Н.Тавинбэх: Улаанбаатар хотод тоггүй, лаа барьж амьдардаг 11 мянга гаруй өрхийг байнгын эрчим хүчинд холбоно
З.Батхуяг
Ярилцлага
/
1 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийг хэрхэн боосон, салбар яамдад ямар ямар шинэчлэл хийгдэж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох сайдууд танилцуулга хийлээ. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй уулзаж тодруулга авлаа. Тэрбээр Засгийн газраас “Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц”, “Тавантолгойн цахилгаан станц” зэрэг томоохон төслүүдийг зориглон эхлүүлэхээр шийдвэр гаргасан. Тэрчлэн 2022 оны наймдугаар сараас цахилгааны үнэ тарифийг 20 хувь нэмэх зайлшгүй шаардлага үүссэн тухай онцоллоо.

Эрчим хүчний салбар 2022 оны өвөлд бэлэн үү...?

Ковидын улмаас манай салбар нэлээд ачаалалттай ажиллаж байна. Эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэн. Үүнтэй уялдуулаад өвөлжилтийн бэлтгэлийг хангаж байгаа. Одоогоор 90 гаруй хувьтай байгааг дуулгая.

Баянзүрх, Сонгинохайрхан гээд гэр хороолол, хүн ам ихтэй төвийн дүүргүүдэд шинээр шилжиж ирсэн өрхүүд тоггүй, лаа бариатай байгаа нь үнэн төрх. Тэднийг байнгын эрчим хүчний эх үүсвэрт хангах бодлого бий юу...?

21 зуун гарчихаад байхад нийслэлийн айл тог цахилгаангүй амьдарна гэдэг бол үнэхээр харамсалтай. Манай яамнаас судалгаа хийж үзсэн. Улаанбаатар хотын хэмжээнд эрчим хүчинд холбогдоогүй болон найдвартай эх үүсвэргүй 11 мянга 700 гаруй өрх байна лээ. Энэ өрхүүдийг байнгын эрчим хүчинд холбохын тулд улсын төсвөөс 33 тэрбум төгрөг хэрэгтэй байгааг сангийн яаманд саналаа хүргүүлсэн ч 29 тэрбумыг л төсөвт суулгаж өгсөн. Үлдсэн төсвийг Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ компани гаргана. Ингэснээр 11 гаруй өрх байнгын эрчим хүчинд холбогдоно. Гэхдээ бүгд биш. Учир нь орон нутгаас шилжиж ирэх өрхийн тоо тогтмол биш байгаатай шууд холбоотой. Түүнчлэн энэ өрхүүд уул хад, жалга, гуу гээд эрчим хүч хүрэх боломжгүй газар буусан, эсвэл газрын маргаантай гэсэн шалтгаан байдаг. Ямартай ч бид асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа.

Засгийн газрын тогтоол гараад 21 аймаг, гурван суурин дахь гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний шөнийн хэрэглээг тэглэж байгаа. Энэ шийдвэр өнөө жил үргэлжлэх үү?

Өнгөрсөн өвлөөс эхлээд арваннэгдүгээр сарын 01-нээс хавар дөрөвдүгээр сарын 31 хүртэлх хугацаанд 21 аймаг, 10 мянгаас дээш хүн амтай гурван суурин, Улаанбаатар гээд нийт 25 засаг захиргааны нэгжийн эрчим хүчний шөнийн хэрэглээг тэглэсэн. Гэхдээ тодорхой заалттай. 750-1500 кВт хэмжээнд шөнийн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл төрөөс дааж байгаа.

Агаарын бохирдлыг бууруулах олон аргыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь сайжруулсан түлш. Гэхдээ түлшний үйлдвэр хотын төвд байдаг нь тэр хавийн айл өрхийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэх гомдол тасардаггүй. Та салбарын сайдын хувьд иргэдтэй уулзаж, үйлдвэртэй танилцсан. Ямар шийдвэр гаргав. Нүүлгэх тухай яриа байсан ч таг чиг болчихсон шүү дээ?

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас сайжруулсан түлшний хоёр үйлдвэрийг байгуулсан. Баруун үйлдвэрийн энэ цэгт өмнө нь түлш борлуулдаг байсныг та бүхэн мэднэ. Одоо ч иргэдийн амьдрал ахуйд тоос тоосжилт сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн гомдол ярьдаг. Өмнө нь нэг сая тонн задгай нүүрс буудаг байсан цэг. Одоо бол хуучнаасаа гурав дахин бага буюу 300 гаруй мянган тонн нүүрс бууж байгаа. Нэгдүгээрт иргэдийн эрүүл мэндийг бодох, хоёрдугаарт хотынхоо төвд хүнд үйлдвэр байх нь буруу гэж үзсэн учраас Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулаад нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Нүүлгэхдээ зүүн үйлдвэртэйгээ нэгтгэхээр болсон. Тогтоол нь гарсан. Одоогоор үйлдвэрийг үе шаттайгаар нүүлгэх зураг төсвийн ажил хийгдэж байна.

Баруун үйлдвэрийг Зүүн үйлдвэртэй хэзээ нэгтгэх вэ. Хэдий хэмжээний төсөв мөнгө шаардлагатай байна?

Зураг төсвийг нь хийж байна. Хэрхэн буулгах вэ, хэрхэн зөөх вэ, зүүн үйлдвэрт аваачаад хаана дахин угсрах вэ гэдэг тооцоо хийгдэж байгаа. Нэг төвөгтэй зүйл нь бидний тооцоолсоноос өндөр зардал гарч байна. Буулгах, тээвэрлэх, барих, угсрах зэрэг зардал нь нийлээд шинэ үйлдвэр барихтай дүйцэж байгаа. Ойролцоогоор 80 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог мэргэжлийн хүмүүс гаргасан.

Аймгууд Улаанбаатараас дутахааргүй утаатай болчихсон. Үүнийг шийдэхийн тулд орон нутагт ойр байх нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна гэсэн. Одоо өвөл боллоо. Энэ асуудал орон нутгийнханд ахиад л тулгарах нь дээ?

Аймаг, орон нутгийн агаарын бохирдол нэмэгдсэн нь үнэн. Энэ дагуу МАН-ын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орон нутагт сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна гэж тусгасан. Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн баруун таван аймгийг сайжруулсан түлшээр хангах үйлдвэр байгуулахаар болж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендер зарлагдсан. Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах үйлдвэр байгуулагдсан. Гэвч дорвитой хэрэгжихгүй байна. Учир нь уурхай бүрийн нүүрсэнд тохирсон шинэ технологи хэрэгтэй болчихлоо. Өнөөдрийн үйлдвэрийн технологи Баянтээгийн нүүрсэнд тохирдоггүй юм билээ.

Цаашдаа бид ГАЗ буюу шингэрүүлсэн хийг хэрэглээнд нэвтрүүлж, нүүрсийг бүрэн хална гэсэн. Энэ шийдлийг Эрчим хүчний яам ажил хэрэг болгох ёстой ч өнөөдрийг хүртэл ямар нэг туршилт судалгаа танилцуулсангүй. Ер нь хэзээ ажил хэрэг болох вэ?

Дэлхийн олон орон ГАЗ-аар ажилладаг эх үүсвэрээр дулааны хэрэглээгээ хангадаг. Бид бас энэ жишиг рүү явах ёстой. ГАЗ бол хатуу түлшнээс илүү байгальд ээлтэй. Манай улс хоёр шалтгаанаар хийн эх үүсвэрийг нэвтрүүлэх шаардлага байгаа. Нэгдүгээрт, одоо бидний хэрэглээний цахилгаан, дулааны эх үүсвэр дандаа хатуу түлшээр ажилладаг. Бид анхнаасаа төлөвлөлтөө хийхдээ хэт нэг талыг барьчихсан. Хэрэглэгчдээ очих төв шугам нь урт. Хоёрдугаарт, эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Төв шугамын аль нэг нь гэмтэх юм бол хот бүхэлдээ, эсвэл дийлэнх хэсэг нь доголдолд орох эрсдэлтэй. Тийм учраас өндөржилтийн зөрүү эхтэй цэгүүдэд хийн бага, дунд шатлалын эх үүсгэвэртэй байх ёстой. Энэ бол бэлэн бөгөөд хямдхан, ашиглахад амархан технологи. Ганцхан дутагдалтай зүйл нь манай улсад ҮНДЭСНИЙ ХИЙ байхгүй. Импортоор авч байгаа хий маань өндөр үнэтэй учраас эцсийн бүтээгдэхүүн маань хэрэглэгчдэд өндөр үнэтэй хүрчих гээд байгаа юм. Ийм учраас үндэсний хий гаргаж авах талаар гадна, дотны байгууллагуудтай хамтарч байгаа. Хоёрдугаарт, ОХУ-аас манай улсаар дамжиж БНХАУ-д хүрэх хийн хоолойн бүтээн байгуулалтын дундаас бид хий гарган авах боломж бүрдэхээр болж байна.

Нүүрснээс шингэрүүлсэн хий гаргаж авах боломж бий гэж нийслэлийн удирдлагууд үзэж байсан. Ийм боломж бий юу?

Дэлхийн дулаарлын эсрэг бүх улс орон идэвхтэй оролцож, сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр ашиглахаар зорьсон шилжилтийн үед ирчихсэн. Ус төрөгч бол эрчим хүчний ирээдүй гэж үзэж байна. ГАЗ-ийн дэд бүтцээ бид байгуулж чадвал алсдаа устөрөгч рүү шилжих боломжтой. Бид хүссэн ч, эс хүссэн ч ирээдүйд ногоон эрчим хүч рүү шилжинэ. Олон оронд Устөрөгч рүү шилжчихлээ. Хий 90 хувь, устөрөгч 10 хувь гээд. Яваандаа устөрөгчийн эзлэх хувь нэмэгдэх нь тодорхой. Заавал шилжинэ. Цаг хугацааны л асуудал болчихсон.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.