёл, спортын болон үйлдвэр үйлчилгээний салбарынхантайгаа хамтраад вакцины нэмэлт 3-р тунгийн явцыг идэвхжүүлэх хүрээнд санал бодлыг нь нээлттэй сонслоо. Урлаг соёлынхон, спортынхон, үйлдвэр үйлчилгээний салбарынхан энэхүү санаачилгыг дуу нэгтэйгээр дэмжин хамтарч, нийгмийн хариуцлагаар манлайлж ажиллахаа энэ үеэр илэрхийлж байв.
“Вакцин хүрэлцээгүйн улмаас дархлаа сэргээх нэмэлт 3-р тунг хийж эхэлсэн маш цөөхөн орнуудын нэг нь Монгол Улс. Засгийн газар, Улсын онцгой комиссоос иргэдээ 3-р тунд хамруулах “Пфайзер” вакциныг хангалттай хэмжээнд нөөцөлсөн байгаа. Иймд одоо цаг алдалгүй нийт хүн амынхаа дор хаяж 50 хувийг вакцины 3-р тунд хамруулж, хөл хорио тогтоолгүйгээр ажил, амьдралаа хэвийн үргэлжүүлэхийн төлөө хамтдаа хичээх учиртай” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.