Тэтгэврийн зээлгүй байсан 210 мянган иргэнд нэг сая төгрөг олгох ажил ирэх 5-р сарын 21-нээс хэрэгжинэ
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Тэтгэврийн зээлгүй байсан 210 мянган иргэнд нэг сая төгрөг олгох ажил ирэх 5-р сарын 21-нээс хэрэгжинэ.

Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг өнөөдөр сонсов.

2019 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, 2043, 2047 он хүртэл тус ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд авсан. Түүнээс яг нэг жилийн дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ-аас Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ.

Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ирээдүйд олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан, үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.

Энэ арга хэмжээнд 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна.

Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210 мянган иргэнд тус бүр нэг сая хүртэлх төгрөгийн эрхийн бичиг олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэлсэн.

Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас таван жилийн хугацаатай, 725 орчим тэрбум төгрөгийн бондыг Монгол банканд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг саад учрахгүй юм.

Ийнхүү амжилттай хэрэгжиж Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хэрэгжилтийг 2021 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.